Б.Энхтүвшин: Шинжлэх ухаандаа хөрөнгө хаяж, хөгжлөө өөд татъя

Аливаа улсын хөгжил шинжлэх ухааны салбар дахь амжилтаас харагддаг. Тэгвэл Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, тулгамдаж буй асуудлын талаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшингээс тодруулсан юм.

-Улс, орнууд шинжлэх ухааны салбараа хөгжүүлэхийг чухалчлах болсон. Тэгвэл манай улсын хувьд бодлогоор хэр дэмждэг вэ?

-Анагаах ухаан, байгаль орчин, нийгэм, соёл эдийн засаг, эрчим хүч гээд бүхий л салбарт судалгаа чухал. Өндөр хөгжилтэй орнууд ч шинжлэх ухааны салбартаа хөрөнгө, мөнгө сайн төсөвлөж, бодлогоор өндөр хэмжээнд дэмждэг. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнууд ДНБ-ийнхээ 4-5 хувийг зарцуулдаг. Хатуухан хэлэхэд манай улсын хувьд санхүүжилт хангалтгүй байдаг. ДНБ-ийнхээ хоёр хувийг л зарцуулдаг. Хэрэв хөрөнгө, санхүүг нь гаргаж, судалгаа, шинжилгээ хийх, техник, технологио сайжруулах бололцоог төрийн зүгээс олговол бидэнд үр ашигтай бэлэн төсөл, хөтөлбөр олон байна. Манай улсын төсөв уул уурхай дээр тогтдог боловч экспортын бүтээгдэхүүний 98 хувийг түүхийгээр гаргаж буй. Тэгвэл ашигт малтмалд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт технологийн саналыг манай эрдэмтэд боловсруулсан байгаа. Бусад байгалийн нөөцөө ашиглах боломжийг ч хайж байна. Тухайлбал, манайх Уул уурхайн яамтай хамтарч шатдаг занарын олборлолт, боловсруулалтын асуудлыг бодлогын түвшинд авч үзэхээр ажиллаж буй. Энэ чиглэлээр манайх Уул уурхайн яамтай хамтарч, ажлын хэсэг гарч томоохон төсөл боловсруулж, УИХ-д оруулахаар бэлдэж буй.

-Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн зүгээс ойрын хугацаанд хийж буй томоохон ажил, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон төсөл хөтөлбөр юу байна вэ?

- Шинжлэх ухаанд суурилсан мэдлэг шингээсэн дэвшилтэт технологийг бий болгох манай гол чиглэл юм. Жишээлбэл манай физик техникийн хүрээлэнд ногоон гэр, ногоон оффисыг бий болгох төсөл туршилтаар явж байна. Манай улс эрчим хүчний асар их нөөцтэй. Гэтэл эрчим хүчээ импортолсоор байна. Тэгвэл байгалийн нөхөн сэргээгдэх эх үүсвэр болох нар, салхи, усыг ашиглан цахилгаан, дулааныг асуудлыг шийдвэрлэх боломтой юм. Мөн цөмийн эрчим хүчийг ч ашиглах бололцоотой. Энэ чиглэлээр хийсэн судалгаа, ажлууд ч бий. Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс бүсчилсэн хөгжлийн загварыг гаргаж байна. Бүсийн төвүүдэд ямар төрөлжилтийг бий болгох хэрэгтэй вэ гэдгийг судалж байгаа.

-Эрдэмтдийн зүгээс гаргаж буй судалгаа шинжилгээг төрийн бодлого, хууль тогтоомжтой холбохын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Засгийн газар шийдвэр гаргахдаа эрдэмтдийнхээ үгийг сонсож, шинжлэх ухааны бодлогоор дэмжиж, үр шимийг нь хүртэх бодлого барих хэрэгтэй. Мөн яам салбарын агентлагуудын бодлогоо тодорхойлохдоо эрдэмтэдийнхээ судалгаа, шинжилгээнд тулгуурлах шаардлагатай. Ингэж ажиллахгүй байгаагаас салбарын яамд зөвхөн өөрийн салбарын эрх ашгийг харж, бусад салбартайгаа бодлогоо уялдуулж ажиллаж чадахгүй байна. Тиймээс бид энэ хүрээнд яамдуудтай хэлэлцэж зөвлөл байгуулан ажиллаж байна.

-Тухайлбал аль яамтай хамтарч ажиллаж байна вэ?

-Манайх МҮХАҮТ, ҮХААЯ-тай хамтарч “Монгол мал” хөтөлбөр, БОНХЯ-тай байгалийг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх зэрэг Засгийн газрын хөтөлбөрүүдийн хүрээнд хамтарч ажиллаж байна.

-Шинжлэх ухааны салбараа дэмжихийн тулд юунаас эхлэх нь зүйтэй вэ?

-Үндэсний эрдэмтэдийнхээ ур, ухааныг ашиглаж, дэмжих мөн бусад улсад нэвтэрсэн өндөр технологийг нутагшуулах асуудал нэн чухал. Шинжлэх ухааны салбар нийгмийн хөгжлийг харуулдгийг дээр сануулсан. Харамсалтай нь манай эрдэмтдийн санал, санаачилга хөрөнгө, мөнгөний бэрхшээлээс болоод хэрэгжих нь удаан. Нүүрснээс шингэн түлш гаргах төслийг 1988 онд Засгийн газрын хуралдаандаар батлуулсан. Одоо л энэ асуудал хурцаар тавигдаж байна. Төрийн бодлогын түвшинд шинжлэх ухаанаа ойлгож, үйл ажиллагаатайгаа уялдуулах ажил цэгцрээгүй байна. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүн дотор өндөр, дунд технологийн бүтээгдэхүүний эзлэх хувь 0.03 байгаа. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд мэдлэгийг бий болгодог салбараа дэмжих хэрэгтэй.