БНХАУ-ын гаднын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэв

БНХАУ-ын гаднын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний арван сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.77 хувиар нэмэгджээ. Энэ талаар тус улсын Засгийн газраас мэдээлэв. Үүний дүнд гаднын хөрөнгө оруулалт 97 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Харин өнгөрсөн сарын үзүүлэлт жилийн өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 8.4 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шен Данянг “Реформ хийх асуудлыг хэлэлцсэний дүнд гаднын хөрөнгө оруулалтын бодлого цаашид улам тогтвортой, ил тод байх болно” гэснийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Бээжингээс өнгөрсөн долоо хоногт тун гайхалтай мэдэгдэл хийсэн байна. Үүнд ганц хүүхэдтэй байх бодлогыг цаашид зөөлрүүлэх, мөн санхүүгийн салбарыг улам нээлттэй болгох зэрэг багтаж буй.

Тус улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтын 83.6 хувийг Хонконг, Тайвань, Япон, Тайланд, Сингапур зэрэг Азийн 10 орон бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 7.18 хувиар өссөн үзүүлэлт аж.

Энэ оны эхний арван сарын хугацаанд Европын холбооноос хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 22.3 хувиар өсч, 6.4 тэрбум ам.долларт, АНУ-ын хөрөнгө оруулалт 12.4 хувиар өсч, гурван тэрбум ам.долларт тус тус хүрчээ.

Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/business