Бодлогын хүүг хэвээр үлдээлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээв. Мөн олон улсын зах зээлээс гурав болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөхөөр боллоо. Ингэснээр арилжааны банкуудад илүү таатай боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ нь валютын урсгалд эерэг нөлөө үзүүлж, ханшийг дунд хугацаанд тогтворжуулахад үр дүнгээ өгнө хэмээн найдаж буй.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсанаар өнгөрсөн хугацаанд эдийн засгийн гадаад орчин сайнгүй, төлбөрийн тэнцлийн дарамт өндөр байсан. Мөн төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийн өсөлт дарамт авчирсныг эс тооцвол инфляци зорилтот түвшний “зурхай”-гаас нэг их холдоогүй гэжээ. Энэ нь инфляцийг нэг оронтой тоонд тогтоон барих боломжтойг харуулж байна.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд “Эдийн засгийн тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих Монголбанк, Засгийн газрын хамтарсан дунд хугацааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхдээ уг хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширч байгаа нь эдийн засгийн дархлааг сулруулж, макро бодлогын үндсэн сорилт болж байгаа"-г тэмдэглэжээ.