БНХАУ-ын нүүрсний бодлого юунд хүргэв

БНХАУ хойд бүс нутгийн оршин суугчдаа дулаанаар хангах зорилгоор 1950-иас 1980 оны хооронд нүүрсийг үнэгүй түгээх бодлого баримталж байв. Үүний уршгаар тэнд амьдарч буй оршин суугчдын амьдрах хугацаа таван жил хагасаар богиноссон болохыг БНХАУ, АНУ болон Израйлын судлаачдын хамтарсан судалгаа харуулсан байна.

Хятад улс хамгийн том Хуай мөрнөөр өмнөд болон хойд хэсэг гэж ерөнхийдөө хуваагддаг аж. Голын хойд хэсгийн хагас тэрбум орчим хүн амтай бүс нутагт нүүрсний эрчимтэй хэрэглээнээс үүдсэн агаарын бохирдол үүсэх болжээ. Бохирдлын хэмжээ өмнөд хэсэгтэй харьцуулахад 55 хувиар өндөр байна. Үүнтэй холбоотойгоор хойд бүс нутагт зүрх болон уушигны өвчлөлийн түвшин улам нэмэгдэх болжээ.

Судлаачид 1981-ээс 2000 он хүртэлх хугацаанд БНХАУ-ын хойд болон өмнөд бүс нутгийн 90 гаруй хотод агаарын бохирдол болон нас баралтын талаарх судалгаа явуулжээ. Ялангуяа утаа, хөө тортогт агуулагдаж буй нийт жинлэгдэгч хорт бодисууд улам нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоожээ.

Үндэсний шинжлэх ухааны академиас гаргасан баримт бичигт хэвлэгдсэн уг судалгаанд “БНХАУ-ын хойд бүс нутгийн хүн амын дундаж наслалт өмнөд бүс нутгийнхтай харьцуулахад 5.5 жилээр богиноссон нь зүрхний болон амьсгалын замын өвчнөөр нас барах тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой. Хэдийгээр Хуай голын нүүрсний бодлого нь айл өрхийг дулаанаар хангах сайн талтай ч нөгөөс талаас хүн амын эрүүл мэндэд гамшгийн үр дагаврыг авчирсан” гэж бичжээ.

Энэхүү судалгааны үр дүн нь шинээр хөгжиж буй Бразил, Энэтхэг зэрэг бусад оронд эдийн засгийн өсөлт болоод нийгмийн эрүүл мэндийн хамгааллаа зөв зохистой хослуулах сайн шийдлийг олоход нь тустай гэдгийг судлаачид учирлаж байна.