Б.Түвшинтөгс: Төвбанкны гол анхаарлаа хандуулах асуудал үнийн өсөлт

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгстэй уулзаж ярилцлаа. Бидний ярилцлага валютын ханш болон эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын талаар өрнөсөн юм.

-Ам.доллартай харьцах төгрөгийн ханш сулрахад юу нөлөөлж байна вэ?

-Хоёр голлох хүчин зүйл нөлөөлж байна. Нэг талаас, Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй олон зорилтот хөтөлбөр бий. Тус хөтөлбөрүүдийн хүрээнд Төвбанкнаас Засгийн газарт олгож буй зээл огцом өссөн байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засагт маш их хэмжээгээр мөнгө нийлүүлж байгаа нь ам.доллартай харьцах ханшийн өсөлтөд шууд нөлөөлсөн гэж хэлж болно. Хагас жилийн хугацаанд нөөц мөнгө 118 хувиар өссөн нь үүнийг илтгэж байна. Эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээ ихсэх тусам төгрөгийн үнэ цэнэ нь алгуур бууж байдаг. Тиймээс зах зээлд буй гадаад валюттай харьцах төгрөгийн ханш суларч байна. Нөгөө талаас, гадаадын шууд хөрөнгө оруулалт татарч, гадаад худалдааны алдагдал эхний хагас жилд нэг тэрбум ам.долларт хүрсэн. Манай эдийн засаг руу ордог валютын урсгал багассан гэсэн үг. Ийнхүү нэг талаас төгрөг их хэмжээгээр нийлүүлэгдсэн, нөгөө талаас ам.доллар бага хэмжээгээр эдийн засагт орж ирж байгаа нь ханш сулрахад хүргэсэн.

-Төгрөгийн худалдан авах чадвар буурч байгааг ямар аргаар хэмжиж болох вэ?

-Мөнгөний үнэ цэнэ буурч байгаа нь дараах хоёр аргаар илэрдэг. Нэг нь гадаад валюттай харьцах төгрөгийн ханш сулрах. Нөгөө нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөх. Тэгвэл дээрх хоёр эрсдэл аль аль нь манай эдийн засагт үүсч байна. Иймээс төгрөгийн нийлүүлэлтэд Төвбанкны зүгээс анхаарах цаг болсон. Үүнээс гадна төгрөг болон ам.долларын нийлүүлэлтийн харьцаа чухлаар хөндөгдөж байна. Гадаад валютын зах дээр аль нь давамгайлснаас ханш тодорхойлогдоно. Одоогийн байдлаар төгрөгийн нийлүүлэлт давамгайлсан хандлагатай байгаа учраас ханшийн сулралт явагдаж байна.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт ханшийн савлагаанд хэр хүчтэй нөлөө үзүүлсэн бэ?

-Өнөөдөр гадаад худалдааны алдагдал нэг тэрбум ам.долларт хүрээд байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны зургаадугаар сард 2.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны зургаан сарын байдлаар 1.4 тэрбум ам.доллар болж буурсан. Хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчинд дорвитой өөрчлөлт гарсангүй, харин ч үргээх алхамууд өнгөрсөн хугацаанд хийгдэх болсон. Ам.доллар манайд орох бус гарсан гэж хэлж болно.

-Мөнгөний нийлүүлэлт их байгаа нь ханшийн өсөлтөд нөлөөлж байна гэж та хэллээ. Тухайлбал?

-Нөөц мөнгө гэж бий. Үүнд банкнаас гадуурх мөнгө, банкуудад байгаа харилцах ордог. Монголбанк төгрөг нийлүүлэх нь нөөц мөнгөө шууд нэмэж байна гэсэн үг. Сүүлийн жил хагаст нөөц мөнгө 118 хувиар өссөн болохыг дээр дурдсан. Мөнгөний нийлүүлэлт их байгааг тус тооноос харж болно. Мөн Төвбанкнаас нийлүүлж буй мөнгө арилжааны банкинд сайн үржигдэхгүй байна. Уг нь банкууд мөнгө татсан хэмжээгээр зээл олгоод, буцааж хадгаламж татаад, буцаад зээл болгоод мөнгө үржүүлдэг. Гэтэл уг процес хангалттай сайн явагдахгүй байна. Нэг талаасаа эдийн засаг нэлээн хүндрэлтэй байгаагийн шинж. Зээлийн хэрэгцээ байгаа ч гэсэн зээлийн хүү өндөр. Гэтэл банкууд эх үүсвэр нь үнэтэй байгаагаас зээлээ өсгөж чадахгүйд хүрээд байна. Энэ нь үржигдэж байгаа мөнгийг эдийн засаг нь шингээж аваад буцаагаад үйлдвэрлэл болгох процесс удаан, хариу үйлдэл үзүүлэхгүй байна гэсэн үг. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, Монголбанк, УИХ валютын ханшин дээр тодорхой тоон зорилт тавьдаггүй. Тиймээс Төвбанк ханшийн зохицуулалт хийх албагүй. Түүгээр ч үл барам ханшийн сулралт нь бодит эдийн засагт байгаа тэнцвэрт бус байдлыг тэгшитгэж өгдөг учраас зарим талаар ийнхүү унах нь макро тэнцлийг хангахад чухал үүрэгтэй гэдгийг 2008 болон 2009 оны хямрал харуулсан. Өөрөөр хэлбэл, ханшны сулралт нь экспортод эерэг нөлөөлдөг гэдгийг санахад илүүдэхгүй. Харин үнийн өсөлт бол Монголбанкны хувьд хамгийн гол анхаарлаа хандуулах асуудал. Энэ жилийн хувьд УИХ-аас Монголбанкинд инфляцийг найман хувьд барих зорилт тавьж өгсөн. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь ханшийн сулралтаар дамжин үнийн өсөлтийг бий болгосон тохиолдолд энэхүү зорилтдоо хүрэхэд хүндрэлтэй болно. Ханшийн сулралт импортын барааны үнийг өсгөх нь дамжиггүй. Энэ нь эдийн засагт инфляцийг бий болгоно гэсэн үг. Тиймээс ийм орчинд мөнгөний бодлогын шийдэл юу байж болохыг бид тунгаах хэрэгтэй байна.

-Зах зээлд эргэлдэж буй мөнгийг эргүүлэн татах уу?

-Бидний хүлээлтээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй. Яагаад гэвэл төгрөгийн нийлүүлэлт өссөн учраас эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар бараа бүтээгдэхүүний эрэлт огцом өсч үнийн дарамт үүсэх эрсдэл бий. Манай үйлдвэрлэл, үйлчилгээнд импортын орц их. Ханш сулрах нь орцынх нь үнэ өсч байна гэсэн үг. Орцынх нь үнэ өссөн учраас дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ хүртэл өсөх хандлага ажиглагдана. Ханшийн сулралт нь эргээд үнийнхээ өсөлтийг тэжээдэг зүй тогтол үүсч байна. Тиймээс мөнгөний бодлого цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Нөгөө талаас, Засгийн газар их алдагдал үүрч явах нь зөв үү гэдэг асуудал урган гарч ирж байна. Учир нь Засгийн газрын зарлагын өсөлт нийт эрэлтийг, улмаар үнийг хөөрөгдөж байгаа. Өнгөрсөн оны тоог харахад төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчсөн. Тиймээс Засгийн газар, УИХ, Монголбанкны өмнө өөрөө өөрийгөө сахилгажуулах асуудал тулгарч байна.

-Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Гадаад зах зээлд манай гол бараа бүтээгдэхүүний үнэ буурсан нь мэдээж ханшийн өсөлтөд нөлөөлж, эдийн засгийн идэвжил суларсан шок бий. Гэхдээ 2008, 2009 оны үеийн хямралтай зүйрлэшгүйгээр сайн нөхцөлтэй байгаа. Тиймээс эдийн засаг дахь төрийн идэвхитэй оролцоо шаардлагатай байсан эсэхийг эргэж харах хэрэгтэй болов уу. Төсвийн алдагдал нь заавал 10 хувь болох шаардлага байсан уу. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийг хөтөлбөр нэрээр өсгөх шаардлага байв уу. Цаашилбал, Монголбанкны үүрэг барилгажуулах, орон сууцжуулах, бараа, таваарын эргэлтийг сайжруулах явдал мөн үү. Институцийн хувьд сонгож авсан замдаа буцаж орох ёстой.

-“Чингис бондыг гаргаагүй бол ам.долларын ханш 1700 төгрөгт хүрэх байсан” гэж Сангийн сайд хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-“Чингис” бонд валютын нөөцийг зузаалдаг гэдэг худлаа. Валютын нөөц Монголбанкны баланс дээр суудаг. Төвбанк валютын нөөцөө өсгөхийн тулд төгрөг хэвлэж байгаад өсгөдөг. “Чингис” бонд валютын нөөц рүү нэгэнт орсон бол Засгийн газрын мэдлийнх биш болно гэсэн үг. Гадаад валютын албан нөөц нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд хамааралтай утгаар байршдаг. Тиймээс “Чингис” бондыг валютын нийлүүлэлтийг нэмдэг гэх нь эдийн засгийн ойлголтын хувьд буруу. “Чингис” бондыг банк хоорондын захад Төвбанкийг оролцуулахгүйгээр арилжаалсан бол валютын нийлүүлэлт өслөө гэж ярьж болно. “Чингис” бондын мөнгийг хэрхэн төгрөгт хөрвүүлж байгааг Засгийн газар, Монголбанкнаас асуух ёстой.