БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 7.5 хувь байна

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 7.5 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад буураагүй байна. Учир нь, тус улс зугуухан хурдаар эдийн засгаа өргөжүүлж, нийгмийн тогтвортой байдлаа хадгалахаар зорьж буй хэрэг.

Мөн үнийг хяналтдаа байлгах зорилгоор 3.5 хувийн бага инфляци тогтоосон байна. Энэхүү төсөөллийн гол санааг Ерөнхий сайд Вэн Жиабао сүүлд зохиогдсон жилийн ээлжит хуралдааны үеэр хэлсэн байна.

Дэлхийд хоёрт тооцогдох агуу том эдийн засаг бүхий Хятад гүрэн дотооддоо нэг хэсэг удаашралтай байснаа саяхнаас голчлох зах зээлүүд өргөжин тэлэх дүр зургийг олж хараад байна.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал энэ үеэр тохиож байгаа бөгөөд уг хурлаар төрийн шинэ тэргүүн, ерөнхий сайдаа албан ёсоор томилох гэж байна.

Хятад улс эдийн засгийн хөгжлийн ширүүхэн он жилүүдийг ардаа орхисны дараа эдийн засгийн өсөлт нь харьцангуй удаашралтай байгааг олж харах болсон. 2012 онд эдийн засаг 7.8 хувь өсөлттэй байсан нь сүүлийн 13 жилд хамгийн доогуур үзүүлэлтэд тооцогдох ажээ.

Энэ нь зөвхөн дотоод зах зээлд төдийгүй Хятадтай хамааралтай зарим улс гүрний хувьд санаа зовоосон асуудал болоод байна. Үүнийг шинжээчдийн зүгээс эдийн засгийн хурдацтай өсөлт нь олон ажлын байр бий болгох шаардлагатай болдогтой холбон тайлбарлаж байна.

Гэхдээ Хятад улс зөвхөн АНУ, Европ гэх мэт томоохон зах зээлүүд рүү бараа, бүтээгдэхүүн экспортлохоос гадна хариуд нь бараа, бүтээгдэхүүн худалдан авах зэргээр харилцан хамааралтай байдаг. Эдгээр эдийн засгийн үлбэгэр байдал нь хэрэгцээ огцом багасахад хүргэжээ.

Ерөнхий сайд Вэн Жиабао “Энэ жил эдийн засгийн өсөлтөө 7.5 хувийн түвшинд барих зорилтыг тавих шаардлагатай бөгөөд энэ нь ч зүй юм. Энэ зорилтод хүрэхийн тулд бид маш шургуу хөдөлмөрлөх шаардлагатай” гэжээ.

Хятад улс Бээжингээс тогтоож өгсөн тухайн жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтоо тогтмол давуулан биелүүлсээр ирсэн байна. Гэвч шинжээчид энэ өсөлт цаашид удаашрах хандлагатай гэлцэж байна. Энэ талаар Хонконгийн “Кредит Агрикоүл СиАйБи” байгууллагын төлөөлөгч Дариуз Ковалчик “Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улирлаас саарах боловч энэ нь сэргэлтийг сүйтгэх ноцтой хэмжээнд очихгүй. Өнөөдрийн зарласан 7.5 хувь өсгөх төлөвлөгөө ямар ч аюулгүй” хэмээсэн байна.

Ерөнхий сайд Вэн Жиабао дотоодын зардлыг нэмэгдүүлснээр Хятадын эдийн засгийг “Экспортоос илүү бага хамааралтай эдийн засаг” руу шилжүүлэх талаар дурдаж байв. Тэрээр “Манай улс олон жилийн туршид хүрэхээр тэмүүлж буй эдийн засгийн хуучинсаг загвараа эрчимтэйгээр өөрчлөх нь зүйтэй” гэв.