Бэлэн мөнгөгүй дэлхий буюу мөнгөний ирээдүй

Avatar Oyundari. Sh
2019-11-11 12:23:11
Ангилал: Mongolian Economy

Дэлхий ертөнц улам бүр дижитал болсоор байна. The End of Money номын зохиогч, Wired сэтгүүлийн редактор Давид Волманы үзэж буйгаар хүн төрөлхтөнд ухаалаг гар утасны үзүүлсэн хамгийн чухал нөлөө бол уг төхөөрөмж цахим хэтэвч, мөнгө шилжүүлж, төлбөр төлдөг санхүүгийн арга хэрэгсэл болж хувирсанд оршиж байгаа аж. Үүний үр дүнд банкны үйлчилгээ авах боломжгүй олон сая хүн санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээг хуруугаа ганц хоёр хөдөлгөөд л авдаг болжээ.
Цаасан мөнгө сүүлчийн нэг мянганы турш үнэ цэнийг бараа болон үйлчилгээгээр солих боломжийг хүмүүст олгож ирсэн. Гэвч өнөөгийн эрэлт хэрэгцээг хангах, хүмүүсийн шаардлагад нийцэх үүднээс мөнгөний системд шинэчлэлт шаардлагатай болжээ. Бэлэн мөнгөний ирээдүй аюулд (шинэчлэлд) өртөх нь тодорхой болж ирэв.

Бэлэн мөнгөний сул тал

Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, байгууллагын ашигладаг төлбөрийн гол хэрэгсэл бол бэлэн мөнгө. Авлига, хар тамхи болон хууль бус зэвсгийн наймаанаас эхлээд дээрэм, орон байрны хулгай зэрэг олон гэмт үйлдлийн өдөөгч, дамжуулагч нь бэлэн мөнгө болсоор ирсэн.
Хоёр дахь гол шалтгаан бол мөнгө үйлдвэрлэхэд гардаг зардал. Ялангуяа зоос, бага үнийн дүнтэй мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, хэвлэх нь тухайн мөнгөний нэрлэсэн үнээс илүү зардалтай байдаг. Гуравдугаарт, бэлэн мөнгө нь далд эдийн засаг цэцэглэх үндэс суурийг тавьдаг. Татвараас зайлсхийх явдлын улмаас АНУ жил бүр 200 тэрбум ам.доллар алддаг бөгөөд энэ нь тус улсын ДНБ-ий нэг хувьтай тэнцдэг байна. Гэтэл хөгжиж буй орнуудад энэ тоо тун өндөр буюу 6-13 хувь байна.

Бэлэн мөнгийг үгүй хийх аргууд

Бэлэн мөнгөний эдгээр сул тал болон технологийн хөгжлөөс шалтгаалж төлбөр, тооцооны цоо шинэ хэрэгслүүд олон нийтийн хэрэглээ болж эхэллээ. Технологийн том компаниуд болох PayPal-ийн Venmo, Ant Financial-ийн Alipay, Tencent-ийн WeChat, Go-Jek-ийн Go-pay зэрэг үйлчилгээ дэлхийн хамгийн их хүн амтай дөрвөн улсын олон зуун сая хүнийг бэлэн мөнгөгүйгээр гүйлгээ хийх, төлбөр төлөх боломж олгож буй. Засгийн газрууд ч бэлэн мөнгөгүй төлбөр тооцооны аргуудыг хөгжүүлэх чиглэлд арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Сингапурын Засгийн газар цахим төлбөрийн хэд хэдэн системийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэдгээрийн нэг болох PayNow цахим төлбөрийн системийг Сингапурын Банкны холбоо хариуцаж нэвтрүүлснээс хойш тус улсад хийгдэж буй цахим төлбөр, тооцооны дүн 10 тэрбум сингапур доллароор нэмэгдсэнээс гадна АТМ-ээс авсан бэлэн мөнгөний хэмжээ 300 сая сингапур доллароор буурсан байна.
Швед, Энэтхэг, Бельги зэрэг улс мөнгөн дэвсгэртээс татгалзах арга хэмжээ нэгэнт авч эхэлсэн. Швед 100 хувь бэлэн мөнгөгүй дэлхийн анхны улс болох зорилготой бол Бельгийн хүн амын 93 хувь нь банкны карт эсвэл гар утсаараа төлбөр төлж, худалдан авалт хийдэг. Тус улс бэлэн мөнгөөр хийх төлбөрийн дээд хэмжээг 3000 еврогоор тогтоосон хууль хүртэл баталжээ.
Сингапурт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Singapore Fintech Festival арга хэмжээний үеэр Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард дэлхийн улсуудын Засгийн газрыг цахим мөнгө гаргах санааг дэвшүүлсэн юм. “Төв банкууд цахим мөнгө бий болгосноор санхүүгийн хүртээмжтэй байдал, төлбөр тооцооны аюулгүй байдал, харилцагчийн аюулгүй байдал дээшилж, хувь хүний нууцыг хадгалах боломжууд хангагдана” гэж тэрбээр хэлсэн билээ.

Төв банк ба цахим мөнгө

Санхүүгийн шинэлэг арга шийдлийг бий болгож хэрэгжүүлэхдээ Төв банк хувийн компани, стартапуудтай хамтрах талаар бодолцох хэрэгтэй гэж К.Лагард үзэж байна. “Давуу тал нь хэнд ч илэрхий. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгчийн төлбөр, тооцоо шуурхай, аюулгүй, бага зардалтай мөн өндөр нууцлалтай байх болно. Түүнээс гадна өрсөлдөөнийг илүү тэнцвэртэй, шударга болгож, инновацийг хурдасгах нэг хүчин зүйл болж чадна. Үүний зэрэгцээ банк эсвэл цахим мөнгөний үйлчилгээ нэвтрүүлэгч нь сүүлийн үеийн технологид тулгуурлан хэрэглэгч танд дээд зэргийн тав тухтай үйлчилгээ санал болгох юм” гэж К.Лагард өгүүлсэн. Та хүссэн, хүсээгүй Засгийн газрын дэмжлэгтэй цахим мөнгөний хэрэгслүүд (өндөр болон сул хөгжсөн эдийн засагтай улсуудад) бий болох нь зөвхөн цаг хугацааны л асуудал юм.
Харин Төв банкууд цахим мөнгө гаргах нь банкуудын бизнес моделийг сүйтгэж, улмаар санхүүгийн салбарт тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж дэлхийн хамгийн том банкуудыг нэгтгэсэн байгууллага болох Олон улсын төлбөр, тооцооны банк (BIS) анхааруулж байна.

Крипто валютын ирээдүй

Цахим мөнгөний асуудалд Засгийн газар анхаарал хандуулах нь нууцлаг байдлыг эрхэмлэдэг компьютерийн мэргэжилтнүүд, төрөл бүрийн крипто валютын эздэд муу мэдээ мэт санагдаж болох юм. Гэвч энэ нь хяналтгүй, төвлөрсөн бус үйл ажиллагаатай маш олон төрлийн крипто валютыг харин ч олны анхааралд өртөх, улмаар нийтийн хэрэглээ болоход нь түлхэц болох магадлалтай. Ирээдүйд крипто валют хууль ёсоор цахим мөнгөтэй зэрэгцэн оршиж болох юм.
Хэрэв цахим мөнгийг крипто валюттай ямар ч асуудалгүй, зардал багатайгаар харилцан солилцдог болвол биткойн тэргүүтэй крипто валютуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, улмаар интернэтийн уугуул валют болгох урьдач нөхцөл үүснэ. Ингэснээр крипто валют нь онлайн худалдаа, мөнгөн шилжүүлэг зэрэг онлайн ертөнцөд хийдэг бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх юм. Улмаар энэ нь банкаар үйлчлүүлдэггүй, үйлчлүүлэх боломжгүй олон зуун сая хүнийг дэлхийн эдийн засагт нэгтгэх боломжийг үүсгэнэ. Твиттерийн гүйцэтгэх захирал, мобайл төлбөр, тооцооны Square платформыг хамтран байгуулагч Жэк Дорсигийн бодлоор интернэтийн гол валют болох хамгийн гол “нэр дэвшигч” бол биткойн аж. “Биткойн интернэтэд төрсөн, интернэтэд шалгагдсан, интернэтийн бүтээгдэхүүн. Хэрэв интернэтийг улс, зах зээл, үндэстэн гэж авч үзэх юм бол заавал валюттай байх ёстой. Интернэтийг үндэстэн гэж авч үзэхээр юу нь сонирхолтой гээч. Интернэт бол дэлхий тэр аяараа юм. Тэгэхээр дэлхий нэг л валюттай болно гэсэн үг. Хооронд нь холбох нэг л зүйлтэй болно. Энэ нь надад тун сэтгэл хөдлөм, сонирхолтой санагддаг” гэж Ж.Дорси ярьжээ.
Санхүүгийн хувьсгал тун удахгүй хүчээ авах нь зайлшгүй. Крипто валют үгүй болно гэж бодолтгүй. Эдүгээ биднийг анзаарч, сэхээрч амжаагүй явахад технологийн компаниуд (зарим улсын Засгийн газар) гар утастай хүн бүрийг бэлэн мөнгөгүй ирээдүй рүү хөтөлж эхлээд байна.

Крипто валют ба эдийн засгийн хямрал

Өмнө дурдсанчлан крипто валютыг төлбөр, тооцооны хэрэгсэл, интернэт орчинд валютын үүрэг гүйцэтгэхээс гадна өөр олон зорилгоор ашиглагддаг. Тухайлбал, инфляцийн хэмжээ нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өндөр түвшинд очиж, ард иргэдийнх нь амьдрал асар хүнд болсон Венесуэль улсын иргэд хадгаламжаа хамгаалах, орлого олох, төлбөр, тооцоо хийх үүднээс крипто валютуудыг, тэр дундаа биткойныг идэвхтэй хэрэглэх болсон. Гэвч Засгийн газар нь иргэдийнхээ санхүүгийн үйл ажиллагааг хянах, цагдах зорилгоор “Петро” нэртэй цахим мөнгийг 2018 онд танилцуулав. Ингэснээр крипто валютыг автократ хяналт, шалгалтын арга хэрэгсэл болгодог Засгийн газар болон эдийн засгийн хямрал, дарангуйллаас зайлсхийх арга хэрэгслээ болгосон иргэдийн өрсөлдөөн тус улсад өрнөж байна. Нөгөөтэйгүүр, Венесуэль дэх эл өрсөлдөөн нь бэлэн мөнгөнөөс цахим төлбөр, тооцооны үе руу шилжихэд гарч болзошгүй зөрчлийн томруулсан жишээ болж байгаа юм. Хүн бүхэн цахим мөнгө хэрэглэснээр хүссэн хүнтэйгээ хүссэн крипто валютаараа наймаалцаж эдийн засгийн эрх чөлөөгөө улам нэмэгдүүлэх үү эсвэл эсрэгээр төр, засаг нь иргэдийнхээ зоос бүрийг хянадаг “харанхуй эрин”-д орох уу гэдэг нь хариулт нэхсэн асуулт болж байна.

Крипто валют ба Иран

Иран улс крипто валют, блокчэйн техологийг АНУ-ын тавьсан хоригийг “аргалах” зорилгоор ашиглаж эхэлсэн. Тус улсын Төв банк энэ оны эхээр крипто валютын тухай хуулиа шинэчилснээс гадна алтны нөөцөөрөө баталгаажуулсан PayMon нэртэй үндэсний цахим мөнгө гаргах гэж буйгаа зарласан юм. Мөн биткойныг риалаар (Ираны үндэсний мөнгөн тэмдэгт) сольж болдог биткойны анхны АТМ-ыг дөрөвдүгээр сард ашиглалтад оруулав. Газрын тосны экспортод нь АНУ хориг тавьсны улмаас Ираны эдийн засаг сүүлийн жилүүдэд суларсан ч тус улс эл хоригт дасан зохицох арга олсоор байгаа юм. Тэр ч зорилгоор Иран өнгөрсөн онд ОХУ, Арменитай блокчэйн технологийн тал дээр хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулж, БНХАУ, Европын зарим улстай энэ тал дээр илүү гүнзгий хэлхээ холбоо үүсгэхээр ажиллаж байна.

Крипто валют санхүүгийн эрх чөлөөнд хүргэх үү

Ямарваа арга хэрэгслийг хүмүүсийн дунд өргөн хэрэглээ болох эсэхийг мэдэх нэг шилдэг арга бол хэн хориглохоор хичээж буйг мэдэх юм. Крипто валют, тэр дундаа биткойн ашиглахыг Алжир, Египет, Марокко, Боливи, Эквадор, Саудын Араб, Бангладеш, Пакистан, Хятад, Тайван зэрэг ардчилсан бус засаглалтай улсад хориглодог. Гэтэл үүний эсрэгээр эдийн засгийн эрх чөлөө багатай улсуудад биткойны хэрэглээ жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Тэдгээр улсын жагсаалтад Венесуэль, Беларусь, Казахстан, Египет, Чили, Аргентин дээгүүр бичигддэг. Гэхдээ эдгээр улсад хийгдэж буй шилжүүлгийн дүн тун бага учир эрх баригчид, том компаниуд бус ихэвчлэн жирийн иргэд ашиглаж байна гэж шинжээчид үзэж буй.
Хэдий биткойн эдийн засгийн хавчигдмал, хязгаарлагдмал байдалд буй хүмүүсийн хувьд гол сонголт нь байж болох ч цөөнгүй сорилт бий. Хувийн нууцлал (биткойн хаягны эзэн илэрвэл бүх гүйлгээ нь ил болж сүлжээнд байгаа бүх хүнд харагдах эрсдэлтэй), интернэтийн хүртээмж (зарим улсад интернэт хатуу чанд хяналтад байдаг), технологийн мэдлэг сул (крипто валютыг хэрэглэхэд хялбар, аюулгүй болгох шаардлага бий) зэрэг анхаарал татахуйц асуудал бий. Гэхдээ тэдгээр сорилтыг шийдвэрлэхийн төлөө технологичид, дизайнерууд, идэвхтнүүд чармайн ажиллаж буй нь сайн мэдээ юм.

Мөнгөний шинэ давалгаа

Нөгөөтэйгүүр, цахим мөнгөний зарим сул талаас шалтгаалж шинээр бий болж буй технологиуд санхүүгийн ертөнцөд цоо шинэ шийдлийг ч санал болгох магадлалтай. Эдгээрийн эн тэргүүнд хиймэл оюун, автоматжуулалт орж байна. Томоохон компани болон тэрбумтнууд хиймэл оюун болон робот техникийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх болсноор зарим нааштай үр дүн харагдаж эхэллээ.
Цаашдаа цахим мөнгөний хэрэглээ, төрөл нэмэгдсэнээр хоорондоо хөрвөх боломжтой төрөл бүрийн цахим мөнгө хадгалдаг түрийвч бий болох юм. Хөрөнгө оруулах болон бүтээгдэхүүн, үйлчилгээ авах шийдвэр бие дааж гаргах зэргээр өөрийгөө удирддаг маш ухаалаг түрийвч бий болох цаг тун ойртсон гэж технологийн салбарын шинжээчид үзэж байна. Түүнчлэн робот зөвлөхийн үйлчилгээ нэгэнт эрэлттэй бизнес болжээ. А.Т.Kearney зөвлөх компанийн таамаглаж буйгаар хиймэл оюун ухаанаар “зэвсэглэсэн” робот-зөвлөх үйлчилгээний салбарт 2020 он гэхэд 2.2 триллион ам.доллар эргэлдэх аж. Робот зөвлөх нь алгоритмд үндэслэсэн, хүний оролцоогүйгээр онлайн орчинд санхүүгийн зөвлөгөө эсвэл хөрөнгө оруулалтын удирдлагаар хангадаг үйлчилгээ юм.
Кибер аюулгүй байдлыг хангах шийдлүүд улам боловсронгуй болсоор байгаа ч дижитал ирээдүй ямархуу байхыг тодорхой хэлэх боломж хараахан алга. 20 жилийн дараа дэлхий даяар бэлэн мөнгө хэрэглээнээс бүрмөсөн гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний тулд хүний хувийн нууц, санхүүгийн аюулгүй байдлыг хангасан шийдлүүд болон дэд бүтэц бэлэн байх ёстой юм. Ямартай ч ирэх 20 жил мөнгөний талаарх олон сая хүний хэвшмэл ойлголтод ихээхэн өөрчлөлт гарсан он жилүүд байх нь тодорхой байна. Цахим мөнгө хэдий олон сул талтай боловч бүгдийг хамарсан тэрхүү эрс өөрчлөлтийн салшгүй хэсэг байх болно.

Avatar

Oyundari. Sh