Б.Дашням: Сумо надад хүмүүжил олгосон

Сэтгүүлч Mongolian Economy

Асасэкирюү Б.Дашнямтай уулзаж, ярилцах боломж биднийг Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан тусгай дугаар бэлтгэх үеэр олдсон юм. Биднийг уулзах үед Б.Дашням сумо барилдахаа больж, туслах дасгалжуулагчаар ажиллаж байв. Цаашид Нишикижима ояката нэрээр өөрийн дэвжээг үүсгэн байгуулж, тэргүүлэн ажиллахаар болжээ. Тэрбээр манай сурвалжлах багийг арлын улсад элгэмсгээр хүлээн авч, энгийн дотно хууч яриа өрнүүлсэн билээ.

-Сумод хөл тавьж байсан түүхээсээ хуучлаач

-Анх 16 настайдаа Японд ирж эндхийн дунд сургуульд элсэн суралцсан юм. Хоёр жилийн дараа 2000 онд сумод барилдаж эхэлсэн. Үүнээс хойш 17 жилийн дараа зодог тайлж байна даа.

-Дунд сургуульд орохдоо л сумод оръё гэсэн бодолтой байсан юм уу?

-Үгүй ээ, дээд сургуульд орох зорилготой байсан юм. Дагваа (Асашёрюү Д.Дагвадорж) бид хоёр хамт ирсэн шүү дээ. Сургуульд сурах хугацаандаа бид сумогийн тэмцээнд оролцдог байсан. (Кёкүтенхо) Н.Цэвэгням ах, (Кёкүшюзан) Д.Батбаяр ах, Таканохана аварга, Акэбоно аварга нарын барилдааныг шимтэн үздэг байв.

Сургуулиа төгсөөд дээд сургуульд орох болоход багш маань тэмцээнд сайн барилдаж байсан юм чинь мэргэжлийн сумод ор гэж зөвлөсөн. Дагваа надаас түрүүлээд барилдаад эхэлчихсэн байсан болохоор түүний зөвлөгөө ч надад нөлөөлсөн. Ингээд л 2000 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод барилдаж эхэлсэн.

Мэргэжлийн сумод барилдаад хоёр жил болсны дараа Жүрё зиндаанд орсноор өөрийн туслахтай болж, цалин авч эхэлсэн. Тэр үедээ их баярлаж байлаа. Эхний тэмцээнд зургаа давж, дараагийн тэмцээнд нэмэлт барилдаанаар түрүүлсэн. 15 тэмцээний дараа 20 насандаа дээд зиндаанд дэвшсэн нь сумогийн түүхэнд 10 дугаарт бичигддэг юм.

-Анх дэвжээн дээр гарахад ямар мэдрэмж төрж байв?

-Маш их сандарсан. Юу болоод өнгөрснийг сайн мэдээгүй байтал ялчихсан байсан. Япон бөхтэй барилдаад, түлхэж гаргаснаа л санадаг.


-Сумод эхний хоёр жил хэцүү байдаг гэсэн, үнэн үү?

-Эхний 2-3 жил бол хатуу даваа. Дөнгөж орж ирсэн хүүхдүүдийг шууд барилдуулахаар гол төлөв хоорондоо мөргөлдсөнөөс үүдэлтэйгээр хүзүү, толгойноос эхлээд бэртэнэ. Бэлтгэл хийгээд дуусахад хоёр хөл "мод" болно шүү дээ. Өглөө эрт босож цэвэрлэгээ хийнэ. Хоолоо өөрсдөө хийнэ. Багш нарын туслахаар ажиллана. Ийм байдлаар сумогийн амьдралд сургадаг.

-Шантармаар үе байв уу?

-Байгаагүй. Дагваа бид хоёр 300 орчим хүүхдээс шалгарч ирсэн. Тиймээс буцах зам байгаагүй. Аав, ээж маань ч сонгосон замаасаа шантарч болохгүй гэж захисан. Миний хувьд сургуульд япон хэл сураад, сумогийн ерөнхий мэдлэгтэй болчихсон байсан нь давуу тал болсон.

-Аав, ээж тань анх Япон явахад ямар захиас үг хэлж байсан бэ?

-Намайг анх наашаа ирэхэд ээж надад одоогийн ухаалаг гар утасны хэмжээтэй жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дээр дүүрэн зүйл бичсэн байсан. Би одоо болтол нандигнаж, бурхан шүтээнтэйгээ хамт хадгалдаг.

Ээж минь дэвтэрт япон хүмүүсийн усыг нь уувал ёсыг нь дагаарай, Монголоос ирсэн хүмүүст боломжоороо тусалж байгаарай гэх зэргээр олон зүйл бичсэн байсан.

-Таны Япон дахь гэрийн хойморт юу байдаг вэ?

-Миний ээжийн өгсөн энэ дэвтэр, нутгийн чулуу, анх ирээд авч байсан мөнгөний паск бий.

Намайг Япон руу яваха аав маань машинаа зараад надад мөнгө бэлдэж өгсөн. Би 297 ам.доллартай ирж байсан юм. Тэр үед чамлахааргүй их мөнгө байсан. Дагваа бид хоёр Японд буугаад эндхийн онгоцнууд нь манай онгоцноос ч том байхыг хараад их гайхсан. Буугаад хоолонд орсон. Дагваа пасканд мөнгөө хийгээд бүсэлхийндээ зүүсэн байсан. Би тийм паск авч зүүмээр санагдаад онгоцны буудлын дэлгүүрээс 40 ам.доллароор тэр паскийг авч байсан юм.

-Та монгол бөхчүүдээс хамгийн анх хэнтэй нь барилдаж байв?

-Дээд зиндаанд Д.Батбаяр ахтай. Барилдахад дотно байсан ч ялъя л гэсэн бодолтой байсан.

-Сумогийн амьдралаас өөртөө олж авсан гол зүйл юу вэ?

-Олон юм бий. Сумогийн надад өгсөн гол зүйл бол хүмүүжил. Сумогийн спортын нэг онцлог нь хувцас, үс засалтаас эхлээд Японы эртний соёл, уламжлалыг нарийн хадгалж үлдсэн. Ер нь үндэсний спортын нэг онцлог нь энэ. Монголд нэг хэсэг бөхчүүд л дээл, монгол гутлаа өмсдөг үе байлаа шүү дээ.

-Дээд зиндаанд хүрсэн бөхчүүдийн хувьд ямар гол чадвар эзэмшсэн байх ёстой вэ?

-Өнгөц харахад амархан юм шиг санагддаг. Гэхдээ спортоор хичээллэж үзсэн хүнд тэгж санагдахгүй. Жижигхэн тойрог дотор, ахархан хугацаанд барилдаан явагддаг ч тэр хооронд сэтгэл зүйн маш өндөр төвлөрөл, биеийн хүч шаардана. Хэдхэн хормын барилдаанд тухайн бөхийн олон жилийн хичээл зүтгэл шингэсэн байдаг. Аравхан секунд барилдаж ялсан бөх ярилцлага өгөхдөө маш их амьсгааддаг нь ийм учиртай.

-Монголчууд сумод амжилттай барилддагийн нууц нь юу гэж бодож байна вэ?

-Бидний өссөн орчин. Цэвэр агаар, монгол малын мах, сүү. Тэр дундаа монгол малын идэж буй ургамалд нууц нь бий гэж боддог. Судлаачид ч энэ тухай их ярьдаг.

Монгол бөхчүүд байгалиас өөр өгөгдөлтэй. Хөдөөний хүүхдүүд цаанаа л нэг өөр байдаг даа. Би байнга Монголоос мах авчруулдаг.

-Хөдөө гэснээс хаана төрсөн юм бэ?

-Би Төв аймгийн Баянцагаанд төрсөн. Хотод өссөн ч байнга хөдөө явдаг байлаа. 12 настай байхдаа “Жуулчин” гэдэг спортын клубт жудогоор хичээллэж эхэлсэн юм. Гэхдээ тэмцээнд оролцож байгаагүй. 1997 онд хүүхдийн барилдаанд оролцсоныг эс тооцвол үндэсний бөхөөр бараг бэлтгэж хийж байгаагүй.

-Жудогоор хичээллэж байсан хүн сумогоор барилдахад давуу талтай байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Жудогоор хичээллэдэг байхдаа аав шигээ мундаг бөх болно гэж боддог байлаа. Жудогийн олимпийн аварга болно гэж мөрөөддөг байв. Жудогийн тодорхой мэх заалгасан хүн сумогоор барилдахад тэгтлээ сандрахгүй.

-Сумочид сэтгэл зүйн бэлтгэлээ яаж хангадаг вэ. Таны хувьд ямар арга барилтай вэ?

-Миний хувьд тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс нэг зүйлдээ төвлөрч, өөр юманд сатаарахгүй байхыг хичээдэг. Ойр дотныхонтойгоо утсаар ярихаа ч хязгаарладаг. Барилдаан эхлэхийн өмнө дэвжээний дор сууж байхдаа орчноосоо тасарч нэг цэгт хараагаа төвлөрүүлж, барилдаанаа төлөвлөдөг.

Жилийн 12 сарын зургаад нь 15 хоног барилдана гэдэг тийм ч амар биш. Барилдаан дуусаад долоо хоног л амардаг.

Бусад үед бэлтгэл хийнэ, тойргийн барилдаанд оролцоно. Энэ бүх хугацаанд чансаагаа алдахгүйн тулд хамаг хүчээ дайчилна шүү дээ.

-Монгол орныхоо хөгжлийн талаар эргэцүүлж, хоёр орны хөгжлийг харьцуулдаг байх. Монгол бөхчүүд хоорондоо энэ сэдвээр юу ярилцдаг вэ?

-Мэргэжлийн сумод орсны дараа анх гэртээ харихад Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэхдээ жил болгон Монголдоо очиход хөгжиж байгаа нь харагддаг.

Японы хөгжлийн ололтуудыг монголчуудад танилцуулахад монгол сумочид гол үүрэг гүйцэтгэсэн. 1990-ээд онд Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат нар анх Монголын нэрийг сумогийн дэвжээнд гаргасан. 2000-оод онд Д.Дагвадорж аварга гарч ирснээр хоёр ард түмнийг улам ойртуулсан. Энэ мэтээр хоёр орны харилцааны түүхэнд гүүр болсон олон сумочдын нэг нь болсноороо бахархдаг. Сумо бол Монгол, Япон ойртоход нөлөөлсөн гол хүчин зүйл.

Жирийн япончуудаас Монголын талаар юу мэддэг вэ гэж асуухад монгол сумочдын нэрийг хэлдэг. 1990-ээд онд бараг юу ч мэддэгүй байсан. Монголыг япончуудад хамгийн ихээр таниулсан хүн бол яах аргагүй Д.Дагвадорж аварга.

-Одоо анх мэргэжлийн сумод орж байгаа залуу монгол бөхчүүдийн талаар ямар бодолтой байна вэ?

-Бид дараагийн үеэ бэлдэх хэрэгтэй. Тиймээс ирээдүйтэй гэж үзсэн хүүхдүүдийг дунд сургуульд оруулж өгдөг. Сайн барилдаж буй хүүхдүүд цөөнгүй бий. Японд төдийгүй Монголд сумогоор барилдах сонирхолтой залуус олон болсон. Анхны дэвжээнүүд ч байгуулагдаж байна.

-Япончууд сумочдоо маш их хүндэтгэдгийг бид нүдээрээ харлаа. Энэ олон хүнээр хүндлүүлнэ гэдэг их хариуцлага биз ээ?

-Япончууд гадаад, дотоод гэлтгүй бүх сумочдоо хүндэлдэг. Зөвхөн миний барилдааныг үзэх гэж сумогийн ордонд ирдэг, намайг барилдсаны дараа гараад явчихдаг япон хүн зөндөө бий. Ийм хүндлэлийг буруу авч явж, биеэ тоолгүй, өөрийгөө дарахыг хичээдэг. Ер нь бөх болгон өөрийн фэнүүдтэй.

-Зарим хүн Монголын сумод япончууд барилдаж байна гэж хошигнодог. Н.Цэвэгням та хоёроос эхлээд сумогийн багш болчихлоо. Тэгэхээр цаашдаа сумод “монгол” гэсэн том орон зай үүссэн гэж үзэж болох уу?

-Нэг ёсондоо бид одоо монгол сумочдын ахмад үе боллоо. Шинэ үе түрэн гарч ирж байна. Монгол багш нар бий болсноор монголчууд сумод орж ирэх үүд хаалгыг улам нээж өгнө гэж бодож байна.

Монгол багш нарын хувьд монгол аваргуудын хэлхээг таслахгүй байх том хариуцлага үүрч байна гэж ойлгож байгаа.

Одоо барилдаж байгаа 22 монгол залуугаас доод хоёр зиндаанд нэг нь ч байхгүй. Тэдэн дунд ирээдүйд аварга, арслан болох хүүхдүүд цөөнгүй бий.

-Монголчууд сумод орж ирснээр Японы залуу үе сумогоо илүү сонирхох болсон гэсэн яриа байдаг. Өөрөөр хэлбэл сумог дэлхийд таниулахад тус болсон гэж?

-Тэр бол яах аргагүй үнэн. Мэхний их дэлгүүр гэгддэг Батбаяр ахын барилдаанд япончууд их дуртай байсан. Д.Дагвадорж аваргын уран барилдаан япончуудыг бүр ч их асаасан. Зөвхөн Япон гэлтгүй гадаадын үзэгчид их сонирхдог болсон. Тасалбар авахын тулд майхан барьж ордны гадаа хонодог болж байна. Нэг сарын тэмцээнийг 150 мянган хүн үзэж байна.

-Япон, монгол хүмүүсийн ялгаа гэвэл та юу хэлэх вэ?

-Монгол хүүхдүүдийн хувьд их сэргэлэн, хөдөлгөөнтэй байдаг юм болов уу гэж боддог. Мэдээж япончуудыг сэргэлэн биш гэж хэлэх гээгүй шүү. Гэхдээ Японы соёл хүнийг даруухан байлгадаг. Монголчуудын хувьд ардчиллын дараа нэлээн задарсан, өөрийн гэсэн юмны үнэ цэнийг мартсан тал бий. Монгол хүн гадаадад амьдраад эхлэхээрээ эх орон гэдэг зүйлийн утга учрыг ухаардаг.

-Японы ард түмэнтэй харилцахад юу анхаарах хэрэгтэй вэ?
-Япон хүн за гэвэл ёогүй. Гаргасан шийдвэрээсээ хэзээ ч буцдаггүй. Аль ч салбарт. Харин монголчууд япончуудыг хулхидсан явдал цөөн биш. Тиймээс бид гэрээ, хэлэлцээр, энгийн тохиролцоо аль нь ч байсан хэлсэн үгнээсээ буцахгүй байх хэрэгтэй.

-Тэгвэл нөгөө талаас япончууд Монголыг ойлгоё гэж хэр хичээж байна?

-Монголыг үнэхээр сонирхдог, хүндэлдэг. Очих дуртай улсуудынх нь нэг байдаг. Сайхан сэтгэлээр ханддаг. 1990 оноос хойш Монголд өгсөн тусламжаас нь үүнийг харж болно. Энэ сэтгэлийг нь бид зөвөөр хариулах ёстой. Түүнээс биш “Муусайн самурайнууд газар нутагт маань санаархаж байна” гэдэг хардалт бол утгагүй зүйл.

-Зөв хариулна гэхээр...?

-Өгсөнд нь хариу барих хэрэгтэй. Ядаж хэлсэндээ хүрч, итгэлийг нь алдахгүй баймаар. Япончуудыг зөвөөр ойлгохын тулд сайн ойлгож, мэдрэх хэрэгтэй байх.

-Япончууд хэр гэр бүлсэг хүмүүс вэ?

-Энэ тал дээр манай хоёр ард түмэн адилхан гэж боддог. Надтай нөхөрлөдөг, Монголд очиж үзсэн ахмад үеийн япончууд ингэж ярьдаг. Гэхдээ Хоёрдугаар дайны дараах Японы нийгэм дэх гэр бүлийн зарим үнэт зүйлс одоо алга болж байна гэж тэд ярьдаг. Манай нийгэмд ч бас ийм зүйл өрнөж байж болзошгүй.

-Танд хэзээнээс зодог тайлах бодол төрсөн бэ?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын тэмцээний дараа. Манай дэвжээ түүхэндээ цолтой бөхөөр тасраагүй. Миний хувьд Дагваагаас хойш өнөөг хүртэл дэвжээнийхээ энэ амжилтыг хадгалахыг зорьж ирсэн.

-Зодог тайлсны дараа хэцүү юү?

-Тэгэлгүй яах вэ. Дэвжээний хажууд сууж байхад гараад барилдчихмаар санагддаг. Би чинь ахиж барилдахгүй шүү дээ гэж бодохоос гунигтай. Ямартаа ч эхний долоо хоног хүндхэн байсан шүү.

-Зодог тайлсны ёслолоо хэзээ хийх вэ?

-2018 оны хоёрдугаар сарын 4-нд.


-Ёслолдоо хэнийг урих вэ. Дагваа аваргын ёслол хэвлэлээр их цацагдсан шүү дээ.

-Мэдээж Дагвааг урина. Гэр бүл, хамаатан садан, найз нар, багшаа урина. Би тэгтлээ сүртэй хийхгүй ээ. Гэхдээ заримдаа олонд цацах ёстой зүйлээ цацах хэрэгтэй юм шиг байна лээ.

-Та цахим орчинд хэр идэвхтэй вэ?

-Би бүгдийг нь хардаг. Гэхдээ өөрөө юу ч бичдэггүй /инээв/.

-Таны хувьд бас эко бүтээгдэхүүний чиглэлд бизнесийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө байгаа гэж дуулсан.

-Хоёр орны ард түмэнд хэрэгтэй зүйл хийе гэсэн төлөвлөгөө бий. Цаг нь болохоор дэлгэрэнгүй ярина.

-Ирээдүйд Монголдоо амьдрах уу, эндээ үлдэх үү?

-Би Монголдоо очиж сайхан амьдарна.

-Эр хүний нөхөрлөл гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Надад олон сайхан дотно найз бий. Хэзээ ч тэднийхээ итгэлийг алдаж болохгүй. Хэрэв аль нэг найз маань намайг хуурвал би муугаар хүлээж авахгүй. Учир шалтгааныг нь асууна. Миний нөхөрлөлдөө баримталдаг зарчим гэвэл энэ.

-Чингис Хаан нисэх онгоцны буудалд буухад танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Монголын салхи салхилахаар үнэхээр сайхан. Монголдоо хэд хоночихоод буцах гэхээр буцмааргүй санагддаг. Одоо болтол. Японд долоо хоночихоод буцаад ирэх байсан ч тэр. Монголд очих болгондоо төрсөн нутаг Баянцагаан руугаа явдаг. Нутгийнхаа уулан дээр гардаг.

-Та дунд сургуульд байхдаа атаман байсан уу?

-Ер нь гайгүй шүү /инээв/. Ямартаа ч зодуулдаггүй, зоддоггүй, дүү нараа хамгаалдаг сурагч байсан.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач

-Манай эхнэрийг Дэлгэрцэцэг гэдэг. Би эхнэртэйгээ нийслэлийн 46 дүгээр сургуульд 1-3 дугаар ангидаа хамт сурч байсан юм. Тэрнээс хойш уулзалгүй явсаар 2006 онд, есдүгээр сарын тэмцээний дараа Монголд очоод бараг 20 жилийн дараа санаандгүй тааралдсан.

Одоо Токиод хүүхдүүдээ харахын зэрэгцээ сурч байгаа. Манай том охин есс, бага охин дөрвөн нас хүрэх гэж байна.

-Та сумогоор барилдаагүй бол ямар мэргэжилтэй болох байсан бол?

-Би сумод ороогүй бол үндэсний бөх, жудогоор барилдах байсан байх. Түүнээс гадна хүнсний технологи их сонирхдог байсан.

-Япон орон таны сэтгэлд ямар орон зай эзэлдэг вэ?

-Миний хоёр дахь эх орон.

Таны аялах дуртай дуу?
Мөнхийн ус нь байдаг бол Хаанаас ч гэсэн олох юм сан ...

2017 оны тавдугаар сарын 28