Бүтээн байгуулалтыг түргэвчлэх Хөгжлийн банк

Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн таван жилд дунджаар долоон хувийн өсөлттэй байсныг мэргэжлийн байгууллагынхан тэмдэглэдэг. Тэгвэл ирэх таван жилд дээрх өсөлт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаглал ч байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай эдийн засагт хурдтай хөгжлийн жилүүд айсуй. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил дэд бүтэц голлосон их бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрийг даллаж буй. Эдгээр ашигт ажиллагааны түвшин доогуур, урт хугацааны хөрөнгө шаардсан бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах Хөгжлийн банк байгуулахаар манай улс зориод байна. Сүүлийн 2-3 жилийн гаруй хугацаанд Хөгжлийн банкны тухай шийдвэр гаргах түвшинд маш идэвхтэй ярьсны эцэст бар жилийн төгсгөлөөр асуудал ажил хэрэг болох тал руугаа орсон. Ашгийн төлөө бус, хөгжлийн төлөө ажиллана гэсэн том зорилготой Хөгжлийн банкийг удирдах менежментийн багаар KDB /Солонгосын хөгжлийн банк/ тодорсон.

Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг ч УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн байгаа. KDB шинэ тутам байгуулах Хөгжлийн банкны менежментийн багаар тодорсноор Хөгжлийн банк байгуулахтай холбоотой олон эргэлзээтэй асуудлын нэгнийх нь ч болтугай оньс тайлагдаж байна гэж ойлгож болох ч Төсвийн байнгын хорооны Хөгжлийн банкны тухай хуулийн эхний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Сангийн сайдыг асуултаар булсан нь асуудал нэлээд түүхий байгааг харуулж байна уу гэлтэй. Хөгжлийн банк нь арилжааны банкны хүрч чадахгүй орон зайд хөрөнгө оруулах бөгөөд арилжааны банк шиг хадгаламж татахгүй гэнэ. Санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс бүрдүүлж, үлдсэнийг нь олон улсын зээл, хөтөлбөр, тусламж гэх мэт арга замаар төвлөрүүлэх аж. Мөн үр ашигтай гэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас баталгаа гаргахаар хуульд тусгасан нь гишүүдийн санааг зовоосон юм. Түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэх сан нь уул уурхайн орлогыг нийгмийн халамж, дэд бүтцийн төслүүдэд зарцуулах үүрэг хүлээдэг бол Хөгжлийн банк халамжийг бус, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх аж.

Эцсийн эцэст Хөгжлийн банк байгуулж буйн гол шалтгаан нь урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох явдал. Хөгжлийн банкны тухай хуулийг нухацтай хэлэлцэхгүй бол алдаа гаргавал хариуцлага нь улсын төсөв дээр буухаар байна. Тиймээс тус банкийг тогтвортой, ашигтай, хараат бус байлгах нөхцөлийг олгосон хууль боловсруулах ёстойг УИХ-ын гишүүд анхааруулж байв. Мөн хуулийг нь батлаагүй байхад банкны ТУЗ байгуулж, менежментийн багийг шалгаруулсан нь УИХ-ын гишүүдэд яаравчилсан ямар нэг далдын сонирхол нуугдаж байх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд амжив. Түүнчлэн тендер зарлаад, гаднын төрийн өмчийн банкинд менежментээ даатгах гэж байгааг ч буруутгах УИХ-ын гишүүн ч байв. Харин Сангийн сайд С.Баярцогт “Хөгжлийн банк 100 хувь улсынх байна. Хөгжил бүтээн байгуулалтаа түргэвчлэхийн тулд л уг банкийг байгуулах учир дүрмийг нь Засгийн газраас батлаад үйл ажиллагааг нь явуулж байгаа. Хуулиа баталсаныхаа дараа тендерийн асуудлыг эргэж авч үзнэ” гэв.

Төсвийн байнгын хорооныхон олон шүүмжлэлтэй асуулт дундаас шийдэл олж чадсан. Тухайлбал, Хөгжлийн банкны хараат бус байдлыг хангахын тулд ямар зээлд уг банк хөрөнгө оруулахыг Засгийн газрын гишүүний саналаар биш ТУЗ нь шийддэг байх, баталгаа гаргасан төслийг бусад банк санхүүжүүлэх эрхтэй байхаар тохиролцсон. Мөн хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүний гуравны нэгээс доошгүйд хараат бус, мэргэжлийн хүн сонгохоор болов. Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Тендерийн урьдчилсан дүн гарч, нарийн хэлэлцээрийн ажил эхлээгүй байна. Солонгосын KDB, Японы Хөгжлийн санхүүжилтийн байгууллага гэж хоёр баг эцсийн шатанд оролцсон. Солонгосын хөгжлийн банк буюу KDB өөрийн туршлага, хөрөнгийн хэмжээгээрээ шалгарсан. Тэдэнд дайны дараах нэг хүнд ногдох нэн ядуу Солонгос улсыг одоогийн өндөр хөгжилтэй, технологи, үйлдвэрлэл хөгжсөн орон болгосон давуу тал байгаа. Гэхдээ албан ёсоор ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байна. Хөгжлийн банкны тухай хууль батлагдахаар одоогийн өгсөн саналуудыг боловсронгуй болгох ёстой. Агуулгыг эргэн харах шаардлага бий.

Урьд нь манайд төрийн өмчийн компаниудад олон улсын менежментийн баг ажиллуулж байсан туршлага байгаа. Хууль батлагдахаар гэрээ байгуулах процедурын асуудал болон бусад зүйл тодорхой болох юм. Оролцсон талуудын менежментийн баг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа явуулах төслүүдийг нарийвчлан судалж байгаа. Мөн үүнээс гадна дэлхийд хөгжлийн санхүүжилтээр ажиллаж байгаа туршлагатай, олон улсын нэр хүндтэй бусад байгууллага, дэлхийн томоохон корпорацитай зөвлөгөө авах чиглэлээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, Японы хөгжлийн банк, Германы KBФ, Ситибанк зэрэг байгууллагатай уулзаж, зөвлөгөө авч байгаа. Нээлттэй олон хувилбар байна гэж ойлгож болно” хэмээн ярьсан юм. Хөгжлийн банкыг амжилтад хүргэх гол түлхүүр бол менежментийн сайн баг юм.

Манай улс санхүүгийн хөгжлийн туршлага дулимаг тул гадаад, дотоодын дадлага туршлагатай, чадвартай мэргэжилтнүүдээс багаа бүрдүүлэх нь оновчтой гэдэг үүднээс ийнхүү шийдвэрлэсэн нь мэдээж. Хууль батлагдахын цагт Хөгжлийн банктай холбоотой олон асуудал тодорхой болох биз ээ. Ямартаа ч бүтээн байгуулалтад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж чадвал Хөгжлийн банкнаас хүлээх үр дүн нь тэр юм. Эцэст нь олон арван жилийн хугацаа шаардагдах аж үйлдвэр болон өндөр технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд л Хөгжлийн банк байгуулсны гол үүрэг гарах юм.