Бөөрөө хайрлая

Өнөөдөр дэлхийн “Бөөр хамгаалах өдөр”. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлжээ. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэсэн бөгөөд энэ жилийн хувьд “Бөөрний цочмог гэмтлээс сэргийлье” нэрийн доор зохиож байгаагаараа онцлог аж.

Манай улсын эрүүл мэндийн салбарт зайлшгүй шийдэх ёстой асуудлуудын нэг нь бөөрний архаг өвчин. Бөөрний эмгэгийг Монголд хоёр аргаар эмчилдэг. Эхнийх нь хиймэл бөөрний аппарат буюу гемодиализ. Энэ нь өндөр технологи учраас үнэтэй, нэг удаа ороход 150 мянган төгрөг бөгөөд долоо хоногт гурван удаа орох шаардлагатай аж. Улсын хэмжээнд 200 гаруй хүн тус аппаратад ордог. Иймд долоо хоногт нэг хүнд дунджаар 500 мянган төгрөг, жилд дунджаар дөрвөн тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс гаргадаг байна.

Дараагийн арга нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал аж. Монголд 100 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгуулсан ба зөвхөн мэс засал эмчилгээнд хувь хүнээс 3.5 сая төгрөг, улсаас 8.5 сая төгрөг зарцуулдаг байна. Жилд нэг хүний дархлаа тогтоох эм 1000 гаруй ам.долларын өртөг шаарддаг аж. Энэ нь хувь хүнд төдийгүй эрүүл мэндийн салбарт асар их тоо гэдгийг ЭМЯ-ныхан учирладаг. Гэвч бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэхийн зэрэгцээ анхлан оношлуулагчдын 60-65 хувь нь архагшсан байдаг тухай эмч нар ярьж байна.