Брокер, дилерийн 88 компани ажиллаж байна

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг тодорхой зохицуулах, үйл ажиллагааг ил тод болгох, олон нийт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн зохицуулалт, хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Эдийн засгийн шинэ сэтгэлгээ, хандлага, соёл бий болгох, ажил аль болох анхнаасаа алдаа мадаг багатай байх суурь нөхцлийг бүрдүүлэх нь чухал” хэмээн онцлон сануулсан юм. Хөрөнгийн зах зээлийн хэмжээ жилээс жилд өсч байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011 оны хоёрдугаар сард 3219.2 тэрбум, мөн оны 11 дүгээр сард 2100.7 тэрбум төгрөгт хүрчээ. Одоогоор үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн 88 компани ажиллаж байна.