Б.Энхжаргал: Тендер шалгаруулалтыг нээлттэй болголоо

Тендер будилаантай боллоо. Хүнд суртал, авилгын үүр уурхай энд байдаг хэмээн иргэд шүүмжлэх нь их байдаг. Шинэчлэлийн Засгийн газраас тендерийг ил тод болгох зорилт тавьжээ. Тиймээс тендер шалгаруулах ажиллагаанд тавих иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулахын тулд үнэлгээний хороонд тэдний төлөөллийг заавал оролцуулдаг болж буй аж.Худалдан авалт явуулахад аж ахуйн нэгжүүдээс шаарддаг элдэв лавлагаа мэдээллийг төрийн байгууллагууд шууд солилцдог болохоор нэгдсэн цахим системд бүрэн холбогдох аж. Нээлттэй “шилэн” тендерийн бэлтгэл хэрхэн хангагдаж буйталаар Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Энхжаргалаас тодрууллаа.

-Танай газар байгуулагдаад удаагүй байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв?

-Бид өнгөрсөн онд 192 төсөл арга хэмжээний 413 багц тендер зохион байгуулсан. Энэ ажил 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийн 20 гаруй хувийг цахим хэлбэрээр явуулсан. Харин энэ онд бүх тендерийн 80-аас доошгүйхувийг цахим байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох цахим дэлгүүрийг ирэх дөрвөдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлнэ.

-Энэ онд хэчнээн тендер шалгаруулах вэ. Бүгдийг нь нээлттэй сонгон шалгаруулах уу?

-Улсын хэмжээнд 2014 онд 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулна. Үүний 129-ийг Худалдан авах ажиллагааны газар, үлдсэн тендер шалгаруулалтыг яамд хариуцан явуулах юм. Тендерийн урилга, явц, үр дүнгийн мэдээллийг иргэдийн гар утсанд хүргэх, тендерт оролцогчдын ирүүлсэн саналыг цахим хуудастаа нээлттэй мэдээлэх ажил хийж байна. Мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг санамсаргүй сонголтоор сонгож байгуулах юм. Түүнчлэн цахим гарын үсэг хэрэглэх ил тод байдлыг дэмжсэн зохицуулалтхийж байна.