Бүх эмнэлгүүдэд багаж хэрэгсэл бэлэглэлээ

Манай оронд сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн өвчин тэр дундаа умайн хүзүүний хавдар, хөхний хорт хавдрын тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын сангаас бүх эмнэлгүүдэд өнөөдөр багаж хэрэгсэл бэлэглэлээ. Тус сангийн Эрүүл мэндийн төслөөс Хавдар судлалын үндэсний төвд хөхнөөс эдийн шинжилгээ авахад зориулагдсан орчин үеийн зүү, аймаг дүүргийн эмнэлэгт хөхний эсийн шинжилгээний багаж хэрэгсэл болон умайн хүзүүний хавдрын эмчилгээнд хэрэглэх мэдээ алдуулалтын зүү зэргийг ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар болон тус сангийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат нар хүлээлгэж өгсөн юм.

Монгол Улсад 2000-2008 онд оношлогдсон нийт хорт хавдрын хоёр хувийг, эмэгтэйчүүдийн дунд шинээр оношлогдсон бүх хорт хавдрын таван хувийг хөхний өмөн эзэлж, түүний 66.7 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон. Мөн энэ хугацаанд 100 мянган эмэгтэйд ногдох хөхний өмөнгийн өвчлөлийн түвшин 2.5-3.6-д хүрч, нас баралтын түвшин 0.6-1.3 хувь болж өссөн байна.