Б.Бямбасайхан: Мөрөөдлөө зорилго болгож, түүндээ хүрэх хариуцлага биднийх

Mongolian Economy сэтгүүлийн 2012 оны дөрөвдүгээр сар, №016 дугаараас

Ньюком группын гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг “Бизнесмэн” буландаа урилаа. Б.Бямбасайхан нь дотоод, гадаадад боловсрол эзэмшиж, гаднын өндөр хөгжлөөс багагүй хугацаанд суралцсан, сүүлийн үед түрэн гарч ирж буй залуу бизнесмэнүүдийн нэг юм. Тухайлбал, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд суралцаж төгсөөд Америк, Азид 10 гаруй жил ажиллаж амьдраад 2010 онд эх орондоо ирсэн билээ. Тэрбээр төрийн болон хувийн хэвшлийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт босгох, менежмент хийх, ялангуяа дэд бүтцийн төслийн санхүүжилтийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан санхүүч юм. 2004-2010 он хүртэл Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж, Төв Азийн Казахстан, Пакистан, Узбекистан, Тажикистан зэрэг хөгжлийнхөө гараан дээр буй орнуудын томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд оролцохын зэрэгцээ цэвэр эрчим хүчний талаарх ойлголт, мэдээллийг Азийн орнуудад нэвтрүүлэх хөтөлбөрийг санаачилж байжээ. Б.Бямбасайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрчим хүчний зөвлөх, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Монголын Бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажлын үүрэг хүлээжээ.


-“Ньюком” групп гүйцэтгэх захирлынхаа албанд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуусыг олж, судалж тавьдаг уламжлалтай гэж хэлж болно. Үүний үргэлжлэл нь Та болж байна. Таны сэтгэгдлийг эхлээд сонсоё?

-Монгол Улс өнөөдөр асар хурдан хөгжиж байна. Энэхүү хөгжлийн ард хамгийн түрүүнд бизнес, бизнес эрхлэгчхоёр байгаа. Бидний чухалчлан авч үзэж, ярьж байгаа асуудал бол яах аргагүй өрсөлдөх чадвар. Энэ нь мөн бизнесийн салбартай зайлшгүй холбоотой. Өрсөлдөх чадвартай байх нь гаднын бусад оронтой өрсөлдөхүйц стандартыг бий болгох гэсэн үг юм. Тэгэхээр олон улсын бизнесийн стандартуудыг мэддэг, туршлагатай хүн өнөөдрийн бизнесийн салбарт амжилт олно. 20 жилийн өмнө зах зээл ямар байсан билээ. Бүх зүйл шинээр эхэлж байлаа. Харин өнөөдөр дотоодын зах зээлийн өрсөлдөөн сайжирч, тэр ч бүү хэл, бид бүс нутаг цаашлаад дэлхий дахинд үйл ажиллагаагаа өргөтгөх боломж, шаардлага тулгарч байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадахгүй бол эрхэлж буй бизнес өсч томрох чадвар буурна гэсэн үг. Ийм л учраас гаднын болоод өөрийн оронд сайн мэдлэг эзэмшсэн дадлага туршлага, эрч хүчтэй залуус бизнесийн салбарт хүч түрэн орж ирж байна гэж хэлж болох юм.

Эзэмшсэн боловсрол мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулах нь бидний ч үүрэг хариуцлага юм.

-“Ньюком” групп байгальд ээлтэй бизнес эрхлэн явуулж байгаа нь уул уурхай руу хошуурсан өнөөгийн нөхцөлд сайшаалтай санагддаг юм. Цэвэр технологи, өндөр технологи нь “Ньюком”-ын брэнд, нэр хүндийн илэрхийлэл болжээ.

-Монголын эдийн засгийн гол суурь бол монгол хүн. Тиймээс монгол хүнд шинэ шаардлага гарч ирж байна. Манай компани хүний хөгжилд ихээхэн анхаарч ажилладаг. Үүний нэг тод жишээ нь монгол инженерүүдийн мэдлэг, чадварт тулгуурлан бий болсон компани бол “Мобиком”. Хэрэглэгчдэд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг чанартай үзүүлэх зорилготой. Дэлхийн хөгжингүй орнуудад ашигладаг өндөр технологиудыг монголчууд гар утсаараа дамжуулан ашиглаж байна. Монгол орны газар нутгийн алслагдмал байдлаас үл хамаарч хаанаас ч хэнтэйгээ гар утсаар мэнд усаа мэдэлцэх боломжийг олгосон. Монгол Улс өнөөдөр харилцаа холбооны салбарт бүс нутагтаа өрсөлдөх чадвараар дээгүүрт орсон байгаа. Мөн агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани маань ойрын үед олон улсын нислэг хийхэд анхаарч, Японын агаарын тээврийн АНА компанитай хамтарч ажиллаж байна. Хоёр орны хэлэлцээрүүд амжилттай болбол том оврын онгоцнуудаа оруулж ирээд энэ зунаас олон улсын нислэг хийхээр төлөвлөж байна. Япон, Солонгос, Хятадын олон хот болон Казахстан руу нислэг үйлдэх төлөвлөгөө байна.

Манай компанийн хамгийн сүүлд хийж буй томоохон ажлын нэг гэвэл цэвэр эрчим хүчний салбар дахь их бүтээн байгуулалт. Ер нь манай компанийн бизнесийг ерөнхийд нь нэрлэвэл “холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг” гэж хэлж болно. Энэ бүх ажлыг өндөр технологи, цэвэр технологийг ашиглаж, үйл ажиллагаагаа явуулдаг нь бидний бахархал юм. Өөрөөр хэлбэл, манай хамт олон байгальд ээлтэй бизнес эрхэлдгээрээ бахархдаг.

-Сүүлийн үед “Салхит” салхин станцыг цэвэр эрчим хүчний сайн жишээ болгодог болсон байна. Их бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт саяхан шийдэгдсэн. Ер нь энэхүү том төсөлд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдах вэ?

-Салхитын 50 МВт-ын салхин станц нь манай эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа шинэ зүйл. Дэлхий дахинаа ашиглаж байгаа цэвэр технологийг Монголд нутагшуулж байгаа нь өөрөө шинэ бөгөөд сайхан ажил юм. Уг төсөл нь нэлээд өндөр буюу 165 тэрбум төгрөгийн өртөгтэй. Бид гаргаж авсан эрчим хүчээ төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлнэ. Эрчим хүчний салбарын ихэнх компани төрийн мэдэлд байгаа өнөө үед хувийн хэвшлийнхэн энэ салбарт орж ирж байгаа нь уг бүтээн байгуулалтын бас нэг онцлог юм.

-Санхүүжилтийн асуудлыг ший­дэх нь амаргүй. Тэгээд салхины эрчим хүчний хувьданхны том төсөл. Та бүхэн багагүй бартаа саадыг туулж санхүүжилтээ шийдсэн байх даа?

-Санхүүжилтийн асуудал үнэхээр амаргүй ч ийм хэмжээний санхүүжилт олоход нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, 2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль байна. Сэргээгдэх эрчим хүчний салбартхөрөнгө оруулагч талд тодорхой үнийн зохицуулалтын асуудлыг энэхүү хуульд оруулж өгсөн нь нөлөөлсөн. Мөн манай төр, засаг 2020 он гэхэд Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ бүх зорилго, дэмжлэгийн үндсэн дээр бид Засгийн газар, “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, “Женерал электрик”, “Мянганы сорилтын сан”, Голландын Засгийн газрын хувийн хэвшлийг дэмждэг FМО банк зэрэг байгууллагатай хамтран ажилласнаар “Салхит” салхин паркын бүх талын ажил амжилттай хэрэгжээд явж байна.

-Салхин паркын энэхүү төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын цаашдын хандлагыг тодорхойлно гэдэг утгаар их хүлээлт үүсгээд байгаа. Төр, засгийн зүгээс хэрхэн дэмжиж байна вэ?

-Өнөө жилийн Монголын эдийн засгийн форумаар Монгол Улсын ирээдүйн хөгжил, чиг хандлага болсон ногоон хөгжлийн талаар ярилцаж гарц хайлаа. Манай эх орон бол эрчим хүчний диваажин орон юм. Тиймээс сэргээгдэх болоод эрчим хүчний салбартаа эх орондоо төдийгүй Азийн бүсэд тэргүүлэгч болох боломж байна. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний салбараа дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Ойрын 10 жилдээ Азидаа эрчим хүчний салбараар тэргүүлэгч болох зорилгыг өмнөө тавилаа.

Аливаа зорилгыг өмнөө тавих амархан. Хэрэгжүүлэх хэцүү. Харин анхны алхмаа хийх нь маш чухал

Ямартаа ч өнөөдрийн “Салхит” салхин станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр өөрийн болоод гаднын орнуудад Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж байгаа юм байна гэдгийг ойлгуулсан байх. Нөгөө талаар тус бүтээн байгуулалт нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дээр тогтож байгаа гэж хэлж болно. Төрөөс хууль эрх зүй болоод зохицуулалтын тал дээр биднийг багагүй дэмжиж ажиллаж байгаа.

-Манай орны хувьд тээвэр­лэлтийн асуудал ихээхэн хүндрэл дагуулдаг. Тэр дундаа салхин турбин, сэнс гээд овор хэмжээ том барааг зөөх гэдэг томоохон бэрхшээл. Энэ асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

-Аливаа бүтээн байгуулалтын төслийг хийхийн тулд сайн төлөвлөх хэрэгтэй. Тээвэрлэлт, барилгын ажил гээд бүх зүйлийг нарийн тооцоолж, зохион байгуулалттай байх нь чухал. Монголд бизнес эрхлэхэд хамгийн түрүүнд тулгардаг эрсдэл бол яах аргагүй тээвэрлэлт, логистикийн асуудал байдаг. Үүний гол шалтгаан нь зам. Монгол Улс өнөөдрийг хүртэл замаа барьсаар л байна. Бидний хувьд 70 тонн жинтэй турбин, 40 метр урт сэнсний далбаа зэргийг тээвэрлэх нь жаахан хүндрэл дагуулж байгаа нь үнэн. Эдгээр томоохон төхөөрөмж тавдугаар сараас орж ирнэ. Бидний төлөвлөж байгаагаар авто замаар тээвэрлэлт хийх нь илүү оновчтой байх гэж үзэж байгаа.

Бид өнөөдөр мөн 28 км өндөр хүчдэлийн шугамыг өөрсдийн хөрөнгө, хүчээр барьчихаад байна. Мөн салхинаас гаргаж авсан цахилгаанаа хааш нь яаж дамжуулах, борлуулах вэ гэдэг хамгийн хүндрэлтэй асуудлаа шийдчихлээ. Үйл ажиллагаа явуулах нутаг маань уулархаг газар учраас замын асуудлаа хамгийн түрүүнд шийдсэн. Одоо цас хайлаад ирэхээр барилга, угсралтын бусад ажлаа эхэлнэ. Бэлтгэл ажлаа хангалттай базаасан. 2007 оноос хойш л бэлтгэлээ базаасаар санхүүжилтийн асуудлаа шийдээд, барилгын ажил руугаа ороход бэлэн боллоо шүү дээ.


-Үнийн хувьд хэд орчим төгрөгөөр борлуулах вэ?

-Үнийг хуулиар зохицуулсан байдаг. Салхин цахилгаан станцаас үйлдвэрлэсэн цахилгааныг 8-9.5 центээр сүлжээнд худалдаж авна гэсэн зохицуулалт бий. Энэ нь төрөөс хөрөнгө оруулагчдыг дэмжиж буй гол хөшүүрэг юм. Европт жишээлбэл салхины эрчим хүчинд дунджаар 15 центийн тариф тогтоосон байдаг.

-Танай компани Өмнийн говьд мөн салхины эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа байх аа?

-Говийн бүс өөрөө Монгол орны хамгийн томоохон салхины нөөц бүхий газар. Мөн хүн амын суурьшил бага байгаа нь том давуу тал. Тиймээс том оврын салхин станц байгуулж, ойр хавийн уул уурхай, үйлдвэрийг эрчим хүчээр хангах боломж өндөр гэсэн үг. Манай мэргэжилтнүүд нарийн судалгаагаа хийж, ТЭЗҮ-ээ гаргахаар ажиллаж байгаа. Зөвхөн Монголд бус бүс нутагт эрчим хүчний зах зээлийг нээж, өргөн хүрээнд ажиллана.

-Япон улсад атомын цахилгаан станцын осол гарч томоохон хохирол учирсан нь дэлхий нийтэд цочроо өгсөн гэж хэлж болно. Япончууд өнөөдөр эрчим хүчний тал дээр бодлогын хувьд эргэлт гаргахаа зарлалаа. Мөн цэвэр эрчим хүчний тухайд манай орныг сонирхож буйгаа нуугаагүй. Ньюком сэргээгдэх эрчим хүчний асуудлаар япончуудтай хэрхэн хамтран ажиллах гэж байна вэ?

-2011 оны гуравдугаар сарын 11-ний Фукушимагийн осол үнэхээрийн цочроог дэлхийд өгсөн. Тиймээс цэвэр эрчим хүчийг хөгжлийнхөө гол түлхүүр болгох зорилтыг Япон улс тавилаа. Энэ нь манай орны хувьд том боломж. Япон ньолон хүн амтай, газар нутгийн хэмжээ бага учраас салхин болоод нарны станц барихад хэцүү л дээ. Тэгэхээр тус орны хамгийн ойрын цэвэр эрчим хүчний нөөц нь манай говийн бүс нутаг болж байгаа юм. Энэхүү боломжийг бид чадварлагаар ашиглах хэрэгтэй. Хоёр орны найрамдалт сайн харилцаагаа ашиглаж чадвал шинэ зах зээл бий болно гэсэн үг.

Саяхан миний бие Японы сэргээгдэх эрчим хүчний сангаас зохион байгуулсан хуралд яваад ирсэн. Япончууд ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний ямар бодлоготой байх тухайгаа ярилцсан энэ хурлаас тэд цэвэр эрчим хүчийг хөгжүүлэхэд эргэлт буцалтгүй орох том бөгөөд урт хугацааны зорилт дэвшүүлсэн. Тэд атомын станц бол байгалийн аюулт үзэгдлийн өмнө үнэхээрийн аюултай эд юм байна гэдгийг ярьж байна. Тиймээс атомын станцаас аль болох зайлсхийж,сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлахаар болж байна. Герман Улс мөн саяхан атомын энергиэс татгалзлаа шүү дээ.

Харин бидний зүгээс нар, салхины нөөцөө ашиглан Азийн зах зээлд нийлүүлэх боломжтой гэдгээ ярьж харилцан хамтран ажиллахаар шийдсэн байгаа. Манай “Ньюком” Японы гурав дахь том компани болох Softbank корпорацитай хамтраад цэвэр эрчим хүчний чиглэлд ажиллах “Clean Energy Asia” компани байгуулсан. Тус компани нь Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судалж, бүтээгдэхүүнийг Азийн зах зээлд нийлүүлэх боломжийг судлах зорилготой ажиллах юм.

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт боловсон хүчний асуудал хэр зэрэг хүндрэлтэй байна вэ?

-Өнөөдөр шинэ технологийг, шинэ нутаг дэвсгэрт суурьшуулах гэдэг бол чадварлаг боловсон хүчингүйгээр бүтэшгүй зүйл. Манай компанийн хувьд МУИС, ШУТИС гээд томоохон их сургуультай хамтран ажиллаж байна. Хамтран ажиллаж байгаа гол зорилго нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сураад төгсч чадвал ажлын байр бэлэн байгаа шүү гэдгийг ойлгуулах юм. Эхнээсээ сургуулиа төгссөн шинэ боловсон хүчин манайд ажиллаж эхлээд байгаа. Сэргээдэх эрчим хүчний нэг сайн тал нь шавхагдашгүй нөөцтэй. Тиймээс ажлын байрны шаардлага байнга гарна. Түүнчлэн уг салбараа дагаад манайд “High Tech” үйлдвэрлэл нэвтрэх боломжтой. Ер нь өндөр технологийг нэвтрүүлснээр тухайн нутагт үйлдвэр байгуулах бүрэн боломжтой болно гэсэн үг. Ингэж чадвал Монголд олон шинэ ажлын байр бий болно.

-Танай компани тавдугаар цахилгаан станцын тендерт өрсөлдөж байгаа. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хангамжийн хувьд хамгийн их шаардлагатай төсөл бол тавдугаар цахилгаан станц. Өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг одоогийн нөөц бололцоогоор хангах боломжгүй болоод байна. Тавдугаар цахилгаан станц нь нүүрс ашиглаж байгаа одоогийн станцуудаас 40-60 хувь илүү цэвэр технологийг ашиглах шаардлага бүхий үр ашигтай том төсөл. Олон улсын тендер зарласан байгаа. Манайх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, цахилгаан станцын хөрөнгө оруулалт, удирдлага хийдэг Европын International Power GDF Suez, Японы Sojitz болон Солонгосын Posco Energy компаниудтай хамтарч уг тендерт өрсөлдөж байгаа.

-Өнөдөр технологи буюу цэвэр технологийг нэвтрүүлэн нутагшуулах бизнесийн орчин манайд хэр байна вэ?

-Бид өнөөдөр мөрөөдлөө зорилго болгоод тавьчихая. Бидний хамгийн ойрын том мөрөөдөл бол эх орондоо баян чинээлэг сайхан амьдрах шүү дээ. Харин энэ мөрөөдөл юугаар хэмжигдэх вэ гэдгийг мэдэх чухал. Энэ нь хамгийн түрүүнд өрсөлдөх чадвартай холбогдоно. Өрсөлдөх чадвартай байхын тулд өндөр технологийг оруулж ирэх хэрэгтэй. Тэрхүү технологийг монгол хүн өөрөө сайн мэддэг, эзэмших нь чухал. Тэгэхээр гаднынхнаас сайн суралцах хэрэгтэй байна. Бусдын нэгэнт бий болгочихсон тэр зүйлийг дахин бүтээх хэрэггүй. Зөвхөн өөрийн орны онцлогт тааруулж нутагшуулах нь л чухал юм. Энэ бүгдийг хийж чадвал боловсон хүчин, бизнесийн орчин зэрэг бүх зүйл аяндаа шийдэгдээд ирнэ. Ирэх 20 жилд Монголд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг сайн инженерүүд л хийнэ. Ирээдүйд инженер гэдэг хамгийн үнэтэй, эрэлттэй, бас өндөр шаардлага бүхий мэргэжил болно.

-Төрөөс ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар ярьж эхлээд байна. Таны хувьд “Ногоон эдийн засгийн өсөлт” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн. Тэр утгаараа ногоон хөгжлийн талаар товч тайлбарлахгүй юу?

-Ногоон эдийн засаг нь өрсөлдөх чадвартай байх гэсэн үг. Яагаад байн байн өрсөлдөх чадварыг яриад байна гэхээр бид дэлхий нийтийн зах зээлд гарахын тулд л юм. Өрсөлдөх чадвар явсаар эцсийн бүлэгтээ хүн дээр л ирнэ. Тэр утгаараа хүнээ хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр дэлхий нийт хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу буюу нүүрс хэрэглэхээс аль болох зайлсхийх талаар ярьж байна. Үүнтэй холбоотой манай улс Азийн бүсдээ цэвэр эрчим хүчний тэргүүлэгч орон болох зорилго дэвшүүлээд байгаа. Энэ бол том зорилго. Гэхдээ том зорилгод хүрэхийн тулд жижгээс эхлэх хэрэгтэй. Тухайлбал, боловсон хүчнээ бэлтгэнэ, технологио нэвтрүүлнэ, үйлдвэрлэл бий болгоно гээд л олон асуудал бий.

Мөн манай нийгэмд байгаа хамгийн том бэрхшээл бол ойлголтын зөрүү яах аргагүй мөн. Нэг хүн нэг янзаар ойлголоо гэхэд нөгөө нэг нь шал өөрөөр бодоод явж байдаг. Төр, засгийнхан нэг юм ярьдаг, бизнесийнхэн нь бас нэг өөр зүйл яриад байх жишээтэй. За тэгээд эрдэмтэн мэргэд, иргэний нийгэм гээд бүгд л нэг зүйлийг өөрөөр ярина. Энэ нь зорилгоо зөв тодорхойлсон эсэхээс шалтгаалдаг болов уу.

Ойлголтын зөрүү байна гэдэг нэгдүгээрт, цаг хугацааны хувьд алдагдалтай. Цаг хугацааг алдах нь эргээд ашгаа алдаж байгаа хэрэг юм. Тиймээс зорилгоо нэг болгоод тэр зорилгодоо хүрэхийн тулд цэвэр технологийг ашиглах хэрэгтэй. Түүнчлэн бид өөрөө өөрийнхөө ажил, амьдралд эзэн болох нь чухал байна.

-“Ньюком” групп компанийн нийгмийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

-Нийгмийн хариуцлагыг олон талаас нь харж, олон талын үйл ажиллагаа явуулж болно. Манай компанийн хувьд жишээлбэл цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, тэр бүтээсэн баялгаа хэрэглэгч бүрт хүргэж чадах нь нэг талын нийгмийн хариуцлага. Мөн бид баялаг бүтээх явцдаа хуулиа зөрчихгүй, байгаль орчноо сүйдлэхгүй байх нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа хэрэг юм.Хамгийн гол нь бид баялаг бүтээхдээ эрүүл, цэвэр үйл ажиллагаа явуулж, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлдэг нь л манай хамт олны нийгмийн хариуцлага гэж ойлгодог.

-“Ньюком” групп нийтдээ 2000-аад ажилтантай. Энэ хамт олныг удирдаж яваа залуу бизнесмэнийн гол зарчим нь юу бол?

-Өөрийн гэсэн зорилготой, мөн хариуцлагатай байх. Хүн бүр өөрийн гэсэн мөрөөдөл,зорилготой түүндээ хүрэх чин эрмэлзлэлтэй байх ёстой болов уу. Би байшин барьж байлаа гэхэд өөрийн хариуцлагаа ухамсарлаж чадалгүй нэг туйпуу өрөлгүй хоосон зай үлдээвэл байшин нурна. Тиймээс миний гол зарчим бол зорилгынхоо төлөө хариуцлагатай ажиллах юм даа.