Бүргэд дроны эсрэг

Дэлхийн аль ч орны хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүнд амьтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим оронд морин эргүүл ажиллаж байхад заримд нь тэмээг ашиглах нь ч бий. Нохойг мансууруулах бодис болоод дэсрэх бодисыг илрүүлэхэд ашигладаг. Харин Нидерланд улсын цагдаагийн ажилтнууд өөр нэг амьтантай хамтран ажиллах болсон байна. Сүүлийн үед дроныг буруу зорилгоор ашиглах явдал нэмэгдэж байгаа бөгөөд Нидерландын цагдаагийн албаныхан бүргэдээр дрон бариулах болсон байна.

Энэхүү шийдвэрээ Нидерландын үндэсний цагдаагийн хэлтэс өнгөрөгч сард албан ёсоор мэдээлсэн. Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Хэйг хотод байрлах Guard from Above хэмээх компанитай хамтран ажиллах болсон байна. Тус компани нь махчин шувуудыг дрон барихад сургадаг компани юм.
Тус улсын Үндэсний цагдаагийн нэгдлийн иноваци хариуцсан менежер Марк Вийбэ хэлэхдээ “Бүргэдийн дрон барих арга барил жирийн олзоо барихдаа ашигладагтай адил. Бүргэд олзоо агаарт шүүрснийхээ дараа газарт буулгадаг. Ямар ч амьтан олзоо барьсныхаа дараа идэхийн тулд хөдөлгөөнгүй болгодог” хэмээн хэлэв.
Тус улсын засгийн газар урт удаан хугацааны турш хууль бус дронтой тэмцэх арга эрэлхийлж ирсэн талаар Guard from Above компаний үүсгэн байгуулагч Сжойрд Хүүгэндорн онцлоод “Заримдаа шинэ технологитой тэмцэхэд хуучны арга барил илүү тохиромжтой байдаг. Үүний тод жишээ нь гаршуулсан бүргэд юм. Эдгээр амьтдын төрөлх араншинг бидэнд тулгарч буй шинэ асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглаж болно” гэв.
Тэд одоогоор бүргэдийг дрон барихад сургаж буй. Корнел их сургуулийн шувуу судлаачийн хэлж буйгаар бүргэд нь жижиг хөхтөн төдийгүй шаардлагатай тохиолдолд баавгай, цөөвөр чонотой ч тэмцэх чадвартай гэнэ.
Дронтой тэмцэх шаардлага дэлхийн олон оронд тулгараад байгаа. Дрон нисдэг тэрэг, онгоцонд ноцтой аюул учруулахаас гадна гэмт хэргийн сэдлээр ч ашиглагдах болсон байна. 2015 оноос Токио хотын цагдаагийн газраас дронтой тэмцэх зорилгоор зориулалтын тор ашиглах болсон. Дээрх аргуудыг судалж үзсэний эцэст дронтой тэмцэх шилдэг арга хэмээн тодорхойлоод байгаа ажээ.