Бодлогын хүүг нэг хувиар буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурлаараа бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11.5 хувь болгох шийдвэр гаргалаа. Гурав дахь удаагаа хуралдаж буй мөнгөний бодлогын зөвлөл зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит салбар, бизнесийн идэвхжилийг дэмжих зорилгоор бодлогын хүүг нэг хувиар бууруулжээ.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд “Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, улмаар эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад энэ оны зорилтот түвшинтэй нийцтэй байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна” хэмээн онцолжээ.

Гэхдээ нэгээс илүү хувиар буулгах боломжтой байсан ч энэ удаад тэгсэнгүй. Үүнийг албаныхан гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байгаатай холбон тайлбарлаж байна.