Бурхнаас илгээсэн байгалийн эм

“Бурхнаас илгээсэн эм”, “шингэн алт” гэгдэх чацаргана жимсний тариалалт нэмэгдсээр. Энэ жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой газрууд ч олон болжээ. Монгол чацаргана хэдийнэ өндөр шаардлагатай Япон улс руу экспортод гарчээ. Японы Экспортыг чацарганы өтгөрүүлсэн жүүсний үйлдвэрлэл эрхэлдэг Б.Билгээ эмээгийн компани хийжээ. ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд өндрөөр үнэлэгддэг тэрбээр хүнсний салбарт 40 гаруй жил хүчин зүтгэсэн. Манай сэтгүүл жижиг, дунд үйлдвэрлэл хийгээд ногоон бизнесийг дэмжин ажиллах үүднээс Билгээ эмээгийн Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах “Эко-Эрдэнэ” компанийг зорилоо. Тэрбээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн загвараа өөрөө гардаж хийсэн болохоороо ноу-хоугаа нэлээд нууцалдаг бололтой. Үйлдвэрийг нь сурвалжлах гэсэн боловч зөвшөөрсөнгүй.

1968 онд Москвагийн Хүнсний үйлдвэр технологийн сургуулийг төгссөн тэрбээр 2004 онд чацаргана боловсруулах тоног төхөөрөмж, “Чацарганы өтгөрүүлсэн шүүс бэлтгэх арга, ашигтай технолог”-ийн загвараа боловсруулж өмчлөх эрх авчээ. “Эко-Эрдэнэ” компанийн үйлдвэр рүү ороогүй ч Билгээ гуайн ярьсныг хүргэе.

Тэд долуулаа. Хэдий цөөхүүлхнээ ч жилд аньс, нэрс, чацаргана гэсэн гурван төрлийн жимсээр дөрвөн төрлийн шүүс, хоёр төрлийн чанамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Нийтдээ жилд дунджаар 100 сая төгрөгийн бүтээгдэхүүн хийдэг байна. 2000 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн “Эко-Эрдэнэ” компанийнхан бүтээгдэхүүнээ “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс” хүнсний сүлжээ болон “Барс”, “Бөмбөгөр” зэрэг захаар борлуулдаг. Саяхныг болтол түрээсийн байранд байсан тэдэнд экспортын ашиг нь өөрсдийн үйлдвэрлэлийн байртай болоход ихээхэн нэмэр болжээ. Анх Япон руу 2004 онд 10 кг чацарганы шүүс экспортолж байсан бол өдгөө 33 тонн болтлоо нэмэгджээ. Мөн Билгээ гуай Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөрт хамрагдаж, зээл авснаар Ар жанчивлангийн ойролцоо чацарганы 1500 суулгац тарьжээ. Ингэснээр түүхий эдийнхээ багахан хэсгийг ч болов өөрсдөө тариалах боломжтой болох аж. Нэг га талбайд 1200-1600 чацарганы суулгац суулгаж нэг бутнаас 7-10 килограмм жимс хурааж, нэг тонн жимснээс 20-50 килограмм тос, 600 литр шүүс болон бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах боломж бий. Харин зардлаа 2-3 жилд нөхөх боломжтой гэсэн. Цаашид тоног төхөөрөмжөө шинэчилж олон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах бодолтой байгаагаа ч дурдав. Банкны хоёр болон түүнээс дээш хувийн хүүтэйг бодвол Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хоёр жилийн хугацаатай, нэг хувийн хүүтэй зээл харьцангуй ашигтай байгаа гэсэн. Түүнчлэн Засгийн газраас хүнсний бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн таатай шийдвэр ч гарчээ. Эндээс үзэхэд Монголд төр, засгийн дэмжлэгтэйгээр ашигтай ажиллаж болох нь чацаргана тарьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид.

ХХААХҮЯ, Монголын чацаргана үйлдвэрлэгчдийн үндэсний холбооноос 2010-2016 онд чацарганыг 20 мянган га хүртэл талбайд тариалах зорилт тавьсныг дуулгая. Чацаргана жимсийг ингэж онцолдог нь учиртай. Чацарганыг манай орны аль ч бүсэд тариалах бололцоотой. Дээрх чацаргана хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бусад төрлийн жимс жимсгэний тариалалтыг дэмжин улмаар Ногоон барааны тэмдэгтийг нэвтрүүлэх, “Ногоон аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх таатай орчин бүрдэх тухай мэргэжлийн хүн хэлж байсан. Хэрэв уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл “Монгол-Чацаргана” брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жимс, жимсгэний дотоодын хэрэгцээг 30 хувиар хангах, 20 мянгаас доошгүй хүн ажлын байртай болох нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

Чацаргана яагаад жимсний хаан гэж

Чацаргана C, B1, B2, B9, A, K, B8, P бүлгийн олон төрлийн витамин болон эрдэс бодис агуулдаг. C витамины агуулгаараа нохойн хошууны дараа буюу хоёрдугаарт ордог байна. Товчхондоо хүний биед хэрэгцээтэй витаминыг цогц байдлаар хангаж чаддаг гэсэн үг. Жимс, хальс, үрнээс нь гурван өөр төрлийн тос гарган авч болох ба эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болдог байна. Урд хөршийнхөн чацарганаар олон төрлийн эм хийж 50-800 доллараар зардаг ажээ. Түүнчлэн Өвөр Монголын Бугат хотод чацарганы найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр байдаг бол япончууд монгол чацарганыг өөрийн орны хөрсөнд нутагшуулах талаар судалж байгаа юм билээ. Мөн Канадад төвтэй чацаргана судлалын олон улсын байгууллага бий болоод судалгаа хийж байгаа бол германчууд оросуудтай нийлж судалгаа хийж байжээ. Зарим оронд чацаргана тариалдаг ч манайх нэмэлт химийн бордоогүй экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.

Мэдээллийн гэх тодотголтой өнөө үед химийн гаралтай амт, үнэр оруулагч, будаггүй монгол чацарганыг сонирхох орны тоо нэмэгдсээр. Өөрөөр хэлбэл, зөвхөн дотоодын гэлтгүй гадаадад зах зээлд ч уг жимсний эрэлт их. Манай аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулахад ашгийн татвар, хүн амын татвар төлдөг бол гаднынхан мөнгөө бэлэн төлдөг, НӨАТ-өөс чөлөөлөгддөг болохоор экспортлох сонирхол их байдаг юм билээ. Гагцхүү гадныхны стандартад хүрсэн бүтээгдэхүүн гаргах гэдэг хэцүү даваа. Гэхдээ эдийн засгийн ашиг олж, эх орноо сурталчлах нь зүйн хэрэг ч дотоодын хэрэглээгээ бүрэн хангах хэрэгтэй.

Манайд хүн амын физиологийн хэрэгцээт жимс жимсгэний маш бага буюу 0.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо бий. Өөрөөр хэлбэл ихэнхдээ “гадаадаас ирсэн” чанарын баталгаагүй жимс хэрэглэдэг гэсэн үг. Гэтэл тэр нь манай цэвэр хөрсөнд ургасан жимсийг гүйцэх нь юу л бол. Гаднынхан манай 500 мл чацарганы шүүсийг хоёр литр усанд найруулж хэрэглэдэг. Харин бид импортын хэзээ үйлдвэрлэж, ямар тээврийн хэрэгслээр ирж, хэр удаан хадгалагдаж буй нь тодорхойгүй жимсний жүүсийг хэрэглэсээр. Харин чацаргана тариалагчдын зарим нь “гурил будаа, үр тариаг ганц намар хураадаг гээд НӨАТ-аас чөлөөлдөг. Чацарганыг ч гэсэн ганц намар л хураадаг шүү дээ. Яагаад адилхан чөлөөлж болохгүй” гэж гомдоллодог юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор насанд хүрсэн хүн жилд дунджаар 87,6 килограмм, өдөрт 240 грамм жимс, жимсгэнэ хэрэглэх нь зохистой гэж үздэг байна. Манай улсын нэг хүн 2007 онд дунджаар 8,4 килограмм жимс, жимсгэнэ хэрэглэж байсан гэсэн тооцоо бий.