Бүс нутгийн амьдрал сайнгүй байна

Евро бүсийн хямрал болон АНУ-ын эдийн засгийн сэргэх үйл явц удааширч байгаагаас Ази, номхон далайн бүсийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5.6 хувиар саарчээ. Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн судалгаанд өгүүлснээр энэ онд бүсийн эдийн засаг зургаан хувьд хүрэх таамгийг дэвшүүлсэн ч хангалттай үзүүлэлт биш аж. Бүсийн ядуурлын хэмжээ буурсан ч өдрийн орлого нь 1.25 ам.доллар хүрэхгүй 800 сая иргэн ядуусын эгнээнд шилжиж байгааг судалгаанд онцлоод энэ тоо нь дэлхийн нийт ядуусын бараг гуравны хоёрыг эзэлж байгааг анхааруулжээ.

Ази, номхон далайн орнуудад 1990 оноос хойш орлогын хэмжээ огцом өссөн ч орлогын тэгш бус хуваарилалт газар авчээ. Түүнчлэн нөөцөд тулгуурласан эдийн засгийн өсөлт ихссэн нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, улс орнуудыг таваарын хэрэглээ үнийн цохилтод өртөхөөр эмзэг байдалд оруулжээ. Үүнтэй зэрэгцээд ой мод, загас агнуур, цэвэр усны нөөц зэрэг чухал байгалийн нөөцийг ихээхэн хэрэглэх болсныг судалгааны дүн илэрхийлэх аж. Хурдацтай өсөлтийг даган эдийн засгийн баталгаат бус байдал ч өссөн болохыг НҮБ-ын Монгол дахь Суурийн зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Сезин Синаноглу хэллээ.

Тус бүс нутагт нэг тэрбум гаруй ажилчид бага цалинтай, урамшуулалгүй, ажлын байрны аюулгүй байдал хангагдаагүй, ажилчдын наад захын эрх нь зөрчигдсөн орчинд ажиллаж байгаа аж. Нийгмийн хамгааллын тогтолцоо муу байгаагаас 900 сая гаруй хүн ядуурлын ирмэг дээр буюу өдрийн орлого нь хоёр хүрэхгүй ам.доллараар өл залгуулж байгаа нь эмзэг байдлыг нэмэгдүүлэх болсныг НҮБ-ын эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг энэ оны судалгаанд онцолжээ.

Ази, номхон далайн бүсийн орнуудад ойролцоогоор 563 сая хүн хоол тэжээлийн дутагдалд байгаа нь хүнсний аюулгүй байдлын томоохон бэрхшээлийг бий болгоод байгаа аж. Хүрээлэн буй орчин өөрчлөгдөн сүйдэж байгаагаас байгалийн гамшгийн тоо давтамж ихэсч байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгааг дээрх судалгаанд дурджээ. Бүс нутгийн түүхэн туршлагаас үзэхэд эдийн засгийн үсрэнгүй хөгжил нийт ард иргэдэд боломж бололцоог тэгш олгодоггүй нь илт байна гэсэн дүгнэлт гарчээ.