Бостоны дэлбэрэлт Азид ямар нөлөө үзүүлсэн бэ

АНУ-ын Бостонд марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт болж, гурван хүний аминд хүрсэн бөгөөд олон арван хүн шархдсан хэрэг өчигдөр гарсан. Үүнээс үүдэлтэйгээр Азийн хөрөнгийн зах зээлүүдийн индексүүд унаж эхэллээ.

Японы Nikkei 225 индекс 1.9 хувиар, Өмнөд Солонгосын Kospi индекс 0.5 хувиар, Австралийн ASX 200 индекс 0.8 хувиар тус тус буурсан байна.

Мөн таваарын зах зээлд ч нөлөөлжээ. Тухайлбал, АНУ-ын түүхий нефтийн ханш 1.9, Брэнт түүхий нефть 1.6, алт 10 хувиар тус тус буурчээ.

“Дээрх уналт нь ойлгоход бэрх явдал бөгөөд дэлхий дахинд маш эрсдэлтэй хэвээрээ байгааг сануулсан хэрэг боллоо” гэж Японы “Мизухо” банкны зах зээлийн эдийн засагч Вишну Варатан хэлжээ.

Дэлбэрэлт болсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл харьцангуй доогуур ханшаар хаалтаа хийжээ.

Хөрөнгө оруулагчид цаашид гарах эрсдэлээс зайлсхийх бөгөөд ялангуяа Азийн асуудалд голчлон анхаарах байх гэж шинжээчид хэлж байна. Үүнд Хойд Солонгосын хурцадмал байдал, БНХАУ, Япон хоорондын арлын маргаантай асуудал зэрэг багтана.

Гэвч Японы иенийг харьцангуй эрсдэл багатай валют гэж зарим хөрөнгө оруулагчид харж байгаа бөгөөд одоогоор ам.долларын эсрэг 2.5 хувиар нэмэгдэж, 96.61, еврогийн эсрэг гурван хувиар нэмэгдэж, 125.98 болсон ханштай байгаа юм.