Б.Батжаргал: Гадаадынхан бидэнд итгэж байна

Хөгжлийн банк байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус банкны ТУЗ-ийн дарга Б. Батжаргалтай энэ хугацаанд ямар ажил хийж амжуулсан болон цаашид юу хийхээр төлөвлөж байгаа талаар уулзаж ярилцлаа.

-Танд болон Монгол улсын Хөгжлийн банкны хамт олонд Хөгжлийн банк байгуулагдсаны нэг жилийн ойн мэндийг хүргэе. Асуултаа амжилт ололтын тухай яриагаар эхлэе. Та бүхэн энэ нэг жилийн хугацаанд хэр зэрэг олз омогтой ажиллав?

Их баярлалаа. Монгол улсын Хөгжлийн банк улс орны хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны санхүүжилт олгох зорилготойгоор байгуулагдсанаас хойш даруй нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай банкны хамт олон, дотоод дүрэм журмаа сайжруулах, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж иржээ. Эргээд харахад бид олон улсын зах зээл дээр өрийн бичиг гаргах чиглэлээр чамгүй ажлуудыг хийж гүйцэтгэж чаджээ. Манай банкны залуу хамт олон банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоолгох, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх, боломжит хөрөнгө оруулагчидтай уулзах, өрийн бичгийн хөтөлбөрөө танилцуулах, өрийн бичгийн хүүгийн түвшинг тогтоох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд өрийн бичгээ олон улсын зах зээл дээр амжилттайгаар арилжаалж нийт 600 сая ам.долларын хөрөнгийг ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулбал харьцангуй бага хүүтэйгээр босгон Монгол улсын өрийн бичгийн жишиг хүүг олон улсын санхүүгийн зах зээлд тогтоосон. Үүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан банкны нийт хамт олон, ТУЗ-ийн гишүүд болон хамтран ажилласан Сангийн яамныхандаа талархалаа илэрхийлье. Энэ оны гуравдугаар сард олон улсын зах зээл дээр нээлттэй хэлбэрээр гаргасан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийн бичгийг 300 гаруй хөрөнгө оруулагчид худалдан авах сонирхлоо илэрхийлж, бидний гаргасан өрийн бичгийн хэмжээнээс 12 дахин их хэмжээний захиалга буюу зургаан тэрбум ам.доллар хөрөнгө оруулах саналыг хүлээн авлаа. Энэ нь гадаад улс орнууд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд итгэж буй итгэлийг илтгэсэн тод томруун жишиг боллоо.

-Хөгжлийн банк өнгөрсөн оны сүүлээр, энэ оны гуравдугаар сард өрийн бичиг гаргаж хөрөнгө босгож чадлаа гэлээ. Энэ хөрөнгийн зарцуулалт ямар шатандаа явж байгаа талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

Монгол улсын Хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш хөрөнгө, мөнгө босгохын зэрэгцээ УИХ-аас баталсан томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох байгууллагуудаас зээл олгох хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулалт хийх, ирүүлсэн материалыг судлах, шинжилгээ хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж ирлээ. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк улсын төсвөөс эргэн төлөгдөх нийгмийн үр ашиг бүхий төслүүдийг санхүүжүүлэхээр Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх ерөнхий нөхцлийг тохиролцох гэрээг Сангийн яам, ЗТБХБЯ-тай байгуулаад байна. Энэ гэрээний дагуу бид Тосонцэнгэл-Улиастай, Тариалан-Мөрөнгийн чиглэлийн авто замын барилгын төслүүд зэрэг нийт зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон замуудыг санхүүжүүлэхээр ажиллаж байна.

Манай хамт олон Монгол төрийн хамгийн том бодлогын санхүүгийн байгууллагад ажилладагийн хувьд Хөгжлийн банкны хууль, холбогдох журмаар тогтоосон бүхий л шаардлага, шалгуурыг хангуулах тал дээр маш хариуцлагатай хандаж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл "хагас төсвийн" шинж чанартай энэхүү санхүүгийн байгууллага нь эдийн засгийн өсөлтийн суурь болсон дэд бүтцийн томоохон төслүүд, болон эдийн засгийн төрөлжилтийг бий болгох зэрэг Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал зорилтуудыг хэрэгжүүлэх зорилготой банк учраас манай хамт олон хариуцлагаа өндөр ухамсарлаж ажилладаг. Жишээлбэл зураг, төсөв нь хийгдээгүй олон зуун км автозамын хэд хэдэн төслийг санхүүжүүлэх асуудлыг Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамнаас 10-аад хоногийн өмнө тус банкинд хандсаныг ТУЗ хэлэлцээд хуульд нийцүүлэх үүднээс зураг төсөв нь батласны дараа авч үзэхээр буцаасан. Төмөр замын болон бусад төслүүдийн хувьд санхүүжилт хийгээгүй байгаа нь манай банкнаас шалтгаалсан нэг ч зүйл байхгүй бөгөөд одоо зөвхөн холбогдох байгууллагууд хууль, журамд нийцсэн материалаа бүрдүүлж ирүүлэх асуудал л бий. Нэгэнт тус банкинд 600 сая ам.долларын хөрөнгө бэлнээрээ байгаа тохиолдолд бид уг хөрөнгийг аль болох хурдан зөв зохистой төслүүдийг санхүүжүүлэх эрмэлзэлтэй байна. Ер нь цаашид энэ байгууллагын бие даасан байдлыг хангах чиглэлээр ялангуяа улс төрөөс аль болох үл хамааралтай байлгах талаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.

-Их хэмжээний хөрөнгийг гаднаас зээлсэн болохоор хүүгийн зардалд бас багагүй хэмжээний төлбөр төлөх байх. Ер нь танай банк хөрөнгийн удирдлагын хүрээнд 600 сая ам.доллараа хэрхэн удирдахаар төлөвлөж байгаа вэ?

Би өмнө нь мэдээлэл хүргэж байсанчлан 600 сая ам.долларын өрийн бичгийн хүүгийн төлбөрт манай банк өдөр 98 мянган ам.доллар төлж байгаа. Банкны хөрөнгийн зохистой удирдлагыг хангах хүрээнд 600 сая ам.доллараар төв банкны үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны зохицуулалт хийх саналтай байгаагаа гүйцэтгэх удирдлагаас ТУЗ-д мэдээлэл ирүүлсэн байгаа. Цаашид хөрөнгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийх шаардлагатай байгаа нь ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл бид санхүүжүүлэх төслүүдээ бэлэн болгоогүй байж их хэмжээний санхүүгийн эх үүсвэр татахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ манай банк олон зуун сая ам.доллараар хэмжигдэх хөрөнгийн зохицуулалтыг хийж байдагтай холбоотойгоор бүх ажилтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байх, мөн саяхан шинээр батлагдсан ашиг сонирхолын хуулийн зохицуулалтад хамрагдах хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Танай банкныхан цаашид хийхээр төлөвлөсөн ажил нэлээдгүй байгаа байх. Хийхээр төлөвлөсөн гол ажлуудаасаа танилцуулахгүй юү?

Өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу бид Засгийн газрын баталгаатай 600 сая ам. долларын эх үүсвэрийг Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс амжилттай босгосон. Цаашдаа санхүүжилтийн бусад эх үүсвэр бий болгох олон арга замыг эрэлхийлж ажиллах болно. Засгийн газрын баталгаагүйгээр бусад боломжит эх үүсвэрийг ашиглах нь бидний ирээдүйн чухал зорилт юм. Энэ зорилтын хүрээнд АНУ-ын Экспорт-Импорт банк, Япон улсын Сүмитоми Мицүй, БНХАУ Экспорт-Импорт банктай хамтын ажиллагааны суурийг тавиад байна. Хамтран ажиллах банкуудын зарим нь манай банкны нэгэн адил улсын банк бөгөөд ижил чиг үүргийг хэрэгжүүлдэг тул хамтран ажиллахад дөхөм болно. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг банкуудтай хамтран харилцан үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд цаашдын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны цар хүрээгээ чиглүүлж байна. Үүнд дэд бүтэц, төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, орон сууцны зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсруулах аж үйлдвэрийн шинэ цогцолборыг бий болгох, байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж байгаад бид их олзуурхаж байгаа. Түүнчлэн хүүгийн зардлыг бууруулах, эх үүсвэрээ үр ашигтай байршуулах, хөрөнгийн удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар нилээдгүй ажлыг сэдэн санаачилж байна.

-Таны ярьснаас Хөгжлийн банк маань энэ богинохон хугацаанд нилээдгүй их ажил амжуулж, их эрч хүчтэй ажилласан гэж дүгнэж болох нээ.

Та зөв хэллээ. Хөгжлийн банкныхан маань өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд энэ нэг жилийн хугацаанд хүчээ зөв дайчилж ажилласан гэдгийг хэлэхэд таатай байна. Хэдийгээр зарим нэгэн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл биднийг шүүмжилж, бидний хийснийг сөргөөр мэдээлэх үе гарч байсан ч Хөгжлийн банкны хамт олон маань амжилт ололтоор дүүрэн нэг настайгаа золгож байна. Бид бодитой ажил хийж гүйцэтгэсний дараагаар мэдээлэл хийсээр ирсэн. Үүний зэрэгцээ өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан банкныхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулан ажиллаж байна. За тэгээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн ирэх өдрүүдэд хийх ажлуудаа цэгнэн төлөвлөж буй банкныхаа нийт хамт олондоо болон харилцагч байгууллагуудаа Монгол Улсын Хөгжлийн Банк байгуулагдсаны ойн мэндийг хүргэж ажлын амжилт хүсье.