Боолчлогдох уу, босс нь болох уу?

Чингис бонд...
“Сэргэн мандалт группын” ерөнхийлөгч Б.Төмөрчулуу:

Мөсөн дээр явсан хүн толгойгоо

Мөнгөн дээр суусан хүн амиа
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр:

Нүгэл буян хоёрын хооронд нүд ирмэхийн зайтай

Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай

Унтаа уламжлалт хэв маягаас хазайсан утга уянга, уран цэцэн үг бүхий хатгаж, ятгаж, егөөдсөн, гарц хайсан өнгө аястай албаны атлаа ассан хурлын гол баатар нь чимээгүй нүргэлсэн Чингис бонд байв. Аядуухан эхэлж, ширүүхэн дууссан Н.Батбаяр гишүүний бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт Чингис нэрт 1.5 тэрбум ам.долларын бялуунаас идэлцэх аавын хүүгийн аятайхан төслүүдийг хүслээ, хүлээлээ.

Халамж, төсвийн алдагдалд нэг ч төгрөг зарцуулах эрхгүй таван тэрбум ам.долларын бондыг эдийн засгийн үр ашиг бүхий төслүүдэд зарцуулах ёстой. Энэ бол УИХ-ын тогтоол. Дэлхийн гурван тив, зургаан улсыг хойд урд талаас нь хумин дайлсан бонд Хонконг, Сингапур, Англи, Япон, Герман Америк зэрэг улсаар аялан тоглолт хийсний үндсэн дээр нийт 15.000 тэрбум ам.доллартай тэнцэх захиалга авсан. Бондын мөнгө орж ирснээр манай улсын валютын нөөц 4.2 тэрбум ам.доллар болж байгаа. Гэвч энэ бол манай улсаас гараад явах мөнгө. Харин зээлийн үр шимийг дотооддоо шингээж авч чадах уу, үгүй юу гэдэг нь шийдвэр гаргагчид, баялаг бүтээгчдийн бодлого үйлдлээс шаллтгаална.
Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Н.Батбаяр “Морин дэлэн дээрээс дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэдэг шиг мөнгө олох амархан. Асуудал нь хүн байна. Хүн л баялаг бүтээнэ Тиймээс хэн юу чаддагаа харуулж, хамтдаа бүтээцгээе” хэмээн бизнесс эрхлэгчдэд уриалсан.
Тус бондын зарцуулалтад уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, үйлдвэр хөдөө аж ахуй, барилга зам тээвэр гэсэн таван салбарын яамд голлож оролцох аж. Бонд босгохоос дээрх салбарын сайд нартай уулзаж, боломжит төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан агаад одоо харин шигшиж шүүх эцсийн шат явж байгаа хэмээн холбогдох албаныхан мэдээлж байгаа. “Мода” Монголоор дуусдаг хөг өнгөрсөнийг шинэ Засгийн газар харуулна гэдгээ хаа явсан газраа хэлж байгаа. Харин одоо бол хэлж дууссан, хийх үлдсэн. Хардаж, сэрдэж өө сэв хайхын оронд далайд дусал гэдгээр хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг ч бас ортой л үг.
Их юм шиг атлаа бага энэ мөнгийг дээрх таван салбарт хуваан авч үзвэл нэгэнд нь 300 сая ам.доллар ногдож байна. Дээрх мөнгө эдийн засгийн ид шидээ үзүүлж эхлэхэд дараагийн бондыг гаргах эсэх нь шийдэгдэнэ. Тэгэхээр 1.5 тэрбум ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн зарцуулалтаас их зүйл шалтгаалах нь.
Хэн хэндээ “гай” болохгүй ч...
Хөгжлийн банкаар дамжуулан бизнес эрхлэгчдэд бондын санхүүжилтийг олгох ч тухайн төслийн үнийн дүнгийн гуравны нэгээс хэтрүүлэлгүй мөнгөн дэмжлэг өгөх аж. Төр хувийн хэвшлийн төслүүдийн гуравны нэгийг санхүүжүүлэх нь эдийн засаг, хууль эрх зүйн хүрээнд баталгаа болж өгөх учир үлдсэн хөрөнгийг өөрсдөө босгоход саад учрахгүй гэж харж байгаа гэнэ. Дээрх тогтоосон хэмжээнээс дээш санхүүжилт хэрэгтэй тохиолдолд бусад санхүүгийн хэрэгслээр дамжуулан хөрөнгө босгох аргыг хайх боломжтой гэнэ.
Засгийн газрын эдийн засгийн асуудал хариуцсан сайдууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын Байнгын хороодын удирдлага, шинжээчид тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд багтсан Бодлогын зөвлөл байгуулж, асуудлаа хэлэлцэхээр болж байгаа. Төр төсөлд оролцох ч уг төслийн менежментэд оролцохгүй гэж амлаж байгаа. Хэн хэндээ “гай” болохгүй ч харилцан хамааралтай ажиллая л гэнэ билээ.
Хурлын хэсгээс нэг хэсгийг толилуулбал “Сэргэн мандалт группын” ерөнхийлөгч Б.Төмөрчулуу “Мөнгө олоод ирсэн нь сайн ч улс төрийн зөв шийдвэр биш. Урт хугацаатай өндөр хүүтэй. Урвадаг уул уурхайн мөнгийг шүтэлгүй, үндэсний үйлдвэрлэлийн салбарт итгэж, зээлийн эрсдэлээ үүрүүлж чадвал болох л асуудал. Гэвч болно, бүтнэ гээд байгаа ч юм гэдэг нарийн шүү. Хэдэн жилийн дараа Батбаяр зээлийн барьцаанд улсаа өгчихсөн хүн болж хувираад, шүүх дээр очих вий хэмээн хэлж байлаа. Тэрбээр мөн “Мөсөн дээр явсан хүн толгойгоо, Мөнгөн дээр суусан хүн амиа” гэдэг юм шүү гэж сануулсан билээ.

Үүний хариуд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр “Нүгэл, буян хоёрын хооронд нүд ирмэхийн зайтай. Үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай" гэдэг. Бид долоо хэмжиж нэг огтлох ёстой. Үгүй аваас Бушуу туулай борвиндоо баастай гэдэг болох вий” гэж хариулсан билээ.

Монголд томоосоо илүү дунд хэмжээний төслүүд хэрэгтэй байгааг түүнчлэн тэдэнд зориулсан уян хатан бодлого, санхүүжилт хэрэгтэй байгааг хуралд оролцогчдын дийлэнх нь хэлж байсан. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зүгээс банкны хүү өндөр, бизнесийн орчин давчуу байгаад ихээхэн бухимдалтай байгааг тус хурал харууллаа. Томоохон бизнес эрхлэгчид энэ удаад дуугаа хорьж, жижиг үйлдвэрлэгчид асуудлаа хэлнэ гэж зандрах хүн ч байв.
Санхүүжилт шийдэгдвэл сарын дараа гэхэд л...
Энэ удаагийн уулзалтаар бизнес эрхлэгчдээс тодорхой төслүүдийн санал авахыг хүссэн. Тэдгээр төслийг Засгийн газар авч хэлэлцэж жагсаалтанд оруулснаар Хөгжлийн банк мөнгийг нь олгоно. Төслийн санал цөөнгүй байсан ч улс төржсөн шүүмжлэл тус хурлын зорилгыг хазайлгаж байсан гэхэд хилсдэхгүй.
Гэсэн ч холбогдох албан тушаалтнууд төслөө, санал шүүмжлэлээ амаар бус цаасан дээр буулгаад аваад ир, хүлээж авахад бэлэн гэдгээ хэлж байсан.
Тус хурал дээр дурьдагдсан тодорхой төслүүдийн заримаас дурдвал:
Төмөр замын газрын дэд дарга асан Л. Пүрэвбаатар: Улаанбаатар хотын Сонсголон орчимд цахилгаан хөдөлгүүрийн засвар үйлдвэрлэлийн байгууламжыг барьж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө Тошиба компанитай хэлэлцээр хийгээд ирлээ. Дэлхийн зах зээлд нийлүүлэх өргөн боломж байна. Цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэр барьснаар өдөр тутмын хэвлэгчинд хэрэглэдэг цаас зүсэгчээс эхлүүлэн томоохон үйлвэрлэлийн цахилгаан хөдөлгүүртэй тоног төхөөрөмж хүртэлх хөдөлгүүрийг үйлдвэрлэх боломжтой. Санхүүжилт дутаж байгаа.
“Нейшнл Химикал” компанийн захирал Д.Энхбаатар: Бид өөрсдийн хөрөнгө буюу 12 сая ам.доллараар малын хужир шүүнэээс хүхэрт натри гаргаж авах, боловсруулах үйлдвэр барьчихсан байгаа. Арьс, ширний үйлдвэрлэл болон зэсийн баяжмал гаргаж авахад өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн байгаа. Үйлдвэрлэл явуулахад өнөө маргаашгүй бэлэн сууж байна. Манай бүтээгдэхүүний хувьд импортыг орлож, экспортыг дэмжинэ. Жилд 11 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай бөгөөд гурван жилийн дотор зардлаа нөхнө. Гэвч бидэнд одоо хөнгөлөлттэй зээл, доогуур хүү хэрэгтэй байна. Гэсэн ч Жижиг дунд, үйлдвэрлэлийн газарт хандан зээл хүсэхээр үйлдвэр чинь том байна гэдэг. Хөгжлийн банканд хандахаар үйлвэрийн чинь хэмжээ жижиг байна гэдэг. Энэ асуудлыг шийдэж өгвөл сарын дараа бүтээгдэхүүнээ гаргахад боломжтой.
“Чингис Холдинг” компанийн захирал Ч.Лхагвадорж: “Хархорин” болон “Номин констракшн” хоёр нийлээд амины орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа. Өвлийн хүйтэнд бага зардлаар хэрхэн орон сууц барьж болдогийг харуулна. Бидний хувьд ажлаа эхэлчихсэн загвараа хийж байгаа. Өөрийн эзэмшлийн Найрамдал дахь 30 га газарт загварын байшин барина. Тухайлбал, Утаан дунд амьдарч байгаа Баянхошууны айлуудыг Найрамдал руу Хятадын шилжүүлэн суулгах аргаар нүүлгэж болно. Ингээд энэ хугацаанд хуучин амьдарч байсан орчинд нь нэг загварын амины орон сууцыг богино хугацаанд хямд үнээр барьж өгье гэж байгаа.
“Их Харанга” компани Я. Энхтайван: Монгол металлыг захирах ёстой. Түүний тулд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. Гэвч үүнийг Монголын ямар ч том компани байгуулж хүчрэхгүй. Харин улс нь паркын байшинг барьчихвал үйлдвэрлэгчид дотор нь цуглаад ажиллачихна цаашлаад аваад явчихна. Өнөөдөр нэг буудал, жижиг үйлдвэр гээд аргаа бараад байна бизнес эрхлэгчид.
Харгиа ус цэвэрлэх байгууламжид холбогдоогүй арьс хоёр ширний үйлдвэр байдаг. Тэд нийлж 1.5 тэрбум төгрөгийн өртөгөөр цэвэрлэх байгууламж бариад ашиглалтад оруулсан байна. Харин одоо хатуу хог, хаягдлаа боловсруулах байгууламж барихаар зорьж байгаа аж. Арьс ширний 30 гаруй үйлдвэрийн ердөө 20 гаруй хувь нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үе шаттайгаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж буй тэдний хувьд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг сайдад уламжилж байлаа.
Татварын 70-80 хувийг бүрдүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг Нийгмийн даатгалын сангаар банкуудын хөрөнгийг зузаатгасны дараа бодитойгоор дэмжинэ гэвэл бухын доодохыг харж үнэг турж үхэхтэй адил хэрэг болох нь гэж зовних хүн олон. Тиймээс Чингис бондын 20-30 хувийг 5-10 сая ам.доллартай тэнцэх жижиг, дунд төслүүдэд зориулах хэрэгтэй гэдэг санал оролцогчдоос гарч байсан юм.
Засгийн газрын тавьсан 50 сая ам.долларын босгот хүрчихээр аж ахуй нэгж цөөхөн учир хүртээмжийг нь бодвол уян хатан бодлого баримтлах нь зүйтэй.
Том төсөл гэдэг том худалдан авалт, том эргэлт. Тиймээс эхнээс нь үндэсний үйлдвэрлэл рүү чиглүүлж өгөхгүй бол Хятадын үйлдвэрлэл санхүүг дэмжсэн бас нэг арга хэрэгсэл болчих вий гэдэгт олон хүн санаа зовниж буй. Ингэхээр дотоодын өсөлтийг хангасан олонд хүртээмжтэй эдийн засагт шингэж үлдсэн төслүүдийг дэмжих нь чухал юм.