Бодлогын баримт бичгийг баталсангүй

Манай улс төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг анх удаа батлах гэж байгаа. Уул уурхайн яамнаас боловсруулж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж буй уг бодлогын баримт бичиг он дамжин хэлэлцэгдэж буй. Байнгын хороодоор эцсийн хэлэлцүүлэг хийж, чуулганаар батлахын даваан дээр дахиад л гацчихав. УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Завсарлага ажлын тав хоног үргэлжлэх юм.

Хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх хуулийн төсөл дээр завсарлага авсан юм. Завсарлага авсан үндэслэлээ тус бүлэг “Уг хуулийн төсөлд уул уурхайн ашигт малтмалын ордын анхны үнэлэмжийг тогтоох тухай заалт тусгагдаагүй байна. Түүнчлэн тухайн ордын нөөцөөс хамаараад дагалдсан дэд бүтцийг заавал тусгах ёстой” гэж үзсэн билээ. Эл асуудлаар энэ долоо хоногт УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, Ардчилсан намын бүлгүүд зөвшилцөж, төсөлд зарим өөрчлөлт оруулсан ч санасан хэмжээнд хүрээгүй гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Тиймээс тэд үргэлжлүүлэн ийн завсарлага авч байгаа аж.