БНХАУ хүүгийн ханшаа чөлөөлөв

БНХАУ-ын арилжааны бүх банкинд зээлийн ханшаа өөрсдөө тогтоох боломжийг олгожээ. Урьд нь Хятадын ардын банкнаас тогтоосон тодорхой ханшаас доогуур хэмжээний зээл олгохыг зөвшөөрдөггүй байжээ. Энэхүү дорвитой алхам нь тус улсын хувийн хэвшлийг дэмжиж, тэдгээрийн зардлыг бууруулна гэдэгт найдаж буйгаа тус банкны холбогдох хүмүүс илэрхийлсэн байна.

Энэ нь тус улсыг зах зээлийн эдийн засагтай болгох гэж зорьж буй Засгийн газрын төлөвлөгөөний чухал хэсэг болохыг шинжээчид онцолж байна. “BBC” мэдээллийн агентлагийн тус улсад суугаа сурвалжлагч Селиа Хаттон “Си Жинпинь БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр өнгөрсөн гуравдугаар сард томилогдсоноосоо хойш тэрбээр улс орныхоо эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой болгох үүднээс реформ хийхээ амлаад байсан юм. Түүнээс хойш анх удаа хийсэн томоохон өөрчлөлт бол банкны хүүгийн ханшийг чөлөөлсөн талаарх мэдэгдэл байлаа” гэжээ.

Мөн тус улсын бодлогод гарсан чухал хөгжил, дэвшил болсныг шинжээчид хэлж байна. “Capital Economics”-ийн Азийг хариуцсан ахлах эдийн засагч Марк Уйлямс “Энэ бол маш том шийдвэр бөгөөд эдийн засагт үзүүлэх нөлөөллөөс илүү зүйлийг бэлгэдсэн шинж чанартай байж магадгүй. Хятад улс хүүгийн ханшаа чөлөөлөх эсэх талаар удаан хугацаанд ярьсаар ирсэн. Хүүгийн ханшийг чөлөөлсөн нь тус улсын Засгийн газрын хувьд авч болох хамгийн том арга хэмжээнүүдийн нэг яахын аргагүй мөн” гэж хэлжээ.

Дээрх өөрчлөлтийг хийхээс өмнө тус улсын банкууд албан ёсоор тогтоосноос доогуур ханшаар зээл олгох тодорхой хэмжээний эрх чөлөөг эдэлж байсан боловч маш цөөхөн банк энэ боломжоо ашигладаг байв.

Энэхүү банкны салбарын реформ нь тус улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхгүй байлаа ч дэлхийн валютын зах зээл дээр чөлөөтэй хөрвөх боломжийг бүрдүүлсэн чухал алхам болсныг шинжээчид хэлж байна. Тухайлбал, АНУ-ын хувьд банкны салбартаа реформ хийхийг БНХАУ-д уриалсаар ирсэн бөгөөд Хятад улс юанийн ханшаа хиймлээр доогуур түвшинд барьсаар ирсэн нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудад давуу талыг шударга бусаар олгож байсан гэж үздэг байжээ.

Гэхдээ Хятадын банкууд өөрсдийн хадгаламж эзэмшигчиддээ санал болгох хүүгийн ханшийнх нь дээд хэмжээг гурван хувиар тогтоож өгсөн бөгөөд шаардлагатай тохиолдолд багахан хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой аж. Хөрөнгө оруулалтаас хүртэх ашиг харьцангуй тааруухан байдаг нь хадгаламж эзэмшигчдийг “сүүдрийн банкны систем” дэх зохицуулалтгүй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж, түлхэц болж өгсөн байна.

Харин моргейжийн зээлд тавих хяналт урьдын хэвээр мөрдөгдөж байгаа нь “орон сууцны зах зээлийн эрүүл хөгжил”-ийн тусын тулд хэмээн Хятадын ардын банкнаас мэдэгдсэн байна.