Бондын зарцуулалтын гараа

Олон улсын зах зээлээс амжилттай босгосон Шинэчлэлийн Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын зарцуулалттай холбоотой олон асуудал ундарч, дуулиан үүсгэж байна. Монгол Улсын нэрээр баталгаажсан энэ их мөнгөний зарцуулалтад төр, засаг анхнаасаа хянуур хандаж, тооцоотой үзэхгүй бол үр хойчдоо хөгжил биш, харин их өр үлдээх том эрсдэл дагаж буй.

Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н БНХАУ-ын “Чалко” компанитай хийсэн гэрээг цуцалж, зээл болоод зээлийн өрийг нь бондын мөнгөнөөс дарна, МИАТ-т дөрвөн онгоц мөн энэ мөнгөнөөс авч өгөх тухай яриа албаны хүмүүсийн амнаас гарч байгаа нь монгол хүн бүрт хамаатай бондын зарцуулалтад сулхан хандах юм биш байгаа гэсэн болгоомжлолыг нийгэмд төрүүлэхээр байна. Тиймээс энэ талаар эдийн засагч нарт хандлаа. Бондын талаар тэдний юу гэснийг сонирхоорой.
Б.Түвшинтөгс / “Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн захирал/:

Тавантолгойн өрийг дарах нь дэд бүтцийг хөгжүүлэх үү
Монгол Улс дэд бүтцийн салбараа дэмжих зорилгоор бонд гаргасан шүү дээ. Тэгвэл Тавантолгойн өрийг дарах нь тус салбарыг хөгжүүлэх үү. Дэд бүтцэд багтах төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг салбарт хөрөнгө оруулна гэсэн үг. Ер нь Монгол Улсын хувьд хэлсэн үг, гэрээнд заасан зүйлээсээ буцаж болохгүй. Ингэх нь Монголын олон улс дахь нэр хүндийг унагаж болзошгүй. Манай улсын эдийн засаг өсөж байна. Цаашдаа ч өснө. Тиймээс бондын мөнгөөр хэлсэн ярьснаараа дэд бүтцийн салбараа дэмжихэд анхаарах хэрэгтэй.
Б.Эрдэнэбат /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш/:

Оюуны их үйлсэд хөрөнгө оруулах хэрэгтэй

Бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийх учиртай. Манай улстай төстэй эдийн засаг бүхий Катарын жишээг аваад үзье. Катар онгоц худалдаж авсан уу авсан. Гэхдээ Катарын агаарын тээврийн салбар тансаг зэрэглэлээрээ улсдаа төдийгүй дэлхийд гайхагдаж, улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэх хэмжээнд өрөгжсөн байдаг. Гэтэл манай улс мөнгө олдсон дээр “МИАТ”-ийг онгоцтой болгох талаар ярьж байна. “МИАТ”-т дөрвөн онгоц авлаа гээд эдийн засгийг төрөлжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт болж чадах уу гэдэг эргэлзээтэй. Тус компанид онгоц авах, Тавантолгойн өрийг барагдуулах нь эдийн засгийн хөдөлгүүр болж, хөгжлийн оч бадрааж чадахгүй. Тиймээс багахан хэмжээний хөрөнгө оруулахад л урагшаа ахих тэр салбарыг бондын мөнгөөр санхүүжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, Боловсролын салбар. Дэлхийн хэмжээний боловсролыг олгож чадах багш нарыг эх орондоо авчрах. Гаднын оронд ажиллаж байгаа багш нараа татах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж болох юм.

Ө.Ганзориг /”Мандал даатгал” компанийн ерөнхийлөгч /:

Хөрөнгө оруулалтыг хөрөнгөжүүлэх нь зөв алхам болно
Бондын мөнгөөр урт хугацааны хөгжлийг дэмжих ёстой. Эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засгийг төрөлжүүлэх салбарт бондын мөнгөөр хямд хүүтэй санхүүжилт олгоно гэдгээ хэлсэн. Энэ бол зөв. Гэхдээ манай улс хөгжлийг ганцхан зээлээр бий болгох гээд байна. Тэгвэл өөр ямар арга зам байна вэ. Тухайлбал, бондын мөнгөний тодорхой хэсгээр Улсын хөрөнгө оруулалтын сан байгуулж болно. Энэ сан бий болсноор стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулах учиртай. Ингэж чадвал зээлээр бус хөрөнгө оруулах замаар урт хугацааны хөгжлийг дэмжих эхний алхам бүрдэнэ. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий салбарт гаднын хөрөнгө оруулалт татах боломж бидний өмнө нээгдэх юм.
Дэлхийн банкнаас гаргасан 2013 оны Монгол Улсын Төсвийн талаарх тайланд шигтгэсэн бондын зөвлөмж:
Зөв зарцуулалт эрсдэлээс аварна
Санхүүжилтийн төлөвлөгөө нь саяхан гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондыг бүрэн тусгах хэрэгтэй бөгөөд гадаад санхүүжилтийн шинэ үүсвэрүүдийг төсвийн шугамны доод талд бүртгэх ёстой. Энэ нь Засгийн газрын санхүүгийн үйл ажиллагаа юм. Дэлхийн санхүүгийн зах зээлд Монголын эдийн засгийг сонирхох байдал нэмэгдэж байгаа ч шинээр гарах Засгийн газрын бондын орлогыг зөв төлөвлөлтгүйгээр ашиглах томоохон төсвийн эрсдлийг үүсгэх талтай. Саяхны гаргасан бонд нь төсвөөс гадуурхи санхүүгийн суваг болж болохгүй бөгөөд түүнээс орох орлого, түүнийг хэрхэн хэрэглэхийг төсөвт зөвөөр тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байна. Түүнчлэн Засгийн газар бондын орлогоор санхүүжигдэх төсөлүүдийг сонгож, баталгаажуулахдаа гадаад зээлжилтийн санхүүгийн өртөг, өөрийн орны эдийн засгийн чадавхи, хязгаарыг тооцож авч үзэхэд хангалттай цаг хугацаа, хүч гаргах хэрэгтэй.