Б.Жавхлан: Банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр сунгах хуулийн төсөл боловсруулсан

B Shurenchimeg
2022-05-12 11:26:35
Ангилал: Банк

Нөлөө бүхий таван банкны IPO гаргах хугацааг сунгах асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 

Банкны тухай шинэчилсэн хуулинд заасан хугацаа болох долдугаар сарын 1-нээс өмнө таван банк IPO хийхээр хүлээгдэж байсан боловч Олон Улсын Валютын сангийн гаргасан зөвлөмжөөр хугацааг нь хойшлуулах санал гаргаад байна. Тэгэхээр банкууд хуулийн хугацаандаа багтаж, хувьцаагаа олон нийтэд гаргах уу, эсвэл болзошгүй эрсдэлээс сэргийлж IPO-г хойшлуулах уу? 

Сүүлийн үед олон улсад бий болсон геополитик, улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр логистикийн хүндрэл  болон цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна.

Эдийн засгийн хүндрэлтэй энэхүү нөхцөл байдалд Монголбанкнаас мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод, гадаад үнийн өсөлттэй уялдуулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа банкуудад активын чанарын үнэлгээ хийх зайлшгүй шаардлага үүссэн.

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкуудын санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр буюу зах зээлийн багтаамж хүрэлцэхгүй байж болзошгүй. Түүнчлэн системд нөлөө бүхий банкууд 430-580 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарсан бөгөөд богино хугацаанд IPO хийх нь хөрөнгийн зах зээл дээрх банкуудын зах зээлийн үнэлгээ буурах эрсдэлтэй.

Эдийн засгийн Байнгын хорооны тавдугаар сарын 03-ны өдрийн тавдугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.

Иймд  дээрх нөхцөл байдлыг харгалзан банкуудад активын чанарын үнэлгээг хийж, үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгасны дараа олон нийтэд хувьцаагаа санал болгох нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн тул Банкны тухай шинэчилсэн хуульд заасан хугацааг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл буюу нэг жилээр сунгах тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэн. 

 

 

 

 

 

B Shurenchimeg