Монголын Оюутолгойн ордод хайгуул хийж байсан АНУ-ын “Магма коппер” компанийг 1997 онд дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг BHP худалдан авч байсан түүхтэй. Харамсалтай нь, Оюутолгой дахь хайгуул амжилтгүй болсон тул Монголоос гарсан бөгөөд BHP түүнээс хойш 9 жилийн дараа дэлхийн буурай орнуудын нэг болох Камбожид нэвтрэв. Австралийн уул уурхайн аварга тэнд боксит олборлохоор очсон нь тэр юм.
Тухайн үед НҮБ-ын тооцоогоор Камбожийн 10 хүн тутмын 7 нь өдөрт 2 ам.доллараас бага орлогоор амь зогоодог байв. Гэтэл нийслэл хотын Пхном, Пенх зэрэг гудамж улс төрийн элитүүдийн унасан шинэхэн Mercedes Benz, Lexus, Land Cruiser зэрэг машинаар дүүрсэн байжээ. Газар, тэнгэр мэт энэ ялгааг олж харсан Австралийн The Sun Herald сонины эрэн сурвалжлагч Меттью Беннс Камбож улсыг “Авлигад идэгдсэн улс” хэмээн тодотгох нь тэр.
Меттъю Бенс бол уул уурхайн салбараар мэргэшсэн сэтгүүлч бөгөөд Оскарын шагналт жүжигчин Ди Каприогийн тоглосон “Цуст алмаас” кинотой ижил төстэй уул уурхайн бодит түүхүүдийг бичдэгээрээ нэрд гарсан нэгэн. Түүний ийм бүтээлүүдийн нэг нь “Бохир мөнгө” ном юм.
Голдуу муу засаглалтай, уул уурхайн салбар нь ил тод бус улс орнуудад “Цуст алмаас”-ын ихэр түүх олон байдгийг Меттъю Беннсийн “Бохир мөнгө” номонд хүүрнэх аж.
Камбож бол яг ийм сул засаглалтай, бохир мөнгө эргэлддэг орнуудын нэг бөгөөд BHP компани бокситын уурхайн эзэмшлийг олж авахын тулд Камбожийн Засгийн газрынханд 2.5 сая ам.долларын хахуулийг “цайны мөнгө” нэрээр өгснийг тус улсын өдөр тутмын нэгэн сонин нийтэлжээ. Энэхүү мэдээллийн мөрөөр Английн хуульчдын баг болох “Global witness” 2009 онд “цайны мөнгө”-ийг нарийн дэлгэрэнгүй мөрдөж, үр дүнг нь “Өөрийн улс орныг худалдаж байна” тайланд бичжээ. Тэрхүү тайланд бичсэнээр BHP хууль зөрчсөн ажээ.
Энэ үйл явдлын дараа BHP дотооддоо хяналт шалгалт явуулав. Улмаар 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нийцүүлэн Засгийн газруудад өгсөн бүх төлбөрөө улс улсаар нь дэлгэж харуулахаа амласан байна. “BHP компанийн Камбожид холбогдсон хэрэг явдал нь авлигад идэгдсэн улсын Засгийн газартай харилцахад компаниудад ямар бэрхшээл тулгардгийг тод харуулсан жишээ” гэж “Бохир мөнгө” номын зохиогч онцолсон байв. Тухайн үед Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачилга улс орнуудад хэрэгжиж эхлээд долоон жил л болж байлаа.
Газрын тос, байгалийн хий, эрдэс баялаг олборлох үйл ажиллагааг сайн засаглалтай болгоход чиглэсэн уг санаачилга нь өдгөө дэлхийн олборлох салбарын ил тод байдлын стандарт болоод буй.
Компаниуд энэхүү стандартын дагуу үйл ажиллагаагаа ил тод болгож буй нь олборлох салбарт “хоёр замтай гудамж” бий болгож буй хэрэг юм. Стандартад нэгдэн орсон орнуудад бэлэн мөнгө хүлээн авагч тал нь уг мөнгийг юунд зарцуулснаа ил тод мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаас олсон орлого Камбожийн гудамжид Lexus хөлөглөсөн улстөрчдийн туйлдаг мөнгө болоод байна уу эсвэл нутаг орныхоо баялгийг олборлуулж буй оршин суугчид, тухайн улс орны ард иргэдэд зохих ёсоор зарцуулагдаж байна уу гэдгийг харах боломжтой болсон гэсэн үг.
Бас нэгэн жишээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 2004 онд цэргийн өндөр дээд албан тушаалтнуудын зохион байгуулсан аллага тус улсын Килва мужийн зэсийн арвин нөөцтэй Анвил уурхайн зэргэлдээх тосгонд болжээ. Энэхүү үйл явдал газрын баялгийн өгөөжөө хүртэж чадахгүй байгаа нутгийн иргэдийн ширүүн тэмцлийг цэргийн хүчээр дарсан гунигтай түүх юм. Засгийн газрын гүйцэтгэх ажиллагааны үеэр 100 орчим хүний амийг егүүтгэснийг хожим НҮБ-ын шалгалтаар тогтоожээ. Анвилын мөнгө, зэсийн ордыг илрүүлж, үнэд хүргэсэн гэх Билл Турнерийг энэ бүхний төлөө хариуцлага хүлээх хүмүүсийн нэг гэж олон улсын хамтын нийгэмлэг үзсэн байдаг аж. Турнер нь тухайн үед Конго улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, мөн Анвил уурхайн олборлогч компанийн ТУЗ-д байсан бөгөөд их хэмжээний авлигын хэрэгтэй нэр холбогдсон юм.
Уг асуудал шүүхээр шийдэгдэж, Анвил уурхай хаагдсанаар хэрэг явдал өндөрлөжээ. Харин Конго улс үүнээс 6 жилийн дараа буюу 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдэн орсон байна.
Меттью Беннсийн “Бохир мөнгө”-нд бичсэнээр Африкт уул уурхайн компаниуд бизнес хийхээр цуглахын хэрээр авлига газар авч байсан аж. Тухайлбал, Экваторын Гвинейд 2000-аад оны дундуур нэг хүнд ногдох орлого 31.8 мянган ам.доллар буюу Шинэ Зеланд улсын дараа эрэмбэлэгдэж байв. Гэсэн хэдий ч өдрийн нэг ам.доллараар арай хийн амьжиргаагаа залгуулдаг иргэд дэндүү олон, бас нярайн эндэгдлээр дэлхийд 4 дүгээрт бичигдэж, хүн амын дундаж наслалт нь 51 байжээ. Нийтлэлийн эхэнд дурдсан Камбож улсын адилаар Экваторын Гвинейд ч гэсэн цөөн хэдэн хүн л газрын тос, авлига хээл хахуулиар гайхалтай их баяжиж байв. Хятад, Энэтхэг гээд хурдацтай хөгжиж буй Азийн орнуудын түүхий эдийн хэрэгцээ дэлхий дахинаа уул уурхайг улам идэвхжүүлж буй ч эрх мэдлээ ашиглан авлигыг цэцэглүүлж буй улс төрчдийн хөрөнгө чинээ түүнээс ч хурднаар арвижиж байна уу даа гэж ойлгохоор. Элбэг хангалуун байдлын энэхүү гажуудлыг баялгийн хараал гэж нэрлэдэг.
Тиймээс баялгийн хараалын “эцэг” болсон авлигыг устгах гол түлхүүр бол ил тод байдал гэдэгтэй “Бохир мөнгө”-ний зохиогч санал нэгджээ. Тэрбээр “Цайны мөнгийг цаашид байхгүй болгож, бүх төлбөр тооцоог баримтжуулах хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд уул уурхайн зарим компани, улс орнууд хэдийнэ Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад элсэж ороод байна” гэжээ.
Францын Ерөнхийлөгч асан Никола Саркозигийн анхааруулснаар зөвхөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдэх төдий нь хангалтгүй, уул уурхайн компаниуд аль ч оронд үйл ажиллагаа явуулахдаа төлбөр тооцоогоо ил болгох хэрэгтэй гэдгийг Европын холбооны хууль тогтоогчид шахаж шаардаж байх хэрэгтэй гэж үзжээ. Хэрэв компаниудын төлбөр тооцооны тухай мэдээлэл ил тод байсан бол байгалийн баялагтай улс орнуудын авлигад өртсөн улстөрчид шинэ Lexus, Mercedes Benz-ээр гудамж “чимээд” зогсож байхгүй нь мэдээж. Харин улс орноо хөгжүүлэхэд анхаарна. Хөгжсөн улс орнууд ээлж ээлжээр барууны Засгийн газруудын тусламжийн хөрөнгийг багасгаж, өрийн дөнгийг суллахад анхаардаг болно. Угтаа улс орныхоо өрийг багасгаж, өөдлөн дэвжинэ гэдэг нь авлигыг л устгах тухай юм.
“Бохир мөнгө” ном нэг талаараа Австралийн уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг өгүүлэх хэдий ч нөгөө талаар уул уурхайг засаглал сайтай, ил тод хөгжүүлж чадаагүйн хор уршиг улс орныг ч сүйрүүлэх эрсдэлтэй байдгийн бодит хүүрнэл юм.
Уул уурхайгаас эдийн засаг маань тэр чигтээ хараат байгаа манай улсын хувьд “Бохир мөнгө”-ний түүхийн нэг нь ч бүү давтагдаасай гэдэг үүднээс энэхүү номын талаар өгүүллээ. Олборлох салбараа либералчлаад удаагүй байгаа, дээрээс нь Олон улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг амжилттай хэрэгжүүлж буй орны хувьд бидэнд бохир мөнгөний төлөө гашуун түүхийг давтахгүй байх боломж бий.
Монгол Улс 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдсэнээрээ газрын баялгийн орлогоо ил тод болгох тэрхүү “хоёр замтай гудамж”-ийг бий болгож чадсан юм. Байгалийн баялгийг хэн олборлоод, хэдий хэмжээний орлого мөнгийг хаана, хэнд өгөөд байгааг энэхүү “гудамж” харуулдаг. Энэ “гудамж”-ийг бид хэр зэрэг тод харж, ашиглаж чадна төдий чинээ баялгийн өгөөжөө зүй ёсоор хүртэх болно.