Б.Алтанцэцэг: Эдийн засагт үнэгүй “хоол” гэж байдаггүй

-Мөнгөний бодлого үр ашигтай хэрэгжихэд хүмүүсийн итгэл чухал-

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхмийн эрхлэгч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Ипотекийн зээлийн талаарх таны байр суурийг сонсох гэсэн юм. Ипотекийн зээл зах зээлийнхээ зарчмаар хөгжиж чадаж байна уу?

-Манайд урт хугацааны моргейжийн зээл хэрэгжээд багагүй хугацааг туулж, тодорхой хэмжээнд хөгжиж байна. Гэхдээ санхүүгийн байгууллагууд хэтэрхий эрэлтэд хөтлөгдөж, зээлдэгчийн чанарт тавих анхаарлаа сулруулж болохгүй. Угаас зах зээлийнхээ зарчмаар хөгжиж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан энэ үед ипотекийн зээл Монголд байх цаг нь болсон, болоогүй гэж ярих нь төдийлэн оновчтой биш. Харин зөв хөгжүүлэх хэрэгтэй. Манайх шиг шинэ тутам, хэдхэн жилийн дотор ипотекийн зээл өгч байгаа орон байтугай олон жилийн туршлагатай, санхүүгийн салбар нь өндөр түвшинд хөгжсөн улсад санхүүгийн хямрал нүүрлэхэд, хямарлын гол сэжигтэн нь орон сууцны зах зээл, тэр дундаа ипотекийн зээл явж байгаа. Үүнийг мартаж болохгүй, нөгөө талаасаа маш том сургамж юм.

Банкууд зээлдэгчдэд зээл өгөхийн төлөө бус хамгийн гол нь зээлийн эргэн төлөлт, санхүүгийн баталгааг зөв тооцоолох учиртай. Уг нь ипотекийн зээл дунд болон урт хугацаанд хөрөнгийн зах зээлээ дэмждэг. Гэхдээ иргэдээ орон сууцжуулах ипотекийн зээлийн асуудалд төрөөс тооцоо судалгаатай хандах хэрэгтэй. Нэгэнт зээлийн эрэлт хэрэгцээ байгаа тохиолдолд иргэдэд ипотекийн зээлийг өгч болно. Хамгийн гол нь тухайн иргэн зээлээ эргэн төлөх чадвар хэр байгааг үнэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн эрсдэлийн талаарх мэдээллийн сан үүсгэх нь оновчтой. Ипотекийн зээл Монголд шинэ үзэгдэл биш гэдгийг дээр хэлсэн. Харин өнөөгийн Засгийн газар, Монголбанкны дэмжлэгээр эрчимжиж байгаа гэвэл ононо.

-Найман хувийн импотекийн зээлд иргэд хошуурч байна. Үнэхээр таатай боломж мөн үү?

-Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг бодлогын хувьд зөв гэж бодохгүй байна. Найман хувийг ипотекийн зээлээс салгаж ойлгох нь зүйтэй юм шиг. Иргэд найман хувийн хүүтэй зээлээр хямд орон сууцтай болж байна гэвэл үгүй л болов уу. Эдийн засагт үнэгүй “хоол” гэж байдаггүй. Хэн нэгэн хүүгийн зөрүүг заавал төлж таарна. Тухайлбал, найман хувийн хүүтэй зээл тусгай зориулалттай учраас орон сууцны эрэлт өснө гэсэн үг. Мөн зээлдэгчдэд зардлын дарамтыг бууруулж, зээлийн хүүг найман хувьд барина гэвэл цаашид эрэлт улам өснө. Ингэснээр, хямд байгаа найман хувийн хүүгийн зардал орон сууцны үнэд очиж сууна. Зээлдэгч хямд хүүтэй зээлээр өндөр үнэтэй орон сууц худалдан авах болно.

-Найман хувийн хүүтэй ипотекийн зээл зорилгоо биелүүлж чадаж байна уу?

-Иргэдэд хямд өртөгтэй зээл хүргэх, түүгээр дамжуулан орон сууцжуулах нь тус хөтөлбөрийн үр дүн. Хэрвээ тухайн иргэн өндөр үнэтэй орон сууц худалдан авч байвал эцэстээ найман хувийн хямдхан зардлаар орон сууцтай болох гээд байгаа бодлогын үр дүн гарахгүй. Үүнээс үүдэн зарим эдийн засагч орон сууцны найман хувийн зээлд төдийлэн ам сайтай биш байгаа. Эдийн засгийн зарчим гэж байдаг. Түүний хүрээнд зээлийн холбоо хамаарлыг аваад үзэхэд Монголбанк найман хувийн зээлийг шууд санхүүжүүлж байгаа нь мөнгөний бодлогод эргэлзээ төрүүлж байна. Эдийн засагт эргэлдэх төгрөгийн хэмжээ ч өсөн нэмэгдэж байгаа. Тиймээс төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарч болзошгүй.

-Таны харж байгаагаар ам.долларын ханшийн өсөлтөд юу нөлөөлөв?

-Хоёр таамаг байна. Нэг нь төр, засгийн түвшинд хэлээд буй экспортын орлого багассан, гаднын хөрөнгө оруулалт буурсан. Үүнээс шалтгаалан валютын нийлүүлэлт буурсан. Ам.долларын нийлүүлэлт талаас нь дээрх тайлбар хийж болох юм. Хоёр дахь нь гадаад валютын ханш төгрөгөөр тодорхойлогдож байгаа. Ипотекийн зээлтэй холбоотойгоор ихээхэн хэмжээний бэлэн мөнгө эдийн засагт орж байна уу гэсэн таамаг байна. Арай элбэг байгаа зүйл хямд байдаг. Тиймээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш унасан болов уу.

-Монголбанкнаас хэрэгжүүлж буй төрийн мөнгөний бодлого эрүүл, зохистой бодлого мөн үү?

-Миний хувьд Монголбанкны мөнгөний бодлогод шүүмжлэлтэй хандаж ирсэн. Одоогийн бодлогод ч мөн адил сэтгэл дундуур байна. Мөнгөний бодлого макро эдийн засгийн хүчтэй хэрэгсэл. Мөн уян хатан шинжтэй. Уг бодлогоор дамжуулан богино хугацаанд эдийн засагт тодорхой хэмжээний өөрчлөлт гаргах боломжтой харагддаг. Үүнээс гадна онц шаардлагатай үед хүнд сурталгүйгээр, зардал багатай хэрэгжих давуу талтай. Энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа байгууллага нь Монголбанк. Мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнд чухал нөлөөтэй хүчин зүйл нь хүмүүсийн итгэх итгэл бөгөөд тухайн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх байгууллагад иргэд хэр итгэж байгаагаас бодлогын үр дүн хамаарах гээд байдаг. Тухайлбал Германы холбооны банк хамгийн итгэл даасан банк гэж үнэлэгддэг. Энэ нь тухайн банк инфляцийн түвшинг хэр сайн онилж, түүндээ хүрч чадсан эсэхээс хамаарах үзүүлэлт юм. Нөгөө талаас мөнгөний бодлогын үр дүн нь өөрөө хүмүүсийн бодлогод итгэх итгэлд нөлөөлдөг.

-Та Монголбанкны мөнгөний бодлогод хэр итгэж байна вэ?

-Монголбанкийг иргэдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага байгаасай гэж хүсдэг. Аливаа улсын Төвбанкны хараат бус байдал алдагдвал мөнгөний бодлого богино хугацаанд эдийн засгийг халаах боломжтой тул түүнийг улс төрийн зорилгоор ашиглах, нөхцөл боломж бүрддэг. Улс төрийн зорилгоор мөнгөний бодлогыг ашиглах нь эдийн засагт маш хортой үр дагавар авчирдаг учраас дэлхийн орнууд мөнгөний бодлого хариуцсан байгууллагынхаа бие даасан статусыг маш сайн хангаж өгдөг. Гэтэл манай Төвбанк сүүлийн жилүүдэд Засгийн газартайгаа хөтлөлцөөд бодлого хэрэгжүүлэх болсон нь эрсдэл дагуулж мэдэхээр байна. Түүнчлэн, Төвбанкинд итгэх хүмүүсийн итгэл мөнгөний бодлогын хэрэгжилтэд чухал нөлөөтэй байдаг. Монголбанкнаас хэрэгжүүлж буй өнөөгийн олон талт бодлогын үр дүн эрсдэлтэй харагдаж байна. Уг нь инфляци болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад л анхаарлаа хандуулан ажиллах учиртай бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах өөрт оногдсон үүргээ бие даасан, Засгийн газраас хараат бус бодлогоор л гүйцэтгэх боломжтой. Хэрэв Монголбанкинд итгэх иргэдийн итгэл алдарвал мөнгөний бодлогоор инфляцийг удирдахад амаргүй болж, мөнгөний бодлогын үр нөлөө сулрах аюултай.

-Монголын нэр хүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэн дэлхий нийтэд унаж байгааг хэн хүнгүй хэлэх болсон. Гэрээнээс үүдэн далд уурхайн хөрөнгө оруулалт ч зогслоо. Та монгол хүнийхээ хувьд Оюутолгойн гэрээний талаар ямар бодлыг тээж явдаг вэ?

-Мэдээж монгол хүний хувьд Монгол Улсад ашигтай, үр өгөөжтэй сайн гэрээ хэлцэл хийгдээсэй гэж хүсч явдаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлдэг байх нь аливаа эдийн засгийн харилцаанд тун чухал. Мэдээж муу гэрээ байгуулсан бол гэрээг цуцлах гэж яарахын оронд, түүнийг байгуулсан эзэдтэй нь хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах арга зам бий шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэрээ бол тоглоомын дүрэм. Гэтэл өнөөдөр гэрээг хэрэгжүүлэхээсээ өмнө цуцлах, өөрчлөх тухай ярьдаг болсноороо төр энэ тал дээр буруу үлгэр жишээ үзүүлээд байна уу гэж харах юм. Манайд гадаадын хөрөнгө оруулагчид үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад гэрээний хэрэгжилт хамгийн чухал. Харин төрөөс эдгээр гэрээнд хандаж буй өнөөгийн хандлага нь дэлхий нийтэд, хөрөнгө оруулагчдад Монгол Улс, монголчуудыг итгэл муутай харагдуулаад байна.

Танай төр хэлсэндээ хүрдэггүй гэсэн хандлагаар монгол хүнтэй дэлхий нийт харьцана. Тиймээс зөвхөн Монгол Улсын бус Монгол хүний нэр хүнд ч гэсэн гэрээнээс болж давхар унаад байна. Түүгээр зогсохгүй өнөөдөр зурсан гэрээг маргааш зөрчиж болно гэсэн буруу соёлыг иргэддээ зааж байна. Уг нь монголчууд хэлсэндээ хүрдэг, за гэвэл ёогүй гэсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс бидний имижийг төр битгий эвдээд байгаач ээ гэж хэлье. Зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр бүх зүйл эцэс болохгүй. Тиймээс төр хэлсэндээ хүрдэг, гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлдэг байх учиртай. Түүнээс эргэж буцдаг, тоглоомын дүрмээ зөрчдөг байж болохгүй. Гэрээ хэрэгждэг газар гаднын хөрөнгө оруулалт аяндаа орж ирэх бөгөөд монгол хүн бол хэлсэндээ хүрдэг гэсэн итгэл урт болон дунд хугацаанд сайн хамтын ажиллагааг дагуулна. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эргэж буцаад байвал хэн ч бидэнтэй бизнес хийхгүй. Оюутолгойн гэрээг иргэн хүний хувьд сайн гэрээ болсон гэж хэлэхгүй. Гэсэн ч гэрээ шүү дээ.