Брокеруудыг битгий давраа

Лондоны хөрөнгийн биржийнхэн манай хөрөнгийн зах зээлийг сайхан болгочихно хэмээн олон хүн хүлээж буй. Гэвч бидэнд гаднынхны царай харж суухаас илүүтэй гал тогоондоо шийдэх асуудал мундахгүй байгааг “Mongolian Economy” сэтгүүл өмнөх дугаарууддаа онцолж байсан. Санхүүгийн тайлангаа гаргахгүй, хувь нийлүүлэгчдийн хурлаа товлохгүй, ногдол ашгаа тараахгүй, бүр үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь эргэлзээтэй “сайхан гар”-ууд Монголын хөрөнгийн биржээр дүүрэн хөглөрч байгааг ч шийдэх цаг ирснийг тэмдэглэж байсан. Харин энэ удаад хувьцаат компани, хөрөнгө оруулагчийг холбох гүүр болсон брокеруудын талаар дуугүй өнгөрч боломгүй нь. Монголчууд бид хоёр сая 796 мянгуулаа хувьцаа эзэмшигч болсон шилжилтийн гэмээр энэ үед брокерийн пүүсүүд борооны дараах мөөг шиг л олширч буй. Гэвч энэ салбар ямар аймшигтай бохирдсоныг үгээр илэрхийлэхийн арга алга. Шинэ оны босгон дээр сүлд модны баяраа тэмдэглэж байсан нэг брокер Санхүүгийн зохицуулах хорооны газрын даргын нүдний шилийг хугартал цохисон тохиолдол ч гарч байв. Сэлэнгэд брокерийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ганц л компани байхад гурав, дөрвүүлээ бөөгнөрч, хүмүүсийг дансаа нээлгэ хэмээн уриалах нь энгийн үзэгдэл болж. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд өмнө нь данстай байснаа мэдээгүй хүмүүст 300 төгрөгөөр л тэрийг нь сэргээгээд өгчих юмыг мэдсээр байж шинээр данс нээж, 5000 төгрөгийг нь авч байсан хэрэг ч мандаж, чих халууцуулж байх жишээтэй. Ийм булхайтай, ичиж үхэхэд ч багадмаар заваан байдал хэр удаан үргэлжлэх юм бол оо? Яагаад манай брокерууд муу нэртэй, муухай данстай болчихов?

Сүхбаатарын талбайн баруун талд байрлах ягаан байшингийн танхимд өнөөдөр брокер дилерийн 49 компанийн төлөөлөгч суудлаа эзэлсэн байна. Дөрвөн өрөө байрнаас нэг их том байгаад шалихгүй энэхүү талбайд 64 брокерийн сандал, ширээг багтаах боломжтойг Монголын хөрөнгийн биржийнхэн дуулгав. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос брокер дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 83 байгууллага бий. Өнгөрсөн оны сүүлчээр энэ тоо 52 байсан бол 2006 онд ердөө 25 байжээ. Хар ухаанаар бодоход брокерийн пүүсүүд олон болох тусмаа хоорондоо өрсөлдөж, тэр чинээгээрээ үнэ өртгөө бууруулж, үйлчилгээгээ сайжруулмаар. Гэтэл үгүй ажээ. Дэлхийд байхгүй өндөр шимтгэл авдаг хэрнээ манай брокерийн пүүсүүд данс нээж, хувьцаа авч, зарахаас өөрийг хийх нь ховор. Та 5000 төгрөгөөр данс нээлгээд, дараа нь хувьцаа авах бол гүйлгээнийхээ 1-4.5 хувийг хураалгана. Хувьцаа худалдаж авахдаа ч, авсан үнэт цаасаа эргүүлж зарахдаа ч энэ хэмжээний шимтгэлийг ахин дахин төлөх юм. Гэтэл ханш өсдөг шигээ буурдгийг хүн бүр мэднэ. Та гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө л хүлээх ёстой. Уг нь бусад оронд брокер дилерүүд харицагчдынхаа хүссэн мэдээллийг өгч, зөвлөх үйлчилгээ ч үзүүлдэг. Гэтэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 49 компанийн дунд ийм үйлчилгээ үзүүлж чаддагийг нь нэрлэе гэвэл гарын таван хуруу ч олдох биз. “Брокер дилерийн компаниуд хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах үүрэгтэй байдаг. Гэвч манай мэргэжилтнүүд хөрөнгө оруулалтын суурь шинжилгээ, дүгнэдтийг хийж чадахгүй байна. Хөрөнгө оруулагчид нь ч тийм мэдээлэл шаардахгүй, итгэлцэл төдий явсаар өдий хүрлээ” гэж эрсдэлийн шинжээч Д.Ганбаяр ярьж байна. Манай хувьцаат компаниуд санхүүгийн тайлангаа ч цаг тухайд нь гаргадаггүйгээс болоод мэдээлэл хүртээмжгүй байдаг нь үнэн. Гэвч ядахдаа мэдээллээ гаргаж байгаа компаниудынх нь анализыг зохих ёсоор хийчихмээр байна шүү дээ. Энэ тал дээр брокер дилерийн компаниудын ихэнх нь хойрго хандаж байгааг хэн ч үгүйсгэхгүй болов уу.

Манай брокерийн пүүсүүдийн авч буй арилжааны шимтгэл Лондоныхоос даруй 100 дахин өндөр байгааг Монголын хөрөнгийн биржийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Саруул хүлээн зөвшөөрсөн. Гэвч гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг дээ. Юу гэвэл шимтгэлийн 0.5 хувийг Монголын хөрөнгийн бирж өөрөө, 0.1 хувийг Санхүүгийн зохицуулах хороо, 0.24 хувийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв авдаг бол үлдсэн хэсэг нь л брокер дилерийн компаниудын орлого болдог ажээ. “Хөрөнгө оруулагчдыг хэн олж ирж байгаа юм бэ? Мэдээж брокер дилерийн компаниуд. Гэтэл зүв зүгээр сууж байгаа дээрх байгууллагууд 0.84 хувийг нь хамаад авчихаж байна. Энэ хувь хэмжээг багасгах эрэлт, хэрэгцээ гарсан нь үнэн. Бид шимтгэлээ бууруулах боломжтой ч дээрх төрийн байгууллагуудаас хамаараад байгаа юм. Энэ хүсэлтээ бид 2006 оноос л тавьж байгаа боловч ямар ч хариу ирдэггүй” хэмээн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Цогтбаяр учирлав. Мэргэжлийн ёс зүйтэй зах зээлийг бүрдүүлснээр хөрөнгийн захын дэд бүтцийн 50 хувийг барьж байгуулсантай тэнцэхийг Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг бичиж байв. “Харилцагчийн нэр дээр байсан хувьцааг брокерууд дур мэдэн борлуулах асуудал их гарч байсан нь ёс зүйн маш том зөрчил төдийгүй хууль зөрчсөн үйлдэл юм. Үүнээс болж зах зээлийн нэр хүнд хөрөнгө оруулагчдын өмнө ихээр унасан” хэмээн тэрбээр тайлбарлажээ. Үнэхээр брокерууд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр арилжаа хийсэн, эсвэл хувьцаат компаниудын удирдлага жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчсөн гэх хоёр гол үндэслэлээр л гомдол гардаг тухай Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын орлогч дарга С.Тулгаа ярьж байна. 1991 оноос төрийн өмчит 520 компанийг Монголын хөрөнгийн биржид бүртгэж, хувьцааг нь цэнхэр, ягаан тасалбар болгон иргэдэд үнэгүй өмчлүүлснээр олон хүн Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд данстай гэдгээ ч мэдэлгүй он жилүүдийг үдсэн билээ. Иймэрхүү учраа мэдэхгүй хүмүүсийн хувьцааг брокерууд хууль бус аргаар борлуулах, үрэн таран хийх явдал 1995-2006 онд тоймгүй ихээр гарч байсан аж. Санхүүгийн зохицуулах хороо иймэрхүү увайгүй үйлдлийг чадлынхаа хэрээр зогсоож чадсан ч эмгэгийг нь нэг мөр эмчилж дөнгөөгүй. Одоо ч хэд хэдэн брокерийн пүүсийн үйл ажиллагааг зогсоож, цагдаад өгчихөөд сууж байх жишээтэй. Үүний хажуугаар хувьцааны үнийг зохиомлоор хөдөлгөх, дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийж өөртөө ашиг олох, худлаа мэдээлэл тараах зэрэг ёс зүйгүй явдал өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байгааг учир мэдэх хүмүүс анхааруулж байгаа юм. “Хөрөнгийн зах зээл хөгжсөн бүх оронд иймэрхүү үйлдлийг эрүүгийн хуулиндаа тусган хориглосон байдаг бөгөөд зөрчсөн тохиолдолд маш хатуу шийтгэдэг. Ёс зүйгүй үйлдэл хийсэн мэргэжлийн брокер дилер хөрөнгийн зах зээлд ажиллах эрхээ насан туршдаа хасуулдаг” хэмээн Ө.Ганзориг онцолжээ.

Харин Монголд ямар байдаг бол? Өнгөрсөн онд л гэхэд Санхүүгийн зохицуулах хороонд 321 өргөдөл ирсэн боловч буруутай гэдэг нь нотлогдсон этгээдүүдэд нийт 710 мянган төгрөгийн торгууль л ногдуулжээ. Өнөөгийн хуулиар бол ёс зүйгүй үйлдэл хийсэн брокер ердөө 20000-40000 төгрөгөөр торгуулиад өнгөрөх жишээтэй. Хууль зөрчсөн нь тогтоогдсон аж ахуйн нэгжийг дээд тал нь 250 мянган төгрөгөөр торгоно гээд бод л доо. Ер нь болсон болоогүй брокерийн пүүс олшрох, мэргэжлийн оролцогчдын ёс зүйгээ уландаа гишгих нөхцөлийг өнөөгийн хууль эрх зүйн орчин бүрдүүлээд байна гэж дүгнэвэл буруудахгүй ажээ. Брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50 сая төгрөгөөс доошгүй байна хэмээн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд заасан байдаг. Товчхондоо, 51 сая төгрөгтэй байхад л брокерийн пүүс байгуулах нөхцөл нь хуулийн дагуу бүрдэж байгаа учраас Санхүүгийн зохицуулах хорооныхон материалаа бүрдүүлээд ирсэн байгууллагуудын хүсэлтийг хүлээж авч, тусгай зөвшөөрөл өгөхөөс өөр аргагүй. Ямар сайндаа л өнгөрсөн зургадугаар сарын 30-наас брокер дилерийн компаниудын бүртгэлийг энэ он дуустал зогсоохдоо “Монголын хөрөнгийн биржид багтахаа байчихна” гэсэн шалтаг хэлж суух вэ дээ. “Millennium IT” программыг нэвтрүүлснээр брокерууд ягаан байшин дахь сандал, ширээг булаацалдах шаардлагагүй болж, интернэтээр ажлаа хийж болох учир тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг тухайн үеэс л бүртгэж эхлэх ажээ. Хагас жилийн дотор 30 орчим брокерийн пүүс шинээр тусгай зөвшөөрөл авсан байна шүү дээ.

“10-хан сая төгрөгөөр хувьцаат компани байгуулж, 51-хэн сая төгрөгөөр брокер дилерийн компани босгоод ирэх боломжтой байна. Ямар ч шалгуур, стандарт, бодлого алга. 51 сая төгрөгийн ард юуных нь хариуцлага байх вэ дээ. Баахан данс нээчихээд, хэдэн арилжаа хийчихээд алга болчихвол яах билээ. Иймэрхүү компаниуд л бусдынхаа нэр хүндэд муугаар нөлөөлөөд байна. Уг нь манай брокерийн пүүсүүд дотор гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай хамтардаг, олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаа явуулдаг нь ч бий шүү дээ” хэмээн Т.Цогтбаяр 2003 оноос өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн муу талыг онцлов.

“Хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа брокер дилерийг зоосоор төлөөлүүлж үзвэл сүлдтэй тал нь мэргэжлийн ёс зүй, тоотой тал нь мэргэжлийн мэдлэгийг харуулдаг” хэмээн Ө.Ганзориг тайлбарласан нь бий. Монголд бол ёс зүйн хэм хэмжээний талаар цаасан дээр бичсэн хэдэн заалт Монголын хөрөнгийн бирж төдийгүй Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд байдаг ч тэр бүхнийг мөрдөх нь байтугай уншдаг хүн ховор болохыг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ажээ. Брокеруудын мэдлэгийн хувьд ч маруухан дүр зураг тодрох вий. Саяхан үнэт цаасны арилжаанд орох эрх олгох шалгалт явуулахад 120 хүн хамрагдсаны 75 хувь нь л тэнцсэн байх жишээтэй. Бүр асуултуудыг нь ном болгон хэвлээд, бүтэн сар бэлдэх хугацаа өгчихөөд байхад 30 гаруй брокер тэнцээгүй байна гээд бод л доо. Хялбархаан хэдэн асуултад бүдэрсэн тэднийг харж үзээд, энэ наймдугаар сард дахин шалгалтад орох боломжоор хангаад байгаа юм. Тэгээд ч тэнцэхгүй байвал жинхэнэ утгаараа “Bye bye” болох ажээ.

Сонирхуулахад, Монголын хөрөнгийн биржийн шинэхэн удирдлага өнгөрсөн хавар олон брокерийн арилжаанд орох эрх дууссан байсныг анзаарсан байна. Үүнийгээ ч тоосон юмгүй ажлаа хийсээр л байсан юм билээ. “Энэ бүхнийг олон жилийн турш хэн ч анхааралгүй ирсэн байна. Ийм байж болдоггүй юм гэх дохиог бид өгч эхэллээ” хэмээн Г.Саруул тэмдэглээд, “Брокер гэж нэр булхай гэдэгтэй л ижил муухай сонсогддог болсон. Энэ нэрийг сайжруулах үүднээс шалгалт авч байгаа юм. Брокерууд мэдлэгтэй, ёс зүйтэй, үлгэр жишээ байх ёстой” гээд мөнөөх шалгалтын асуултуудтай номоо надад үзүүлэв. Эргүүлж тойруулж харах нь ээ тэнд мэргэжлийн ёс зүйн талаарх асуулт тун ч ховор байгааг анзаарсан юм. Нью-Йоркт иймэрхүү шалгалтын асуултуудын 40-50 хувь нь мэргэжлийн ёс зүйтэй холбоотой байдаг бөгөөд хамгийн хэцүүд тооцогддогийг Г.Саруул тайлбарлаад, “Саяхан явуулсан аттестатчилах шалгалт бол бид тэр чиглэл рүү явж байгаа эхний алхам юм” хэмээн тайлбарлалаа. Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн брокерууд бүгд л болохоо байчихсан хүмүүс гэвэл ташаа ойлголт болно. Гэвч хамт олныхоо нэрийг гутаагаад явдаг хэсэг нөхдийг зайлуулахын тулд иймэрхүү шалгалтаас эхлээд өчнөөн юм хэрэгтэй болох нь мэдээж.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хувьд гишүүддээ IOSCO буюу Олон улсын үнэт цаасны хороодын байгууллагын стандартыг мөрдүүлдэг болохыг чухалчилж байгаагаа Т.Цогтбаяр ярив. Эдний шаардлагад нийцсэн кодекс буюу Ёс зүйн дүрмийг тус холбоо 2008 оны зургадугаар сард баталсан ч түүний хэрэгжилтэд хяналт тавих Ёс зүйн хороог өнгөрсөн хоёрдугаар сард л байгуулжээ. Гэвч уг Ёс зүйн хороонд хөндлөнгийн шинжээч ч байхгүйгээс үзэхэд брокеруудаа дүрэм, журмаа биелүүлж байгаа эсэхийг хянах нь юу л бол. “Уг нь хараат бус гишүүд байх ёстой. Харин бидэнд тийм хүмүүсийг цалинжуулах мөнгө алга. Тиймээс л брокер дилерийн компаниудаасаа хүн сонгохоос өөр аргагүй байсан” гэж Т.Цогтбаяр тайлбарлалаа. Тэрбээр өмнө нь Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан, эдүгээ Монголын хөрөнгийн биржид суудалтай 49 компанийн 47-г нь багтаадаг холбоог тэргүүлж буй хүнийхээ хувьд брокер дилерийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, арилжааны шимтгэлийг бууруулах зэрэг чухал асуудлуудад анхаарлаа хандуулсаар иржээ. Гэвч хууль эрх зүйн орчин нь өөрөө увайгүй, ёс зүйгүй үйлдлийг өөгшүүлээд байгаа өнөө үед ямар ч сайн дүрэм байгаад нэмэргүй. Ямартай ч брокер дилерийн компаниудыг шигшиж, цэвэрлэж, брокеруудын мэргэжлийн мэдлэг хийгээд ёс зүйг дээшлүүлэх нь ганц, хоёр өдрийн ажил биш аж. Энэ аянд хөтлөх замын гараа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаас эхэлнэ хэмээн хүлээж, найдах л үлджээ.