​Б.Бямбасайхан: Ирээдүй маань бүс нутгийн уялдаа холбоо, дэд бүтэц, төлөвлөлттэй маш хамааралтай

"НоваТерра" компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Та "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албаа өгснөөс хойш хувийн компанидаа ажиллаж байгаа. Танай компанийн үйл ажиллагаа өнөөдөр хир явж байна вэ?

-"НоваТерра" компани маань сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр, тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглах, эх үүсвэр барьж байгуулах ажил руу орсон, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Эх орныхоо газар дээрх байгалийн асар их нөөцийг өөрсдөө ашиглах төдийгүй экспортлох боломжийг нээж өгөх гол зорилготой. Товчхондоо, хүн өөртөө байгаа юм аа л бусдад зарж чадна.

Бид мөн Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний талаар техникийн судалгаа хийж байна. Энэ нь Монголд хаана ямар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барьж байгуулж болох, бүс нутгийн сүлжээнд хэрхэн нэгдэхийг тодорхойлох нарийн судалгаа юм. Манай улсыг тойроод эрчим хүчний их том хэрэглээтэй зах зээлүүд байна. Монгол дахь их хэмжээний нөөцийг эдгээр улс руу нийлүүлбэл, экспортолбол сайн бизнес болно гэдгийг монголчууд ерөнхийд нь ойлгож байгаа.

Судалгаагаар яг ямар хүчин ча­далтай ямар станцууд, хаана хаана байгуулбал эдийн засгийн үр өгөөж хамгийн өндөр байх юм, түүнд хэдий хэрийн хөрөнгө оруулалт шаардаж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг ямар үнээр борлуулах боломжтой вэ гэх мэт зүйлийг тодорхойлох нарийн ажлуудыг хийх юм. Ирээдүйгээ харсан ажилд анхаарлаа хандуулж байна гэсэн үг.

Эдийн засгийн нөхцөл байдал хэцүүхэн байгаа ч ирээдүйгээ харсан, оновчтой зөв шийдвэр гаргаснаар энэ хүндрэл бэрхшээлээс салж чадна. Манай компаниуд байдаг боломж чадлаараа бүсээ чангалж өнөөдрийг хүрлээ. Одоо ахин чангалах ямар ч боломжгүй болж байх шиг байна. Бүсээ чангална гэдэг нь ажлаа зогсоох тухай биш, харин хүндрэлтэй үеийг давах нэг арга л юм. Хүндрэлтэй үеийг өнгөрөөсний дараа экспортын зах зээлийг сайтар ойлгож, мэдэж, тооцож байж бид ирээдүйнхээ том төслүүдийг явуулах ёстой. Манай компанийн хувьд их л завгүй ажилтай байгаа.

-Танай компанийн Өмнөговь аймагт нарны цахилгаан станц барих ажил эхэлсэн үү?

-Ханбогд суманд нарны цахил­гаан станц барина. Судалгаа шин­жилгээний ажил дууссан, холбогдох зөвшөөрлүүдээ авах ажил үргэлжилж байна. Хэрэв зөвшөөрлөө авчих юм бол энэ намраас хөрөнгө оруулалтаа шийдээд, бүтээн байгуулалтын ажил­даа орно.

-Та нэг ярилцлагадаа Монголд сэргээх эрчим хүчний тэсрэлт болно гэж байсан. Эрчим хүчний яаманд миний сонссоноор 100 гаруй сэргээгдэх эрчим хүчний төслийн санал очсон байгаа гэсэн. Хүн бүхэн л сэргээгдэх эрчим хүчний төсөл барьчихсан яваа талаар албаныхан өгүүлж байсан.

-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад нийт 300 орчим МВт хүчин чадлын нийт 14 нарны төсөл зөвшөөрлөө авчихсан байна. Мөн нийт 500-гаад МВт хүчин чадалтай салхины эрчим хүчний зургаан төсөл бий. Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1000 хүрэхгүй МВт байгаа. Тэгэхээр ийм олон хүн нар, салхины эрчим хүчийг сонирхож байгаа нь үнэхээр сайхан зүйл.

Та ч мэдэж байгаа. Долоон жилийн өмнө намайг Салхит пар­кийг байгуулах гээд явж байх үед сэргээгдэх эрчим хүч сонирхохкомпани маш цөөхөн байсан. Зарим хүн энэ бол үлгэр, Монголд бүтэхгүй зүйл гэж ярьдаг байсан. Тэгвэл зөв бодлого баримтлал, хууль эрх зүйн орчин нь ойлгомжтой байвал хувийн хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүчний салбарт орж болдог гэдгийн тод жишээ болж байна.


-Хуулиар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс нийлүүлэх цахилгааны тарифыг өндөр тогтоож өгсөн учраас хөрөнгө оруулагчид их сонирхож байна гэж албаны хүн хэлсэн. Үнэ өндөр байж чадаж байгаа юу, манайд?

-Үүнийг их нарийн судалгаатай ярих хэрэгтэй. Манай сэргээгдэх эрчим хүчний хуулийн “Feed-in-tariff” гэдэг механизмыг Европт 20 гаруй жил хэрэглэж байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих зорилготой. Монголд ч сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор бий болгосон үнэ тарифын энэ эрх зүйн орчин өнөөдөр л дөнгөж үр өгөөжөө өгч эхэлж байна. Салхит, Дарханы станц баригдлаа, Цэцийн станц баригдаж байна, удахгүй Сайншанд гээд бусад төсөл хэрэгжинэ. Бусад үүсгүүрийг бодвол арай өндөр үнээр цахилгааныг нь худалдаж авдаг. Гол зорилго нь тухайн салбарыг хөл дээр нь босгож ирэхэд чиглэж байгаа юм. Ингэснээр тухайн салбар өрсөлдөх чадвартай болно, өрсөлдөх чадвартай болсноор үнэ буурна. Бид дөнгөж л эхэнднь явна. Тиймээс 20-30 жилийн турш сэргээгдэх эрчим хүч хэрэглээд, хөгжүүлээд ирсэн улстай өөрсдийгөө харьцуулж боломгүй.

Сэргээгдэх эрчим хүчний үнэ олон улсад буурч байгаад олон шалтгаан бий. Хамгийн ойлгомжтой нь технологийн хөгжил. Технологи хөгжих, технологийн шийдлээр их үйлдвэрлэл явуулах тусам үнэ хямдарч байна. Үүнээс гадна тухайн зах зээлийг дэмжих зорилгоор газрыг нь үнэгүй олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, сүлжээнд холбогдох дэд бүтцийг шийдэж өгөх гэх мэт үйлдвэрлэлийн зардлыг бууруулах олон арга байна. Өнөөдөр Монголд шинэ эх үүсвэр барих тохиолдолд тухайн компани бүх зардлыг өөрөө даадаг. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ бүх зардлаа нөхөх арга нь ганцхан тариф. Тиймээс хуулийн хүрээнд тарифын тооцооллоо хийгээд, батлуулаад явдаг жишигтэй.

Манай дэд бүтцийн сул хөгжилтэй холбоотойгоор аливаа үйлдвэрлэлийн өртөг, барааны үнэ өндөр шүү дээ. Сэргээгдэх эрчим хүчний салбар энэ хөгжлийн хурдцаараа, төрөөс зөв бодлогоор тууштэй дэмжээд өгвөл удахгүй л хөл дээрээ зогсоод ирнэ. Түрүүнд хэлсэнчлэн бүс нутгийн зах зээлүүд рүү эко эрчим хүч нийлүүлэх судалгаагаар газрын зураг тодорхой болоод ирнэ. Гадна, дотнын хөрөнгө оруулагчид илүүтэй сонирхоно. Учир нь Монголын байгалиас заяасан нөөц нь сайн юм.

-ОУВС-гийн хөтөлбөрийг саяхан баталлаа. Энэ хөтөлбөр батлагдмагц эдийн засаг сайхан болчих юм шиг төсөөлөл илүүтэй байна. Гэтэл гаднынхан монголчууд энэ хөтөлбөр авсандаа яагаад ингэтэл баярлаад байгааг гайхаж байна гэх. Бид баярлах ёстой юу, үгүй юү. Хөтөлбөрт хамрагдсанаар бизнесийн нөхцөл байдал хэзээ сайжрах бол?

-Би хувьдаа баярласан хүнтэй уулзаагүй л байна. Макро эдийн засгийн тогтвортой орчин бий болгох зорилготой учраас компаниуд дэмжиж байгаа. Гэхдээ татвар нэмэхийг бас эсэргүүцэж байна. Гаднын хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулахдаа Монголын эдийн засаг эрүүл байна уу, үгүй юү, өсөлт нь хэр зэрэг тогтвортой юм, төсвийн, мөнгөний бодлого нь тогтвортой байна уу гэх мэт зүйлсийг голчилж хардаг. Тэр үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд уруудсаар эдийн засаг эрсдэлтэй болоод ирсэн. Харин одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хямралаас, эрсдлээс гарах төлөвлөгөөтэй боллоо. Төлөвлөгөөтэй болсон нь сайн, бүсээ чангалах нь зөв.

Хөтөлбөрийн дагуу тодорхой санхүүжилт орж ирж, эдийн засгийн тогтворжих орчин бий болж байгаа учраас компанийн удирдлагууд дараагийн 12-18 сарын ажлын төлөвлөгөөгөө арай барьцтай гаргаж болж байгаа юм. Бизнесийн орчин савлагаатай үед бид төлөвлөгөөгөө хийж чаддаггүй байлаа.

Ямартай ч эдийн засаг тогтвор­жино. Гэхдээ, өргөс авч байгаа юм шиг нэг хоногийн дотор зүгээр болчих зүйл биш. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалтын орчинд алдарсан итгэлээ сэргээх хэрэгтэй. Холдож байсан итгэл буцаад нааш эргэх боломж харагдаж байна. Нөгөө талаас улс төрөөс болоод эдийн засгийн бодлого савладаг байдлаас гарч байгаа гэж найдаж байна.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт эргэх шинж байна гэлээ. Танд яаж мэдрэгдэж байна вэ?

-Оюутолгой төсөл хэрэгжээд явж байна, хөрөнгө оруулалт нь хийгдэж байна, бүх ажил нь төлөвлөгөөнийхөө дагуу явж байна гэдэг бол баримт. Экспорт сүүлийн саруудад нэмэгдсэн гэх мэт эерэг мэдээлэл ихэслээ. Энэ бүхэн нийлээд манай эдийн засгийн хэмжүүр болно.

Аливаа төсөлд хөрөнгө оруулахад маш олон хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй болдог. Олон хэмжүүр бүгд л эерэг байх тусам л хөрөнгө оруулагчид биднийг ойлгоно шүү дээ. Орчин тогтвортой болж байгаа нь сайн. Гол нь хариуцлагатай болно гэдэг хамгаас чухал. Мэдээж хөрөнгө оруулагчид удаан ажиглана. Энэ бүх нааштай мэдээнүүд нь үнэн үү, тогтвортой байх ямар баталгаа байна, том төслүүд нь урагшилж чадах нь уу, бодлого нь тууштай байх нь уу гэдгийг маш хүлээцтэй ажигладаг. Бид бол Монголдоо гаднаас мөнгө татахыг оролдож байгаа компаниуд учраас юмыг үргэлж өөдрөгөөр хардаг. Гэхдээ бас хүнд очиж худлаа хэлж болохгүй. Сүүлийн үед өөрсдөөсөө бус өрөөлөөс болоод хүнд худал хэлдэг болчихоод байна. Бодлогын тогтворгүй байдал ийм зүйлд хүргэж байгаа юм.

Хэдийгээр төсөл нь ашигтай, олон улсын стандартын дагуу боловсруулаад, бүх шаардлагыг нь хангаад явж байтал нэг улстөрчийн хайхрамжгүй мэдэгдлээс болоод бидний бизнес гацахад хүрдэг. Хөрөнгө оруулагчидтай уулзахдаа бид Монголоо аль болох эерэг талаас нь харуулж, өргөн боломжтой найдвартай гэж ойлгуулахыг бодно. Тэгтэл хөндлөнгийн хэн нэгнээс болоод бид найдваргүй харагдаад байдаг. Тэгэхээр би худлаа ярьснаас өөрцгүй болоод байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож буй энэ үед манай төр, засгийн хүмүүс хэлж ярьж байгаадаа анхааралтай хандах хэрэгтэй болсон цаг үе шүү дээ.

-Та "Эрдэнэс Монгол" ком­панийгудирдаж байхдаа хэд хэдэн том төслийг хариуцан ажиллаж байсан. Одоо тэдгээр төсөл явж байна уу, хөдлөх боломж харагдаж байна уу?

-Бид өөрсдөөсөө шалтгаалах ажлуудаа хийж байж энэ асуултад хариулах боломжтой. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээнд маш их анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Зах зээлээ ойлгох хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй юм үйлдвэрлэх гээд байгаа бол жижиг төсөл ч явахгүй. Зах зээл нь хаана вэ, түүнд яаж нэвтрэх вэ, хэрхэн холбогдох вэ гээд олон асуулт бий. Энэ бүхэнд техникийн болон эдийн засаг, санхүүгийн талаас хариултыг нь олох хэрэгтэй. Нэг хэсэг Монголд мөнгө орж ирээд байна, бүх зүйл байгаа юм чинь зарагдчихна гэж бодоод байсан. Тийм биш. Хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрөөр тэр үнэ цэнийг бий болгож, бүтээх шаардлагатай. Тэр бүхнийг хэмжиж, тооцож байж төлөвлөгөөгөө гаргаад хөрөнгө мөнгөө босгоод явбал болохгүй зүйл байхгүй.

-Хувийн хэвшлийнхэн судалгаа шинжилгээнд их анхаардаг болсон. Төрийн бодлогын хүрээнд ч судалгаа, шинжилгээнд ахиухан хөрөнгө зарцуулах ёстой. Хувийн хэвшлийнхний хийсэн судалгааг төр авч үзэж байна уу?

-Манай компанийн хийж байгаа энэ ажил бол Эрчим хүчний яам, АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлогын хэмжээнд хийж байгаа судалгаа гэж ойлгож болно. Мэдээж хэрэг ганц хувийн компани энэ том зах зээлийг судлахгүй. Манай эрчим хүчний салбарын бодлого нь маш тодорхой болсон. Эхлээд эрчим хүчний найдвартай сүлжээ бий болгоё, цаашлаад экспортолно. Экспортлохын тулд зах зээлээ судлах хэрэгтэй. Энэ хүрээнд судалгаа хийгээд явж байгаа. Сүүлийн 10 гаруй жил бид их зүйл ойлголоо, олон ч “хичээлд” суулаа. Үнэтэй ч хичээлүүд байлаа шүү дээ. Юм сурсан хүн арай нэг чиг, баримжаа, бодолтой дэвжээн дээр гардаг. Тэр чиг рүү л явж байна. Сайн тал нь бол энэ. Эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа, бүгд л дор дороо яагаад гэдгийг нь судалсан.

-Монголын бизнесийн зөв­лөлөөс “Business summit” чуул­ганыг зохион байгуулах гэж байгаа. Чуулга уулзалтаар ямар асуудлыг түлхүү хэлэлцэх вэ?

-Ирээдүйгээ л ярина. Ирээдүй маань бүс нутгийн уялдаа холбоо, дэд бүтэц, төлөвлөлттэй маш хамааралтай. Түрүүнд ярьсан үнэ цэнийг бид зүгээр суугаад, зөвхөн Монголдоо бий болгож чадахгүй. Хөдөлмөрлөөд, үйлдвэрлэж, түүнийгээ хямд төсөр үнээр хөршүүдийнхээ эдийн засагт нийлүүлж байж үнэ цэнэ бий болно.

Энэ бүс нутагт сүүлийн жилүүдэд бүс нутгийн уялдаа холбоонд их анхаарч, бодлогын төвшинд асар их өөрчлөлт гарч байна. Хаана ямар төслүүд өнөөдөр хэрэгжүүлэх вэ гэдэг дүр зураг ойлгомжтой болж байна. Монгол үүнээс хоцрохгүй, харин ч боломжтой бол урд нь явах хэрэгтэй. Түүний тулд манай компаниуд өнөөдөр шокноосоо гарч, буцаад бизнес рүүгээ тууштай орж, ирээдүйн боломжоо мэдэрч ажиллах ёстой болж байна.

-Бүс нутгийн ирээдүй, бизнесийн том төслүүдийн талаар жаахан тодруулж ярина уу. Бүс нутгийн бизнесд монгол компаниудад ямар боломж байна вэ?

-Сүүлийн үеийн судалгаануудыг харахад дэд бүтэц зөвхөн Монголд ч биш, Азийн бүс нутагтаа хамгийн их хөрөнгө мөнгө татаж чадахаар байна. Цаашлаад Америкт ч дэд бүтэц хуучирч хоцрогдсон учраас энэ салбараа хөл дээр нь босгоно гэж ярьж байна. Азид 2030 он хүртэл эдийн засгийн өсөлтийг тогтвортой авч явахын тулд 26 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай гэж буй. Энэ бол бидний сонсож байгаагүй их тоо. Үүний 15 орчим нь эрчим хүчний салбарт ногдоно. Энэ их боломжийг бидний эргэн тойронд байгаа эдийн засгууд ойлгочихсон өмнөд хөршөөс маань эхлээд нэг бүс, нэг зам санаачилга гээд томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байна. 26 их наяд ам.долларын 0.001 хувь нь Монголд ногдоход л асар том боломж. Харин үйлдвэрлэж байгаа юм аа яаж хямдхан тэр зах зээлүүдэд хүргэх вэ гэдгээ л бодох асуудал.

Эдийн засгуудыг улам бүр ойртуулж, бизнесийн зардлыг бууруулахад дэд бүтцийн салбарын хөгжил чухал нөлөө үзүүлнэ. Монголд төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, усан хангамж олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай асар их хөрөнгө оруулалтын боломж бий. АХБ, Дэлхийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллагууд бэлэн тооцоо судалгаа гаргачихсан. Тэр нь зөвхөн нэг яам, агентлагийн төвшинд яригдаад өнгөрөх биш, бүх Монголын бизнесүүд ойлгодог болох хэрэгтэй байна, түүндээ үндэслэж бизнес төлөвлөгөө хийдэг болъё гэж байгаа юм. Мэдээлэлтэй хүн зөв шийдвэр гаргана гэдэг зарчимд үндэслэж тоглогчид цуглаад хоорондоо мэдээлэл солилцох хэрэгцээ их байна.

Нөгөө талаас бидэнд мэдэхгүй юм маш их. Тиймээс бид мэдэхийн төлөө явж байна, тийм ч учраас энэ бизнесийн чуулга уулзалтуудыг хийдэг юм. Зарим хүмүүс яах гэж байнга ингэж олон уулзалт, чуулган хийдэг юм гэдэг. Товчхон хариулт гэвэл хэрэгцээ байгаа учраас л тэр. Хэрэгцээ байхгүй бол хүмүүс нэг дор цуглаж мөнгөө үрэхгүй. Харин мэдээллийн агуулгаа эргэн тойронд байгаа шинэ төслүүд, шинэ санхүүгийн схемүүд, эх үүсвэрүүд нэг дор цуглаад ярилцаад л байвал Монголд бизнес хийх боломжууд улам тодорхой болно. Тэгснээр үндэсний компаниуд бусадтай хөл нийлүүлэн алхах чадамжтай болно.

-Төрийн өмчийн компаниудын хариуцлагыг сайжруулаад, хувийн хэвшлийн зохион байгуулалтаар хөгжүүлнэ, захирлуудтай хариуцлага тооцдог болно гээд олон зүйл ярьж байна. Энэ бүхний үндсийг та “Эрдэнэс Монгол” ХХК-д байхдаа тавьчихсан гэж би боддог.

-Өмнө хашиж байсан ажлынхаа талаар ярих зохимжгүй. Гол нь бид үнэ цэнэ гэдэг зүйлийг бий болгодог байх ёстой. Түүний тулд өөрийн гэсэн газрын зурагтай болоод хаашаа явж байгаагаа ойлгож байх шаардлагатай. Тэр зураг нь тодорхой байвал хаагуур яаж явахаа тодорхойлж, тооцож чадна. Үнэ цэнэ бий болгохын тулд компаниуд бүгд өөрийн стратегитай, санхүүгийн чадавх, техникийн чадамжтай байх ёстой. Товчхондоо төслүүд нь ойлгомжтой, бэлэн байх ёстой. Энэ нь нэг их хэцүү зүйл биш.

Компани ойлгомжтой талбар дээр байвал өрсөлдөх чадвартай байдаг. Ирээдүйгээ зөв тодорхойлж чадсан эдийн засгуудад л хамгийн өрсөлдөх чадвартай компаниуд байна. Бид тэдэнтэй ижил зүйл л хүсэж байна. Ирээдүйгээ ганц, хоёр жилээр биш 20-30 жилээр хардаг болмоор байна. Бусад бүх компани ингэж харж чадаж байхад монгол компани өнөө маргаашаа ч харж чадахгүй байж болохгүй биз дээ.

Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн компаниуд ийм л зүйл хүсдэг. Тогтвортой, ойлгомжтой байвал бид өөрсдөө болгочихно. Түүнээс биш татвараа бууруул гэж гоншгоноогүй, нэмэхэд нь ч дуугүй л байна. Яагаад гэвэл тогтвортой байдал татвараас илүү чухал болохоор шүдээ зуугаад “За яахав дээ” гээд л өнгөрч байна. Хэрэв өөр газар ингээд бүх татвараа нэмбэл бараг хувьсгал болно. Гэтэл Монголд хүлээцтэй хандаж байна гэдэг чинь ирээдүйгээ харж буйн шинж. Ирээдүйд энэ орчин савлагаагүй, тогтвортой, ойлгомжтой байх нь бидэнд хэрэгтэй.

-Монголын бизнесийн зөв­лөлийн УЗ-ийн даргаар та ажил­ладаг. Энэ зөвлөлийн гол зорилго юу вэ. Үр дүнд хүрч байна уу?

-Хоёрхон зорилготой. Нэгдүгээрт, гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээллийг аль болох шуурхай хүргэх. Компаниуд цуглараад хоорондоо мэдээлэл солилцдог, бодит мэдээллийг цаг алдалгүй авч байх тийм платформ юм. Энэ чухал мэдээллийг цаг алдалгүй авч байхын тулд компаниуд төлбөр төлж, гишүүнээр элсдэг, үйл ажиллагаанд нь оролцдог. Хоёр дахь нь бизнесийн орчинг эрүүл байлгах талаар өөрсдийн мэдэж сурсан, ойлгосон, судалсан тоо баримт, туршлагаа бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг улстай хуваалцдаг.


-МБЗ-өөс олон зөвлөгөө, уриалга гаргасан. Бизнесийн орч­ныг эрүүлжүүлэхэд чиглэсэн гол, чухлаас нь дурьдаач гэвэл?

-Бизнесийн орчин их олон зүйлтэй холбоотой. Тухайлбал, ямар нэг хууль боловсруулах шатанд бид илүү идэвхтэй оролцохыг хичээдэг. Яг ханцуй шамлан ажиллаж байгаа хүмүүс бид бизнесийн орчны талаар нэлээд өөр ойлголттой байдаг. Тэр мэдээллийг шийдвэр гаргагч нарт хүргэхийг зорьдог. Бид дуу хоолойгоо олон чиглэлээр хүргэж ирсэн, үүнийгээ цаашид үргэлжлүүлнэ. Гол нь дуу хоолойгоо хүргэхийн тулд нөгөө талдаа бас сонсдог байх хэрэгтэй. Тодорхойганц компанийн эрх ашгийг илэрхийлэхгүй шүү дээ. Их олон салбарын олон компани цуглаж ярилцаад гаргадаг учраас их обьектив санал, дүгнэлт байдаг гэж боддог юм.

-Бодлого боловсруулагчид тэ­гээд сонсдог уу?

-Сонсдог гэж найддаг. Биз­несийнхний саналыг сонсоод шийдвэрээ илүү чамбайруулсан тохиолдол олон бий. Өнөөдрийн их мэдээлэлтэй, нээлттэй эрин үед бодлогын шийдвэр гаргаж байгаа хүн ч гэсэн их нээлттэй байх ёстой.

-МБЗ-өөс авлигын эсрэг их том уриалга гаргасныг санаж байна. Бизнес авлигын сүлжээ ямар тохиолдолд алга болох вэ. Авлигын сүлжээнд холбогддог нэг тал нь хувийн хэвшлийнхэн шүү дээ?

-Энгийнээр хэлэх юм бол авлига Монголыг л муухай харагдуулж байна. Монгол муухай харагдвал бидэнд мөнгө өгөх хүн олдохгүй, өгсөн нь өндөр үнэтэй өгнө. Манай эдийн засгийн том асуудал юм даа. Зөвхөн нэг талаас шийдчих асуудал бас биш байх. Бүгд нийлж суугаад ойлголцож байж л эрүүлжих байх. Яг тийм зүйл гээд тодорхойлоход хэцүү. Бизнесийнхэн бол ажлаа аль болохоор олон улсын жишигт нийцүүлж, ном ёсоор нь хийхийг зорьж байгаа. Тэгж байж бизнес маань тогтвортой, орлоготой байх нь баталгаажна. Хэрэв шавартай байгаа бол бид шавраа арилгах л хэрэгтэй.

-"Эрдэнэс Монгол" компанийн захирлын ажлаа өгснөөс хойш та манай сэтгүүлд анх удаа ярилцлага өгч байна. Төрийн өмчийн компани болон хувийн хэвшилд ажиллахын ялгаа танд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Хувь хүний бизнесийн зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй. Гол зорилго нь үнэ цэнэ бий болгохын төлөө л ажиллана. Засгийн газрын эзэмшлийн компанийн хувьд их олон зорилготой байдаг. Үүнийг буруутгах бас боломжгүй. Тэр олон зорилгыг нэг бизнес стратеги рүү хөрвүүлээд төлөвлөгөө гаргана гэдэг их хүнд. Гэхдээ бусад газар хийж болоод байна. Сингапур эйрлайн ашигтай ажиллаж болоод байхад Монголынх яагаад болдоггүй юм. Францын эрчим хүчний компаниудын ихэнх хувь нь Засгийн газрын өмчид байдаг. Тийм мөртлөө ашигтай ажиллаж болж байна. Бизнесийн зарчмаа л ухамсарлах хэрэгтэй байх. Хаашаа явж байгаагаа ойлгодог бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй явах тухай асуудал.

-Бизнесмэнүүд сонгуулийг яаж хардаг вэ. Энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сонгууль бод­логоор өрсөлдөх биш, бие биенээ харлуулж, дайралт хийх нь их ажиглагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бизнест яаж нөлөөлөх вэ?

-Монгол ардчилсан улс. Сонгуулийн дараа нар манддагаараа мандаж, бизнес явдгаараа явна. Бид аль болохоор савлагаагүй байх нь л чухал. Хэрэв надаасхамгийн эх оронч хүн гэж хэн бэ гэж асуувал татвар төлөгч л гэж хэлнэ. Өөр тодорхойлолт байхгүй. Бид татвараа үнэн шударгаар төлж яваа улс. Муу ч, сайн ч эдийн засгийн 80 хувийг хувийнхэвшлийнхэн нуруун дээрээ үүрч, ажлын байр бий болгож байна. Бидний хүсэж байгаа гол зүйл бол бизнесийн орчноо л эргэж бүү баллаад байгаасай. Хэрэв шинэчлэл хийх гэж байгаа бол тооцоотой, хэрэгтэй зүйл дээр хиймээр байна. Шинэчлэхийн төлөө шинэчлэх биш. Монгол Улс өрсөлдөх чадвараар сүүл мушгиад байгаа юм бол түүнийг яаж урагшлуулах вэ гэдэгт чиглэх ёстойгоос биш тодорхой эрх ашгийн төлөө байж болохгүй.

Би саяхан АНУ-д очоод миний 30-аад жилийн өмнө амьдарч байсан Нью-Йорк хотын зам, дэд бүтэц үнэхээр хуучирсан, нүдэн дээр “нурж” байгааг нь харлаа. Үүнээс яагаад Дональд Трамп ялалт байгуулсныг төвөггүй ойлгож болохоор байсан. Учир нь тэр хүн дөрвөн жилийн дотор дэд бүтцийн санхүүжилтэд нэг их наяд ам.доллар зарцуулна гэж амласан. Мөн татварыг багасгана гэсэн. Тэгэхээр компаниудын хувьд татвар буурч, ирэх дөрвөн жилд их ажилтай байх юм байна гэж бодсоны үндсэн дээр Трампыг эх оронч гэж хэлж байгаа хэрэг байх. Монголд ч ялгаагүй шүүдээ.

"Манай компаниуд бүсээ байдаг боломж чадлаараа чангалж өнөөдрийг хүрлээ. Одоо ахин чангалах ямар ч боломжгүй болж байх шиг байна. Бүсээ чангална гэдэг нь ажлаа зогсоох тухай биш, харин хүндрэлтэй үеийг давах нэг арга л юм. Хүндрэлтэй үеийг өнгөрөөсний дараа экспортын зах зээлийг сайтар ойлгож, мэдэж, тооцож байж бид ирээдүйнхээ том төслүүдийг явуулах ёстой"

"Хөрөнгө оруулалтын орчинд алдарсан итгэлээ сэргээх хэрэгтэй. Холдож байсан итгэл буцаад нааш эргэх боломж харагдаж байна"

"Ирээдүйгээ зөв тодорхойлж чадсан эдийн засгуудад л хамгийн өрсөлдөх чадвартай компаниуд байна. Бид тэдэнтэй ижил зүйл л хүсэж байна. Ирээдүйгээ ганц, хоёр жилээр биш 20-30 жилээр хардаг болмоор байна"

"Бидний хүсэж байгаа гол зүйл бол бизнесийн орчноо л эргэж бүү баллаад байгаасай"

"Зүүн Хойд Азийн орнууд сүүлийн жилүүдэд бүс нутгийн уялдаа холбоонд их анхаарч, бодлогын төвшинд асар их өөрчлөлт гарч байна. Хаана ямар төсөл хэрэгжүүлэх нь ойлгомжтой болж байна. Монгол үүнээс хоцрохгүй, харин ч боломжтой бол урд нь явах хэрэгтэй. Түүний тулд манай компаниуд өнөөдөр шокноосоо гарч, буцаад бизнес рүүгээ тууштай орж, ирээдүйн боломжоо мэдэрч ажиллах ёстой"

Mongolian Economy сэтгүүлийн
2017 оны зургадугаар сар, №129 дугаараас