Бусдын төлөө хүлээх хариуцлага

Хүмүүс налгар намрын өдрүүдтэй салж ядах мэт нарлана. Чингисийн гэх шинэ тодотголтой Нийслэлийн төв талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн их. Тусгайлан зассан тайзан дээр хамтлаг дуучид дуулж, талбайн урд хэсэгт босгосон 10 гаруй асрын ойр орчимд хүмүүс мэдээ мэдээлэлтэй танилцах аж. Учир нь “Нийслэлийн өдөр”-ийг угтаж Албан журмын даатгагчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хорооноос Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх, сурталчилах зорилгоор “Даатгалын нээлттэй өдөрлөг” хийж байгаа нь энэ. Уг арга хэмжээнд Ард даатгал, Бодь даатгал, Миг даатгал тэргүүтэй 10 даатгалын компани оролцож байгаа аж.

Жолоочийн хариуцлагын даатгалын ачаар зам тээврийн осол гарсан үед монголчууд чи би дээрээ тулан хэрүүл маргаан үүсдэг байдал багасч байгааг хэлэх хүн олон. Гэхдээ л өдгөө хүртэл даатгалд хамрагдаагүй жолооч нар байгааг СЗХ-ны төлөөлөгчид өдөрлөгийн үеэр хэлж байсан юм. Үүний гол учир нь нөгөө л даатгалын талаарх иргэдийн буруу ойлголттой холбоотой аж. Албан журмын даатгагчдын холбооны гүцэтгэх захирал Д.Цэвээнжав “Жолооч нарын хариуц¬лагын даатгалд замын хөдөлгөөнд оролцож буй бүх жолооч заавал даатгуулах ёстой. Учир нь уг даатгал жолоочийн өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн төлөө хүлээх хариуцлага, эрсдэлийн сан юм. Тиймээс жолооч нар даатгалыг аль болох зөв өнцөгөөс нь харах хэрэгтэй байна” гэв. Гаднын хөгжингүй орнуудад албан журмын даатгалаар даатгалын салбарын хөгжлийг дэмжих, нийгэмд эмх цэгц тогтоох үүднээс төрөөс нэгдсэн журмаар явуулдаг санхүүгийн шилдэг арга байдаг гэдэг. Гэхдээ манайх шиг даатгалын ойлголт буруу, даатгалын талаарх мэдлэг тааруу зах зээлд даатгуул хэмээн “зарлигдах” нь тийм ч зөв арга биш. Харин эхнээс нь иргэдийн даатгалын боловсролыг дээшлүүлэх буюу “Даатгал гэдэг нь танд болоод таны ойр дотнынхонд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг хамгаалах хөрөнгийн хуримтлал” гэдгийг ойлгуулах тал дээр хаа хаанаа анхаарах ёстойг учирлах хүн олон. “Эрсдэлийн шийдэл” иргэдийн даатгал зуучлалын компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяр “Хүн мэдэхгүй зүйлээ мэдэхгүй хэвээрээ л үлдэнэ. Тиймээс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь даатгалын салбарт гарсан маш том боломж. Учир нь өдгөө даатгуулахын ач тусыг мэдэрсэн олон хүн байна шүү дээ. Нэгэнт албан журмын даатгал нийгэмд бий болсон болохоор даатгалын талаарх мэдлэг дутмаг иргэдийн ойлголтыг сайжруулах нь тийм ч хэцүү ажил биш. Манай компанийн хувьд даатгуулагч талын буюу иргэд, жолооч нарын талд ажилладаг байгууллага. Тэдэнд зөвлөгөө өгч, зуулчилж өгдөг. Товчхондоо даатгуулагч талын өмгөөлөгч гэж хэлж болно. Энэ нь нэг талаар иргэдийн оролцоог идэвхжүүлэх, ойлголтыг өөрчлөх том алхам” гэсэн юм.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль хэрэгжихэд тулгарч буй асуудал олон байгаа аж. Түүний нэг нь жолооч нар богино хугацааны даатгал хийлгэчихээд, хугацаа нь хэтэрсэн наалт бүтэн жилийн турш машиныхаа шилэн дээр наачихаад замын цагдаа нарт даатгуулсан хүмүүс болж харагдаад явж байсан тохиолдол олон гарчээ. Тиймээс даатгалын хугацааг нэг жилээр хийдэг болсон байна. Үүнээс гадна жолооч нар даатгалд бүтэн жилийн турш хамрагдах боломжтой байтал зөвхөн үзлэг, оношилгоонд орох үеэрээ даатгуулж байгаа нь даатгалын компаниудад хүндрэлтэй байгаа гэх гомдол өдөрлөгт оролцогчдын дунд байсан юм. “Бодь даатгал” компанийн маркетингийн менежер О.Мөнх-Од “Жолооч нар тээврийн хэрэгслийн үзлэгийн үеэр л даатгалд хамрагддаг. Зарим нэг нь огт хамрагдаагүй байж ч магадгүй. Тиймээс өдөрлөгийн үеэр даатгалд хамрагдаагүй болон гэрээ дууссан жолооч нарыг даатгалд хамруулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэв.