Бодлогоо чангатгахгүй бол төсөв чирэгдэнэ

Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 16.7 хувиар өссөн таатай мэдээг Дэлхийн банкнаас мэдээлсэн. Гэвч дөрөвдүгээр сард энэ тоо 16 хувь руу буусан нь амжилтаа баллуурдсан хэрэг болж байгааг шинжээчид хэлж буй. Муу дүн авсан шалтгаан нь Засгийн газраас бэлэн мөнгө тарааж байгаа болон дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, БНХАУ-ын экспорт багасч буй зэрэг нь нөлөөлсөн гэжээ. Иймээс Монголын бодлого боловсруулагчид мөнгөний болон төсвийн чанга бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг Дэлхийн банкны эдийн засаг судлаачид сануулсан байна.

Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс "Засгийн газрын зардлын өсөлт орлогоосоо давж, төсвийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар төсвийн алдагдал ДНБ-ий 4.7 хувьтай тэнцлээ. Мөн иргэдэд амласан бүх бэлэн мөнгийг тараавал төсвийн алдагдал ДНБ-ий 13 хувьд хүрч өснө. Дөрөвдүгээр сард Монгол Улсын экспортын хэмжээ өсөөгүй, ажилгүйдлийн төвшин буурч байгаа зэрэг сайн үзүүлэлт байгаа ч инфляцийн төвшин өндөр байгаа нь эдийн засагт хэт халалт үүсэх магадлалтайг харуулж байна" гэжээ.

Эдийн засгийн өвчлөлийг тандаж суудаг судлаачид ийн хэлсээр байтал сонгуулийн амлалт нэрийн дорх бэлэн мөнгө тараалт үргэлжилсээр байна. Энэ нь Монголын эдийн засаг тэр дундаа өрхийн төсөвт ихээхэн хүндрэл учруулж болзошгүй эгзэгтэй байдлыг дагуулаад байгаа бөгөөд ирэх ес, аравдугаар сараас хүндрэл эхлэхийг үгүйсгэхгүй гэсэн байна.