Б.Болд: IPO хийхийн тулд тогтсон үйл ажиллагаа, сайн үнэлгээтэй байх ёстой

Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Болдтой хийсэн ээлжит цуврал ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн ярилцах сэдэв олон улсын бирж дээр IPO-г хэрхэн хийх боломж, нөхцөлийн талаар өрнөлөө. Тэрбээр гадаад зах зээлд хувьцаагаа гаргах хүсэл сонирхолтой яваа компаниудад чухал зөвөлгөө өгсөн юм.

-Монголын уул уурхайн салбарын хөгжилд Монголын хөрөнгийн бирж ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Миний ойлгож байгаагаар хөрөнгийн бирж дээр гарах хэд хэдэн онцлог шалтгаан байна. Нэгдүгээрт, одоо гаднын бирж дээр хувьцаагаа арилжаалж байгаа Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд. Жишээлбэл, Канадад 15 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Айвенхоу майнз”, Хонгконг-д таван тэрбум ам.долларын үнэлгээтэй “Mongolian mining Corporation” болон бусад гадаадын бирж дээр бүртгэлтэй Монголын компаниудын үнэлгээг нэгтгээд ойролцоогоор 30 тэрбум долларын үнэлгээтэй компаниуд гадаадын хөрөнгийн биржийн зах зээл дээр байна гэж бодъё. Тэгвэл эдгээрийн 5-10 хувийг л Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг болчихвол манайд ойролцоогоор 1,5-3 тэрбум ам.долларын арилжааны боломж гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадад хувьцаагаа арилжаалж байгаа Монголын компаниуд дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар нийт дотоод хувьцаа эзэмшигчдийн хүчтэй дэмжлэг болон магадгүй улс төрийн савалгаатай бодлогын эсрэг тэмцэх хүч бий болно гэсэн үг. Энэ нь яагаад чухал вэ гэхээр “Айвенхоу майнз”-ийн хувьцаа Канадын хөрөнгийн бирж дээр хоёр жилийн дотор 2-20 доллар болоход хязгаарлагдмал байдлаар цөөн тооны монголчууд Kанадаас тэрхүү хувьцааг худалдаж авах боломжтой байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, монголчууд өөрсдийнхөө байгалийн баялаг дээрээс мөнгөн хөрөнгө бүтээх боломжтой болж байгаа юм. Нөгөө талаас мөн эрсдэл даах чадвартай байх ёстой. Мөнгөө алдаж болзошгүй гэдгийг байнга санах ёстой.

Хоёр дахь нь стратегийн ордууд байна. Хэрвээ стратегийн ордуудын лиценз эзэмшигч компаниудын хувьцааг авахаар томоохон уул, уурхайн гаднын хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн бирж дээр арилжаа явуулдаг болбол Монголд босгож чадах мөнгөн дүн ихсэж бусад дотоодын уул, уурхайн компаниудын хувьд хөрөнгийн эх үүсвэр олох боломжтой болно. Өөрөөр хэлбэл, юмаа хямдхан өгөхгүй хөрөнгө оруулагчдыг өрсөлдүүлж үнээ ихэсгэх боломжтой гэсэн үг. Ер нь уул уурхайн салбарын хөгжил гэдэг нь хайгуулаа улам баталгаажуулах асуудал байдаг болохоор ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс уул уурхайн хайгуулын санхүүжилтийн хөрөнгө оруулалтыг дэмжээд өгвөл уул, уурхайн салбар хурдацтай хөгжих боломжтой.

-Дотоодын уул уурхайн компаниуд МХБ-ээс их мөнгө босгох үе хэзээ ирэх бол?

-Их мөнгө гэдэг бол өөр ойлголт л доо. Хэдэн зуун сая, тэрбум ам.доллараар яригдах асуудал. Одоогоор манай улсад хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа учир Тавантолгой, Оюутолгойгоос бусад дотоодын компаниудын хувьд их хэмжээний мөнгө босгох болоогүй байна. Хэдэн зуун сая, тэрбум ам.доллараар яригдах хэмжээний хөрөнгө босгох хөрөнгө оруулагчид манайд хараахан төвлөрч амжаагүй байна. Гэхдээ “Тавантолгойн” хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр борлуулж эхэлбэл байдал нэлээд өөрчлөгдөнө. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурьдсанаар Тавантолгой 10 тэрбум долларын үнэд хүрнэ гэж байсан. Тэгвэл үүний 10 хувийг л дотоодын хөрөнгийн бирж дээр борлуулна гэж тооцвол нэг тэрбум долларын арилжаа явагдана. Энэ тохиолдолд манай хоёр сая 800 мянган иргэн бүгд хувьцаанд оролцоод байхгүй шүү дээ. Жилийн дараа гэхэд эдгээр хувьцаа дотоодын бирж, хоёр дахь зах зээл дээр борлуулагддаг болсноор ойролцоогоор 10-20 мянган хүний гар дээр л дээрх хувьцаа төвлөрч эхэлнэ. Энэ мэт хөдөлгөөн дундаас хувьцааны төвлөрөл явагдаж, үүний үр дүнд уул уурхайн салбарыг ойлгодог хөрөнгө оруулагчид Монголд үлдэнэ. Цаашдаа магадгүй хөрөнгө оруулалтын сангууд ч юм уу Монголын уул уурхайн өөр компаниуд руу хөрөнгө оруулах сонирхолтой болж эхэлнэ. Тэр үед л дотоодын уул уурхайн компаниуд их хэмжээний хөрөнгө мөнгө босгох боломжтой болох юм. Одоохондоо 5,10,20 сая долларын хэмжээний л мөнгө бодож байгаа байх.

-Манай улсын уул уурхайн компаниудын мөнгө босгох урсгал гадагш чиглэж байгаа. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хэр нөлөө үзүүлэх вэ? Давуу бөгөөд сул тал юу байх бол?

-Уул уурхайн компаниудын эрсдэлийг ойлгодог хөрөнгө оруулагчид Канад, Австрали, Лондонд байдаг. Уул уурхайн компаниудыг дэлхийн уурхайнуудтай харьцуулаад аль нь ашигтай, ашиггүй талаар судалгаа хийдэг “ноу хау” мэдлэг мэдээлэл тэнд байгаа тул их хэмжээний хөрөнгө босгоход бид тэд наргүйгээр явж чадахгүй. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан компаниудыг Монголд авчрахад эрх зүйн талаасаа анхаарч ажиллаж байна. Харин хайгуулын компаниудын хувьд Монголын хөрөнгийн бирж дээр 10-20 сая ам.долларын хөрөнгө босгодог орчныг бүрдүүлмээр байна. Монгол Африк биш шүү дээ. 1960-1980-аад оны үед хуучин ЗХУ манай мөнгөөр зарим социалист оронтой хамтарч нэлээд олон ордын хайгуул хийсэн. Одоо бол тэдгээр ордын илэрцүүдийг аваад нэмж өрөмдлөг хийгээд баталгаажуулах л асуудал байгаа юм. Энэ нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Харин биднийг нийт газар нутгийнхаа 10-15 хувийг л судалсан гэдэг. Гэхдээ л бидэнд орос ах нарын явуулсан мэдээллийн хангалттай сан бий.

Харин сул тал нь гэвэл гадаадаас мөнгө босгох тусам мөнгөний бодлого эрсдэлд орох магадлалтай. Гадаадад 600 сая доллар босгочихсон компанийн мөнгө Монголд гэнэт нэг дор орж ирэх үү, эсвэл улсын хилээс гадна талд төлбөр хийгдэх үү гэсэн асуудал гарч ирнэ. Үлдлээ гэхэд Монголын юунд зарцуулагдах бол. Эсвэл гадаадад эргэлдэж гадаадынхаа түншээр, гадаад дансаараа дамжуулан техник, технологи, сэлбэг хэрэгслийн худалдаа хийх үү. Нэг талаасаа энэ нь сайн. Нөгөө талаасаа төгрөг, долларын харьцаа жижигхэн эдийн засагтай манай улсад ямар байх вэ, хэр нөлөөлөх бол гэсэн асуудал бий.

-Дотоодын компаниудад гадаадын биржид хувьцаагаа хэрхэн гаргаж, IPO хийх ямар боломж байгаа талаар ярина уу?

-Гадаадын биржид хувьцаа гаргана гэдэг нь хэд хэдэн шаардлага хангах ёстой. Компанийн засаглал, санхүүгийн тайлан, мэдээллийн шинж чанар, компанийн ил тод байдал, шударга ажиллах зэрэг зарчмаас үүдэн тодорхой хэмжээний стандарт шаардлагуудыг хангах ёстой. Зарим бирж, борлуулалт, орлого, ажилласан жилийн хугацааг хардаг. Гурваас дээш жил ажилласан, жилийн цэвэр ашиг нь 50 сая доллараас дээш байх ёстой гэдэг ч юм уу. Ер нь хувьцаа гаргана гэдэг чинь хамгийн үнэтэй санхүүжилт юм. Зээлээс үнэтэй санхүүжилт шүү дээ. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, зээлийн санхүүжилт гаргах боломжтой бол гадны биржид хувьцаагаа гаргахаасаа өмнө бонд гаргах нь зүйтэй. ХХБ өнөөдөр найман хувийн бонд гаргаад явж байна. Хувьцааны эзэмшигч жилд дундажаар АНУ-д 10 хувь, манайх шиг жижиг зах зээлтэй, эрсдэлтэй оронд магадгүй 25-аас илүү хувьцааны үнийн өсөлт авахыг хүлээж суудаг. Тэгэхээр тийм хэмжээний санхүүжилт хийнэ гэдэг нь тухайн компани өөрийнхөө хувьцааг бодит үнээс нь 25 хувиар хямд зарж байгаа юм. Хувьцаагаа ийм хямдхан өгөхөд хүрдэг гэсэн үг.

Хувьцаа гаргах нь уул уурхайн хайгуулын эхний шатанд зохимжтой байх. Өндөр эрсдэл гаргаж өндөр ашиг олдог шүү дээ. Ийм үед хувьцаа гаргах нь зөв шийдвэр байх болов уу. Харин үйл ажиллагаа нь илүү тогтсон, харилцаа холбооны, онгоцны компаниуд гадаадад хувьцаагаа гаргана гэвэл дэндүү хямд үнээр үнэлэгдэх аюултай. IPO хийх нь сайн муу хоёр талтай. Хувьцааны үнээ зөв тодорхойлох ёстой. Өнөөдөр Монгол моодонд ороод байгаа. Энэ моодны сайн тал нь гадаадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхдог болжээ. Муу тал нь гэвэл янз бүрийн чаддаг, чаддаггүй, итгэхэд бэрх, мэдэх, мэдэхгүй гадаадынхан Монголд олноор ирж байна. Хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөтэй эсэхийг нь сайн судлах, мэдэх ёстой. Түүнээс англиар сайн ярьдаг, шар толгойтой бүхнийг хөрөнгө оруулагч гэж үзээд итгэвэл юунд хүргэх вэ.

-Манай дотоодын компаниудын хувьд гадаад зах зээлд хувьцаагаа гаргах сонирхолтой болжээ. Гэвч ажлаа юунаас эхлэх, хэрхэн яаж ажиллахаа мэддэггүй. Энэ талд зөвөлгөө өгнө үү?

-Хувьцаагаа гаргана гэдэг нь хамгийн түрүүнд үйл ажиллагаа нэлээд жигдэрсэн компани байх ёстой. Ямар ч мэдлэг мэдээлэлгүй, санхүүгийн моделгүй, тайлан тооцоогүй шинэ төсөл бариад л гадаадын бирж дээр IPO хийнэ гээд гүйвэл бүтэшгүй. Монголын хувьд амжилттай хийсэн группууд бий шүү дээ.“Ремикон” компани байна. Энэ компанийн хүмүүс хөрөнгийн зах зээлийг нэлээд ойлгодог мэдлэгтэй залуустай тул Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргаад бетон зуурмагийн тэргүүлэх компанитай болсон. Энэ бол дотоодын бирж дээр IPO-г амжилттай хийсэн сайн жишээ. Мөн “Бэрэн” группийг дурдаж болно. Төмрийн үйлдвэрээ өргөжүүлээд явбал бас л амжилттай яваа компанид орно.

Нөгөө талаас маш сайн үнэлгээтэй компани байх ёстой гэдгийг л дахин давтан хэлмээр байна. Тухайлбал, 100 сая ам.доллароос дээш үнэлгээтэй байх ч юм уу. 100 сая долларын үнэлгээ нь Монголд магадгүй 50-60 сая ам. долларын борлуулалттай байх ёстой болно. Ийм хэмжээний борлуулалттай компани манайд хэд байгаа билээ. 15 сая долларын борлуулалттай компани гадаадын биржид очиход цаад тал хүлээж авах уу гээд л асуудлууд урган гарч ирнэ. Хүлээж аваад бүртгэсэн ч гэсэн хувьцаа нь багаар арилжаалагддаг, хүмүүс ихээр авдаггүй хувьцаа болж хувирна. Ийм компаниудын хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчид бус жижиглэн мөн хувь хүмүүс худалдан авдаг. Бага арилжаатай компаниудын хувьцааг мэргэжлийн бус жижиглэнгийн хөрөнгө оруулагчид ихэвчлэн худалдаж авдаг.

Нимгэн арилжаатай, үнэлгээ нь жижигхэн, спекуляцны /speculation/ хувьцааны нэг аюул нь үнийн савалгаа ихтэй, нэг унаад нэг өсдөг. Энэ нь дараа дараагийнхаа хувьцааг гаргахад хүндрэлтэй болгодог. Сүүлийн үеийн хэд хэдэн ийм жишээ бий. Өнөөдөр Канад, Австралийн хэд хэдэн компаниуд хайгуул ашиглалтын лиценздээ түшиглээд тодорхой хайгуулын ажил санхүүжүүлэх зорилгоор мөнгө босгож байна. Тэнд тэр эрсдэлийг даах чадвартай хөрөнгийн хуримтлал байгаа боловч зарим хувьцаа спекуляцинд авагдсан шинж чанартай байна. Өөрөөр хэлбэл, хэт савалж моодонд орж, эсвэл хэт савалж моодноос гарч байна. Тэгэхээр урт хугацааны хөрөнгө оруулагч хэрэгтэй юу эсвэл түргэн мөнгө босгох шаардлага нь чухал уу гэдэг зарчмын асуудлуудыг бодох нь зөв. IPO хийх чиглэлээр зөвөлгөө өгдөг хөрөнгө оруулалтын олон зөвлөх банк байдаг. Ийм банкууд танай компани олон улсын зах зээл дээр IPO хийхэд бэлэн болсон эсэхийг хэлж өгдөг. Мөн дэлхийд Ernst and Young, Deloitte, KPMG, Pricewaterhousecoopers гэсэн дөрвөн том аудитын компаниуд байна. Эдгээр нь дэлхийд компаниудын IPO-ны бэлтгэлийг хийдэг том багтай. Нэгдүгээрт, танай компани наад зах нь олон улсын стандартаар аудиттай байх хэрэгтэй, хоёрдугаарт, гадаадад компаниа бүртгүүлсэн байх, гуравдугаарт,уул уурхайн лицензүүд JORC код юм уу, 43-101 стандартыг хангасан байх ёстой гэх мэтчилэн зөвөлгөө өгдөг.

Компаниуд IPO хийхийн тулд үнэлгээ хийлгэх ёстой.Тус үнэлгээ нь компанийн ирээдүйн хэдэн жилийн санхүүгийн моделийг гаргаж ирнэ. Жилд хэдий хэмжээний төмрийн хүдэр, нүүрс гаргах гэж байгаа, дундажаар ямар үнээр борлуулах, ямар ашиг олохоор байгаа зэрэг моделийг 15, 20,30 жилээр гаргадаг. Эндээс хөрөнгө оруулалт хийхэд сонирхолтой эсэхийг харна. Тэрбум доллар гэсэн том тоо гарч ирвэл мэдээж маш сонирхолтой. 25 сая доллар бол олон улсын хөрөнгийн биржид гарахад хүнд болоод ирнэ. Тухайн ордоос үнэлгээний дүн хамаарна. Манай улсад ч энэ чиглэлээр зөвөлгөө өгдөг байгууллагууд бий. Тухайлбал, Бидисек, MICC буюу Монголын хөрөнгө оруулалтын банк гэх мэт дээрх чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа нэлээд хэдэн байгууллага байгаа шүү дээ.

-Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын компаниуд МХБ-д давхар бүртгүүлэх сонирхолтой байдаг. Дотооддоо давхар бүртгүүлэх боломж бий юү?

-Эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна. Дотоодын ком­паниудыг давхар бүртгүүлэхийн тулд хууль эрх зүйн орчин талаас хийх ажил багагүй байна л даа. Тухайлбал, манай уул уурхайн нэг компани Лондонгийн бирж дээр хувьцаагаа гаргасан British Virgin Islands эсвэл Cayman Islands-д бүртгэлтэй байлаа гэж бодъё. Тэгвэл тус компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргалаа гэхэд ямар дүрэм журманд захирагдаж явах нь тодорхой бус байна шүү дээ. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг Англи эсвэл Монголын хуулиар зохицуулах уу гэх мэт асуудлыг тодорхой болгож, эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх шаардлагатай байна.
-МХБ-ийн шинэчлэлийн менежментийн үйл ажиллагаа өнөөдөр ямар шатандаа явна вэ?
-Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төв МХБ-ийн шинэтгэлтэй нягт уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. ТӨХ энэ чиглэлээр тодорхой санал боловсруулсан бол Лондонгийн хөрөнгийн биржээс ч хамтран хөгжүүлэх саналаа ТӨХ-нд тавьчихсан. Нэг ёсондоо МХБ баруун, зүүн гараа зэрэг хөгжүүлэх ёстой. Нэг гар нь хөгжөөд нөгөө нь хөгжихгүй байвал ямар үр дүн авчрахав. Тиймээс ҮЦТТХТ-тэй аль аль талаасаа хамтран ажиллах нь чухал байна. Төлбөр тооцоон дээр тухайн хүн мөнгөө урьдчилан төлж байж хувьцаагаа арилжаалдаг систем манайд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, би өнөөдрийн арилжааны ирээдүйг урьдчилж хараад мөнгөө байршуулах шаардлагатай болно. Тэгвэл дэлхий даяар арилжаа хийсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа төлбөр хийдэг систем үйлчилж байна. Энэ нь эрсдэлтэй л дээ. Тухайн хүн арилжаа хийсэн өдрөөс хойших заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй бол яахав, гэтэл энэ хугацаанд хувьцааны ханш уналаа гэж бодьё, тэр алдангийг хэн төлөх вэ гэх мэт харилцагч хоорондын эрсдэл гарах аюултай тулгардаг. Тэгэхээр харилцагч хоорондын итгэлийн системийг бий болгох хэрэгтэй болж байна. Тухайлбал, Бат мөнгөтэй ч мөнгөө урьдчилан байршуулах боломжгүй байж болно. Тэгвэл энэ хүнд итгэе, дараа нь мөнгөө шилжүүлээ л гэсэн систем юм. ҮЦТТХТ-өөс санаа зовж буй олон асуудал байгаа. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирье л гэж байгаа бол энэ системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.

Хоёрдугаарт, Лондонгийн ХБ-ээс IT буюу компьютерийн системийн шинэчлэл хийж байгаа. Энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн 60 хүнийг Лондонд сургалтад хамруулахаар төлөвлөсөн. 30 хүн нь төрийн байгууллага, 30 нь брокер дилерийн компаниудын ажилтнууд. Харин төсвийн хязгаарлалт энээ тэрээгээс болоод төрийн байгууллагын ажилтнууд Лондон явж чадаагүй. Тэгэхээр энэхүү сургалтыг Монголдоо зохион байгуулах нь дээр юм шиг байна. Ялангуяа брокер дилер, хувийн хэвшлийн оролцоог илүү анхаарах шаардлагатай байна. Саяхан МХБ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Алтайг гүйцэтгэх захиралаар томилсон. Мөн МХБ-ийн ерөнхийлөгчөөр Билл Гормон ажиллаж байна.

-Ньюком групп “Newcom mining service” компани байгуулж, уул уурхайн салбарт орж ирж байна гэж ойлгож байна. Тийм үү?

-Бид олон жил хамтран ажиллаж, биенээ таньж, мэддэг болсон Жон Карлceн захиралтай хамтран“Newcom mining service” компани байгуулсан.Жон Карлсeн өмнө нь Вагнер Азийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан,Монголд сүүлийн 15 жилд Вагнер Азийн бизнесийг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг.Newcom mining service компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлчилгээ, засвар, түрээсийн бизнес хийхээр ажлаа эхэлсэн. Дараа жилийн өдийд гэхэд 180 ажилтантай болох том зорилттой байгаа.