БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрав

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар шинжээчдийн хүлээж байсан шиг сайн өсөлттэй байж чадсангүй. Энэ оны нэгээс гуравдугаар сард жилийн дундаж өсөлтийн түвшин 7.7 хувьтай байсан бөгөөд шинжээчид найман хувийн өсөлттэй байх болов уу гэж таамаглаж байсан аж.

Тус улс сүүлийн 13 жилд хамгийн таарууханд тооцогдох 2012 оны эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа ч нөгөөтэйгүүр эдийн засагт хэт халалт бий болох вий гэхээс болгоомжилж буй хэрэг.

Өнгөрсөн сард үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар нэмэгдсэн бол шинжээчид 10 хувь байна гэж төсөөлж байжээ.

Тус улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болох үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт энэ оны эхний гурван сард 20.9 хувийн жилийн дундаж өсөлттэй байв. Шинжээчид 21 хувьд хүрнэ хэмээн хүлээж байсан нь бараг л биелэлээ олжээ.

“Societe Generale Group” компанийн Хонконг дахь салбарын эдийн засагч Вэй Яао “БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд өсөлтийн хурд зугуухан байгаа. Дээрх тоо, баримт бол эдийн засгийн сэргэлт удаашралтай байгааг харуулж буй хэрэг” гэж хэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ эдийн засгийн хүчтэй өсөлтөө хадгалахын тулд экспорт болон хөрөнгө оруулалтын зардлаас ихээхэн хамааралтай байсаар ирсэн билээ.

Гэвч гол зах зээл болох АНУ, Европт эдийн засгийн өсөлт төдийлэн сайнгүй байсан нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурах шалтгаан болсон бөгөөд эдийн засгаа дахин тогтворжуулах шаардлагатай болсон юм.

Тиймээс ч экспортоос салшгүй хамааралтай байдлаа багасгаж, дотоодын хэрэгцээ рүүгээ голчлон анхаарч, тогтвортой өсөлтөд хүрэхийг зорьж буйгаа Бээжингийн холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт буурсан нь дээрх зорилтуудад хүрэхэд харин ч дөхөм болсон ажээ.