С.Эрдэнэ: Бүү амиа бод

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй зээлийн хүүг хуулиар зохицуулах асуудлаар ярилцлаа. Тэрбээр Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл боловсруулж байгаа юм.


-Зээлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэр нааштай зохицуулалт болно гэж та үзэж байна вэ?

-Энэ хуулийн төслийг санаачлахын тулд хоёр жил гаруйн хугацаанд судалгаа, шинжилгээ хийсэн. Гадаад зах зээл, бусад улс оронд банк санхүүгийн үйл ажиллагаа яаж явдаг, зээл, хүүгээ тооцдог, Монголбанкаас арилжааны банкуудад ямар бодлого баримталдаг гэх мэт нэлээд судалгаа хийлээ. Энэ бол ганцхан банкны зээлийн хүүгийн тухай асуудал биш эдийн засгийн бас нэг гол судас болсон банк санхүүгийн харилцааны асуудал. Үүнд хамаарахгүй нэг ч хүн байхгүй. Тиймээс энэ хуулийн төслийг боловсруулахад нэлээд хариуцлагатай хандсан. Өнөөдөр арилжааны банкуудад хадгалагдаж буй хадгаламжийн нийт хэмжээ Монгол Улсын төсөвт дөхсөн бөгөөд эдийн засгийн ямар ч үр дүнтэй эргэлтэд орохгүй байна. Хадгаламж эзэмшигчдийн хувьд ашигтай ч улс орны нийгэм, эдийн засаг, бизнес эрхлэгчдэд, эдийн засгийн идэвхтэй хэсэгт ямар ч үр нөлөөгүй. Хоёрдугаарт, банкны зээлийн хүү маш өндөр байна. Үнэхээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хайр найргүй хүүлж, мөлжиж байгаа хэлбэрүүд харагдаж эхэлсэн. Сүүлдээ банк зээл олгохдоо зөвхөн зээлийн хүү, хэмжээ тохирохоос гадна зээл олгосны төлөө шимтгэл авч эхэлж байна. Үүнийг төрөөс зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж харсан. Тиймээс энэ хуулийн төслийг судалж сонирхож эхэлсэн.

Арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн 18 хувь, сардаа 1.5 хувь түүнээс ихгүй байхаар, банк бус санхүүгийн байгууллагынх жилийн 36-35 хувь байхаар тооцсон.

үүгийн хэмжээг хэрхэн тогтоосон бэ?

-Өнөөдөр арилжааны банкуудын жилийн дундаж хүү 36 орчим хувь байна. Сарынх нь 2.5-3 орчим хувь болно. Энэ өндөр хүүтэй зээлийн дарамтаас аж ахуйн нэгжүүд босож ирэх хэцүү. Зарим банк хүүнээс хүү тооцож эхэлсэн. Энэ бол мөнгө хүүлэлтийн сонгодог хэлбэр. Бид хүүлэлтийн эсрэг буюу банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг санаачилж боловсруулахдаа одоогийн байгаа зээлийн хүүг нэг дахин бууруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол эхний алхам. Цаашид хүүг дахин буулгах үр дүнтэй ямар боломж байгааг судлах ёстой. Арилжааны банкууд тогтвортой байх ёстой гэх мэт олон хүчин зүйлийг тооцсон учир арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн 18 хувь, сардаа 1.5 хувь түүнээс ихгүй байхаар, банк бус санхүүгийн байгууллагынх жилийн 36-35 хувь байхаар тооцсон. Ингэсэн тохиолдолд аль альд нь эрсдэл харьцангуй бага, боломжийн түвшинд ажиллах бололцоотой гэж харж байна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна. Өнөөдөр хадгаламжийн дундаж хүү 15-18 хувь байна. Жишээ нь,100 сая төгрөгийн хадгаламжтай хүн жилдээ 15-18 сая төгрөгийн хүүгийн ашиг олдог. Энэ нь хадгаламж эзэмшигчдийн буруу биш. Хүн өөрийнхөө хуримтлалыг банкинд хадгалуулаад түүнээсээ хүүгийн ашиг олоод байж байна. Байх ёстой зах зээлийн харилцаа. Гол нь хадгаламжид төвлөрч байгаа асар их мөнгө өнөөдөр зөвхөн хадгаламжийн зориулалтаар, эзэн нь хүүгээс ашиг олох хэмжээнд суугаад байна. Уг нь хөрөнгийн зах зээл, бүтээн байгуулалт, эдийн засгийн бусад идэвхтэй үйлдлүүд рүү тэр мөнгөний урсгал орж байвал эргээд улс оронд, эдийн засгийн хүндрэлтэй байгаа цаг үед маш том амин дэм болох боломж харагдаж байгаа юм.

Зээлийн хүү буухаар хадгаламжийн хүү дагаад буурахаас өөр аргагүй. Ингэхээр хадгаламж эзэмшигчид өөрсдөө банкны хадгаламжийн хүүгээр амьдрах биш эдийн засгийн үр дүнтэй үйл ажиллагааг эрж эхэлнэ. Эхний ээлжид хөрөнгийн зах зээл рүү мөнгөний урсгал бий болно гэж харж байна. Бүтээн байгуулалтууд, өөр бизнес эдийн засгийн үр дүнтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн Монголд дотоодын эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгох боломж бий болно. Нөгөө талдаа зээлийн хүү буурснаар аж ахуйн нэгж, иргэдийн бизнес эрхлэх идэвх, итгэл нэмэгдэнэ. Тэдний ашиг орлого нэмэгдэнэ. Дагаад ажлын байр нэмэгдэнэ. Маш олон эерэг үр дүн харагдаж байна. Зээлийн хүүг бууруулах нь нийт харагдаж байгаа дүр зургаараа аль ч талдаа ашигтай.

-Зах зээлийн жамаараа явах ёстой зүйлийг төрөөс зохицуулах хэрэггүй гэх хүмүүс байна.

-Эрэлт, нийлүүлэлт зах зээлийн жамаараа явах ёстой гэж зарим банкир хүртэл бичсэн байна л даа. Тэгэхээр би үүнд шулуун ганц л зүйл хэлмээр байна. Амиа битгий бодооч ээ. Эрэлт, нийлүүлэлт гэдэг чөлөөт зах зээл манайд хангалттай явлаа шүү дээ. 27-28 жилийн хугацаанд банкны зээлийн хүү буурсан нь хаана байна. Зээлийн эрэлт өндөр. Хүү нь ч өндөр хэвээрээ. Бүр эсрэгээрээ дотоодын зах зээл дээрх хөрөнгө оруулалт үндсэндээ тэг болчихлоо. Хүмүүс яагаад дотооддоо хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулахгүй байгаа юм. Өөр ашигтай боломж байгаа учир түүнд хөрөнгө оруулж эрсдэл хүлээх ямар шаардлага байгаа юм. Эрэлт, нийлүүлэлт нь өөрөө зах зээлийнхээ зарчмаас гажлаа. Зах зээлийн зөв менежментийн зарчмаараа явахгүй, харин ч эрэлт, нийлүүлэлт нэрийн дор мөнгө хүүлэх гол арга болчихож. Тэгэхээр үүнд төрөөс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Ер нь Европын орнууд, Америкт төрөөс ийм байдлаар зохицуулалт хийж, тэр байтугай илүү нарийвчилж зорилтот бүлгүүдэд өгч байгаа зээлийн дээд хүүг тогтоодог аж. Манайд одоогоор ийм боломж нөхцөл бүрдээгүй учир ерөнхийд нь банкуудаас олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож байна.

27-28 жилийн хугацаанд банкны зээлийн хүү буурсан нь хаана байна. Зээлийн эрэлт өндөр. Хүү нь ч өндөр хэвээрээ. Бүр эсрэгээрээ дотоодын зах зээл дээрх хөрөнгө оруулалт үндсэндээ тэг болчихлоо

-Хуулийн төсөл боловсруулах явц ямар байна вэ?

-Хууль батлуулах тухай хуулийн дагуу нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Мөн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд хуулийн төслөө ил болгон хэлэлцүүлж байна. Удахгүй Ерөнхийлөгчийн иргэний танхимд банк болон банк бус санхүүгийн байгууллагын удирдлагууд мөн сонирхогч талууд, төрийн бус байгууллагуудын оролцоотой өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийхээр бэлдэж байна. Энэ хэлэлцүүлгийн дараа хууль өргөн барих болзол нөхцөл хангагдсан тохиолдолд хуулиа өргөн барина.

-Эдийн засаг, бизнесийн орчны өнөөгийн дүр зургийг та хэрхэн харж байна вэ. Үнэхээр зээлийн хүүгээс үүдэн сөхөрч унасан аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй та уулзсан уу?

-Өнөөгийн хүнд хэцүү, сөхрөөд уначихсан аж ахуйн нэгжүүдийг харж буй учир энэ хуулийг санаачилсан. Тэдний уналтын шалтгааны нэг нь мөнгө хүүлэлт болчихоод байна. Өнөөдөр монголчууд хураасан капитал байхгүй тэг төгрөгөөс бизнес эхэлж байгаа. Ингээд бизнес эрхэлж, юм хийх гэхээр банкны зээл зайлшгүй авдаг. Гэтэл зээлийн хүү өндөр. Ялангуяа шинэ төгсөгч, залуучуудын хувьд бизнесийн шинэ санаагаа амьдруулъя гэхээр зээл авсан өдрөөсөө өрөнд ордог. Юун бизнес манатай, барьцаанд тавьсан машин, орон сууцаа алдах байдалд хүрч байна. Тэдний баялаг бүтээж улс орны хөгжилд хувь нэмэр оруулъя гэсэн ирмүүн сэтгэл санааг нь унтрааж байна шүү дээ. Асуудал хүндэрвэл гадаадад гарах, цаашлаад луйврын ямар нэг арга хэлбэр рүү шилждэг. Тиймээс үүнийг бид засаж залруулах ёстой.

-УИХ өнгөрсөн оны мөнгөний бодлогыг эдийн засагт нэлээд ахиц авч ирсэн сайн бодлого болсон гэж дүгнээд байна шүү дээ.

-Инээдтэй л юм. Үүнд би хоёрхон тайлбар өгье. Өнгөрсөн онд Төвбанкны ерөнхийлөгч шинээр томилогдсон даруйдаа Монголбанкны гадаад валютын нөөц 400 сая ам.долларын алдагдалтай болсон гэж зарласан. Гэтэл тухайн үед гадаад валютын сан дээр 1.5 тэрбум ам.долларын нөөц байсан. Үүнийг ерөнхийлөгч тайлбарлахдаа Хятадтай байгуулсан хоёр тэрбум юанийн своп хэлцлийн хугацаа дуусч байгаа тул төлөх шаардлагатай гэсэн. Гэтэл үгүй байхгүй юу. Тэр своп хэлцэл хугацаа нь дуусах болохоор хоёр улсын банк хоорондоо хэлэлцэж хэлцлийн хугацааг сунгаад явдаг. Энэ хоёр тэрбум юаньтай тэнцэх хэмжээний төлбөр хийгдээгүй. Своп хэлцлийн хугацаа сунгагдсан. Энэ жил дахин сунгагдсан. Тэгэхээр энэ төлбөр хийгдээгүй гэсэн үг. 1.5 тэрбум ам.доллар тэр дансандаа хэвээр үлдчихсэн. Одоо энэ онд 2.2 тэрбум долларын нөөцтэй боллоо. Сөрөг 400-аас ийм болголоо гэж ярьж байгаа нь инээдтэй.

Тэгэхээр сайн бодлого хэрэгжүүлсний үр дүнд сайжраад байгаа юм байхгүй. 1.5 тэрбум ам.долларыг хасаж тооцоод байна шүү дээ. Ерөөсөө л гадаад зах зээл дээрх манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн. Гадаад эдийн засагт гарч ирсэн таатай нөхцөлийн улмаас орж ирэх мөнгөний урсгал нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлт бий болсон. Гэтэл үүнийг өөрсдөө хийсэн ажлын үр дүн гэж байна. Нэг ч үйлдвэрлэл бий болж, нэг ч зам бариагүй шүү дээ.

-Ирэх оны төсвийг баталлаа. Сөрөг хүчин ямар дүн тавьж байна вэ?

-Хэт улстөржсөн, хэт үрэлгэн төсөв боллоо.7.2 тэрбум их наядын орлоготой. 9.6 их наядын зарлагатай, 2.4 их наядын алдагдалтай төсөв батлагдлаа. Ийм төсөв баталчихаад үүнийгээ үр дүнтэй боллоо гэж яриад байгааг гайхаж байна. Олон сургууль, цэцэрлэг барих, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ. Би бол үүнийг улстөржсөн хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Гишүүдийнхээ амлалтыг биелүүлэхийн тулд тойргуудад нь бөөн сургууль, цэцэрлэг тавьчихсан. Тэдгээр нь баригдах юм уу бүү мэд. Харж л байя.

2018 оны төсвийн гүйцэтгэл ирэх оны намар гарахад ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Энэ оны төсвийн тодотгол мөн адил. Орлого 611 тэрбум орчим төгрөгөөр давж биелсэн. Үүний 497 тэрбумыг төсвийн тодотголоор зарахаар баталчихсан. Одоо оноос өмнө тэр олон тендер явж амжих уу. Оноос өмнө тэр их мөнгө эдийн засагт шингэж чадах уу. Үр дүнгээ өгч чадах уу. Би бол чадахгүй гэж харж байна. Сая 119 тэрбум төгрөгөөр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байна гэж бахархаад ярьж байна. Гэтэл үүнийг нийт тэтгэвэр авагчдын тоонд хувааж үзэхээр нэг тэтгэвэр авагчид дунджаар наймхан хувь л нэмэгдэж байна. Доод хэмжээгээр бодоход 240 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнийх 20 хүрэхгүй мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Гайхуулаад байх мөнгө мөн үү.

-Эрүүл мэндийн даатгалын санг салбар яам руу шилжүүллээ. Өмнө нь энэ санг удирдаж явсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Ер нь эрүүл мэндийн даатгалын сан гэдэг бол иргэд эрүүл мэндийн эрсдэл учирсан үед тэтгэмж тусламж авах, эрсдэлээ даван туулах, дэмжлэг авах зориулалтаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг мөнгө. Гэтэл үүнийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд өгнө гэдэг бол нэг гараар үйлчилгээ үзүүлээд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө нөгөө гараараа өөртөө төлбөр хийнэ гэсэн үг. Эмчилгээ, үйлчилгээний чанарт хэн хяналт тавих юм. Тэр төлбөр үнэн зөв хийгдэж байгаа эсэхэд хэн хяналт тавьж, хэн нь хариуцлага хүлээх юм.

Би гайхаж байна. Энэ даатгалын сангийн хөрөнгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж авах юм уу, эмч, ажилчдын цалинг нэмэх юм уу. Энэ чинь тийм зориулалттай мөнгө биш. Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын төсөв зардал гээд төр хариуцах үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгал нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс то­дорхой зардлыг төлдөг сан.