Б.Лхагважав: Монголбанкийг Үндсэн хуулиар хамгаалах хэрэгтэй

“Урбанек” компанийн ерөнхий захирал Б.Лхагважав “Ганц асуулт” буланд оролцож байна.

-Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогод ямар дүн тавих вэ. Төвбанк улс төрөөс хараат бус ажиллаж чадаж байна уу?

-АНУ-ын Төвбанк эдийн засгийн хямралын үед бодлогын хүүгээ бууруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, дандаа зөөлөн бодлого угтуулж тавьсан. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд бодлогын хүүг хангалттай нэмсэн гэж хэлж болно. Тиймээс бодлогын хүүг бууруулах нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд бодлогын хүүг өсгөж байж урвуугаар арилжааны банкууд ашигтай ажилласан. Жижиг зээл гаргахыг зогсоож, эдийн засагт эргэлдэх мөнгийг царцаасан. Нэг талд нь сангийн тэлсэн бодлого хэрэгжүүлж байсан болохоор мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр сонголт байгаагүй байх л даа.

Өнөөдрийн Төвбанкны явуулж буй мөнгөний бодлогод дүн тавих болоогүй байна. Дөнгөж л бодлогын хүүгийн нөлөө мөнгөний зах зээлд нэвтрэх гэж байна шүү дээ. Тэр тусмаа мөнгөний бодлого дунд болон урт хугацаандаа эдийн засагт үр нөлөө авчирдаг. Уг нь Монголбанкийг Үндсэн хуулиар хамгаалж өгөх хэрэгтэй.

Мөнгөний бодлого гэдэг Монгол Улсад амьдарч буй иргэн бүрт хамаатай. Төвбанкны бодлого эдийн засагтайгаа уялдаж байж эерэг үр дүн авчирна. Тиймээс хараат бус байдлыг нь баталгаажуулах хэрэгтэй. Ялангуяа УИХ-аас шууд удирдлагатай байгууллага учраас ямар нэгэн улс төрийн хөдөлгөөн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнээс гадна манай УИХ-ын гишүүд Төвбанкны мөнгөний бодлогыг нарийн сайн судлах хэрэгтэй. Өмнө нь бараг хардаггүй баталдаг байсан. Сүүлийн жилүүдэд бага сага мэддэг болсон ч хангалтгүй. Мөнгөний бодлогыг зөвхөн сонирхлын түвшинд авч үзэх жишээтэй. Төсөв, мөнгөний бодлого гэдэг улсын ирээдүйг залах баримт бичиг юм.