Б.Болд: Хөрөнгийн зах зээлд сүүлийн 20 жилд хийгээгүй хөрөнгө оруулалт 2011 онд орж ирнэ

Ньюком группийн гүйцэтгэх захирал Б.Болдтой хөрөнгийн зах зээлийн тухай ярилцлаа.“Ньюком” нь 2000 гаруй ажилтантай, “Мобиком”-ын хамгийн том хөрөнгө оруулагч, мөн дотоодын нислэгийн зах зээл дээр тэргүүлэгч “Изинис” компанийг 100 хувь эзэмшигч, Монголын анхны салхин парк байгуулах “Клин Энержи” компанийг үүсгэн байгуулагч юм.
Харин тус группийн гүйцэтгэх захирлыг АНУ-д хоёрт ордог хөрөнгө оруулалтын “JPMorgan” банкинд 10 гаруй жил ажиллаж, хөрөнгө санхүүгийн салбарт арвин туршлага хуримтлуулсан хүн гэж үздэг. Тиймээс ч тэрхүү туршлага мэдлэг боловсролыг нь харгалзан Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилсон биз ээ. Манай сэтгүүл ч хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, ард иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх зорилгынхоо хүрээнд Б.Болд захиралтай хамтран ажиллаж, хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлийн талаар цуврал ярилцлага, нийтлэл бичихээр төлөвлөж байна.

-Өнөөдөр манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил ямар түвшинд явж байна, ямар саад бэрхшээл байна вэ?

-Хөрөнгийн зах зээл хурдтай хөгжихгүй байгааг ганц биржийн менежмент ч юм уу, эсвэл зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай холбож тайлбарлавал өрөөсгөл хэрэг болох болов уу. Олон зуун жилийн туршид хөрөнгийн зах зээлээ үр дүнтэй хөгжүүлж ирсэн улс орны жишгийг харахад хөрөнгийн зэх зээл дээр голлон оролцогчдыг ерөнхийд нь таван бүлэгт хувааж болдог. Энэ бүлэг тус бүр дээр ямар саад тотгор байгааг бага ч болов тайлбарлавал илүү тодорхой дүр зураг харагдах байх.
Нэгдүгээр хэсэгт хөрөнгө оруулагч нар орно. Хөрөнгө оруулагч бол хөрөнгийн зах зээл дээр хамгийн чухал үүрэг гүйцэтгэгчид байдаг. Хөрөнгө оруулагчдыг дотор нь институциональ буюу байгууллагын хөрөнгө оруулагч, бие даасан буюу хувь хүн гэж хувааж болно. Институциональ дотроо тэтгэврийн сан, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сан, банк, гадаадын сангууд, хедже сан зэрэг багтдаг. Монголын хөрөнгийн зах зээлийг харахад өнөөдөр хувь хүн буюу бие даасан хөрөнгө оруулагчид дийлэнх хувийг эзэлж байна. Хамгийн гол нь манай хөрөнгийн зах зээлд бие даасан хөрөнгө оруулагчдын оруулж буй хөрөнгө бага хэмжээтэй байдаг учраас хөрөнгийн хөрвөлт сайн үүсч чаддаггүй.

-Гаднын бирж дээр байгууллагын болоод бие даасан хөрөнгө оруулагчдын харьцаа ямар байдаг юм бол. Ийм хөрөнгө оруулагчдын давуу болон сул тал юу байх вэ?

-Гадаадын биржүүдэд бие даасан хөрөнгө оруулагчдын эзлэх хувь тун бага. Харин Хонконгийн хөрөнгийн бирж дээрх хөрөнгийн 70-90 хувь нь бие даасан хөрөнгө оруулагчдынх байдаг. Томд тооцогдох байгууллагын хөрөнгө оруулагчдын ихэнх нь Лондон, Нью -Йоркт байрлаж, тэндхийн хөрөнгийн зах зээлд оролцдог гэж хэлж болно. Бие даасан хөрөнгө оруулагчдын сул тал нь эдгээр хүмүүсийн дийлэнх хувь нь богино хугацаанд үнэт цаасны үнийн зөрүүн дээрээс орлого олох зорилготойгоос болж үнийн хэлбэлзэл өндөр байдаг. Харин байгууллагын хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулдаг. Гэхдээ дан гаднын байгууллагын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь бас сул талтай. Тэд хөрөнгө оруулах, эсвэл хөрөнгөө эргүүлэн татах үед хөрөнгийн болоод валютын зах зээл дээр хэт хэлбэлзэл үүсдэг. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Монголдоо дотоодын гэсэн байгууллагын хөрөнгө оруулагчдыг бий болгож, тэр дундаа тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан болон хедже сан зэргийг байгуулан, эдгээрийг хөрөнгийн зах зээлд оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

-МХБ-д бүртгэгдсэн мөртлөө арилжигддаггүй олон хувьцаа байдаг. Үнэт цаас худалдаж авъя гэхээр сонголт багатай. Тэгэхээр шинээр үнэт цаас гаргах компаниуд зах зээл дээр зайлшгүй хэрэгтэй байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Үнэт цаас гаргагчгүйгээр хөрөнгийн зах зээлийг төсөөлөх боломжгүй. Энэ нь хоёрдугаар бүлэгт багтах оролцогчид болно. Засгийн газар, орон сууцны корпораци, томоохон компаниуд энэ бүлэгт багтах оролцогчид байдаг. Өнөөдөр МХБ дээр гарсан үнэт цаасны 50 гаруй хувь нь арилжаанд огт ордоггүй. Мөн гадны сангууд Монголд орж ирээд үнэт цаас худалдаж авъя гэхээр тэдний шаардлагад нийцэхүйц үнэт цаас тун ховор байдаг. Тиймээс ирэх таван жилийн дотор бид дотоодын компаниуд тэр дундаа олон нийтэд сайн танигдсан компаниудыг, түүнчлэн гадаадын бирж дээр хүлээн зөвшөөрөгдөж, арилжаа нь явагдаж буй Монголд үйл ажиллагаа эрхэлдэг “Southgobi Sands” гэх мэт гадаадын компаниудыг, бас стратегийн ач холбогдолтой орд газруудын үнэт цаасны цөөн ч болтугай хувийг нь МХБ дээр гаргах замаар энэхүү нийлүүлэлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Дээр таван бүлэг оролцогчид байдаг тухай дурдсан. Тэгэхээр гуравдугаарт нь хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч хоёрыг хөрөнгийн бирж дээр холбож өгөхөд гол үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагуудыг оруулж байгаа юм. Энд брокер дилерийн компаниуд, underwriter буюу үнэт цаасыг анхдагч зах зээл дээр гаргах мэргэжлийн байгууллагууд, үнэт цаасыг үнэлж, ангилал тогтоодог, хувьцааны үнэлгээ хийдэг байгууллагууд буюу хөрөнгө оруулалтын банкууд, хуулийн зөвлөгөө өгөх компаниудыг нэрлэж болно. Энэ дунд бас гол үүрэг гүйцэтгэгчид бол үнэт цаасны үнийн өөрчлөлтийг судалж, тухайн үнэт цаасыг авах эсвэл зарах санал гаргадаг судалгааны байгууллагууд юм. Хөрөнгө оруулагчид энэхүү байгууллагуудын гаргасан санал дээр үндэслэн өөрсдийн хөрөнгө оруулах эсэхээ шийдвэрлэдэг.

Дөрөвдүгээрт, эдгээрийн гол цөм болох хөрөнгийн биржийг нэрлэе. Аливаа хөрөнгийн биржид итгэх итгэлгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжсөн түүх хаана ч байхгүй. Тиймээс ч МХБ-ийн засаглал, менежмент, бүтэц, дүрэм журам, төлбөр тооцооны арга зам бүгдийг сайжруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэх нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд шууд нөлөөлөх хүчин зүйлүүд болно.

Тавдугаарт, хөрөнгийн зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг хянаж, хууль, эрх зүйн хэрэгжилтийг баталгаажуулдаг, зохицуулах байгууллагууд багтана. Монголын хувьд Санхүүгийн зохицуулах хороо, МХБ-ийн Хяналтын алба зэрэг байгууллага, алба энэ бүлэгт багтаж байгаа юм. Зохих мэдээллийг олон нийтэд ил байлгах, мэдээллийг олон нийтэд хүртээлтэй болгохыг үнэт цаас гаргагч болон бусад байгууллагаас шаардах, зах зээл дээрх хяналтыг хангалттай тавих замаар зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх гээд олон үүрэг хариуцлага эдгээр байгууллагад оногддог. Гэвч дотоодын хүчин чадал, нөөц бололцоо болон хууль эрх зүйн тодорхойгүй орчин зэргээс хамаарч энэхүү үүрэг хариуцлагыг бүрэн дүүрэн гүйцэтгэх орчин хангалттай бүрдээгүй байна.

-Энэ бүгдийг цогцоор нь бүрдүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд төрийн зүгээс ямар дэмжлэг шаардлагатай вэ?

-Эдгээр олон асуудлыг шийдэх, бэрхшээлийг давахад төрийн зүгээс бүрэн дэмжлэг шаардлагатай нь ойлгомжтой. 2010 онд Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, идэвхтэй ажиллаж эхэллээ. Мөн энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, багагүй ажил хийгээд байна. Юуны түрүүнд МХБ-ийн засаглал, менежментийг сайжруулах зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчилж, мэргэжлийн болоод бие даасан төлөөллийг оруулсан. Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос дорвитой арга хэмжээ авсны үр дүнд дэлхийд санхүүгийн төв гэдгээр алдаршсан Лондоны хөрөнгийн биржийн баг МХБ-ийн менежментийг хариуцаж ажиллахаар болж байна. Гэхдээ энд нэг зүйл хэлэхэд гаднын биржид менежментийг нь шилжүүлж хариуцуулна гэж ярьж байгаа болохоос биш МХБ-ийг хувьчлах тухай яриагүй. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр 2011 онд манай хөрөнгийн биржид нэлээд өөрчлөлт орно гэж ойлгож болох уу?
-Бидний өнөөдөр МХБ дээр ашиглаж байгаа техник технологи бол 1990-ээд оны эхээр анх хөрөнгийн бирж байгуулагдахад л нэвтрүүлсэн, тухайн үедээ шилдэгт тооцогдож байсан. Үүнээс хойших 20 жилд дорвитой ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй иржээ. Гэтэл та сүүлийн хорин жилд компьютер технологи хэр өөрчлөгдсөнийг мэдэж байгаа. Тиймээс МХБ-ийн менежментийг өгөхдөө “Millennium IT” гэсэн технологийг манай бирж дээр суурилуулж, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг давхар гүйцэтгэх шаардлага тавьж байгаа юм. Энэ нь дэлхийн санхүүгийн төв болсон Лондоны хөрөнгийн бирж болон Лондоны металлын бирж зэрэг дэлхийд танигдсан биржүүдэд нэвтрүүлсэн, дэлхийд хамгийн хурданд тооцогдох технологи.


Саяхан Лондоны хөрөнгийн бирж групп нь Торонтогийн хөрөнгийн бирж групптэй нэгдэж, дэлхийд тэргүүлэх байгууллага болохоор гэрээ байгуулчихлаа. Тэгэхээр ирээдүйд монголчуудын хувьд Лондон болон Торонтогийн хөрөнгийн биржтэй холбогдоход асуудалгүй болно гэсэн үг. Үүнээс гадна иргэдэд гэрээсээ интернэтээр хувьцаа худалдан авах боломж тун удахгүй бүрдэнэ. Энэ бүгдийн суурийг тавьж, 2011 онд томоохон хөрөнгө оруулалт хийж, хөрөнгийн зах зээлийг шинэчлэх болно.


Ер нь манай хөрөнгийн зах зээл дээр сүүлийн 20-иод жилд хийгээгүй хөрөнгө оруулалт орж ирэх болов уу.