Б.Эрхэмбаяр: Бонд гаргаснаар банкууд бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгө татдаг

Худалдаа хөгжлийн банкны Олон улсын банкны газрын захирал Б.Эрхэмбаяраас олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргахад тулгамдаж буй асуудал, цаашдын хандлагын талаар тодрууллаа.

-Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээл дээр бонд гаргаж эхэлсэн түүхэн замналаасаа сонирхуулахгүй юу?

- Манайх 2007 оноос 150 сая ам.долларын Европын дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн (ЕДХҮЦХ) хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд арилжаалж эхэлсэн. Монголоос анх удаа 2007 оны нэгдүгээр сард 75 сая ам.долларын бондыг гурван жилийн хугацаатай 8.625 хүүтэй анх гадаадын хөрөнгийн зах зээл дээр борлуулсан. Бидний хүлээж байсан захиалгаас ес дахин их захиалга ирсэн. Ингэхдээ хөрөнгийн зах зээл дээр Монголоос анх удаа гаргаж байгаа бонд гэдгээрээ ихээхэн онцлог байсан. Хөтөлбөрийг ING банк зохион байгуулсан. Энэхүү үйл явдал нь Монгол улсын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлийн үүд хаалгыг нээж өгсөн гэж хэлж болно. 2010 онд бид дээрх хөтөлбөрийн дүнг 300 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, 150 сая ам.долларын бонд болон 25 сая ам. долларын бонд хэлбэртэй хоёрдогч өглөгийг гаргасан. Энэ нь гурван жилийн хугацаатай, 8.5 хувийн хүүтэй байсан. Тухайн үед манайх хоёр дахь удаагаа бондоо амжилттай арилжаалсан. Улмаар энэ 2012 оны есдүгээр сард 700 сая ам.долларын ЕДХҮЦ-ны хөтөлбөрийнхөө хүрээнд 3 жилийн хугацаатай 8.5 хувийн хүүтэй 300 сая ам.долларын бондыг мөн амжилттай арилжаалаад байна. Тус бондын хөрөнгө оруулагчдын 60 хувь нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25 хувь нь дэлхийн томоохон банкууд, 15 хувийг санхүүгийн бусад байгууллага бүрдүүлж буй юм. Үүнээс 60 хувь нь Азиас, 40 хувь нь Европ болон Америкийн хөрөнгө оруулагчид байсан. Энэ мэтчилэн томоохон хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулагчид нийлсэн 140 гаруй хөрөнгө оруулагч манай бондыг худалдан авсан. Манай банкны нэр хүнд, зөв менежмент, санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийнүзүүлэлтүүд дээр үндэслэн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын судалгаа шинжилгээгээ хийж шийдвэрээ гаргадаг бөгөөд эдгээр нь манай бонд амжилттай арилжаалагдах гол үндэслэл юм.

- Банкууд бонд гаргаснаараа ямар ач холбогдолтой вэ?

-Банк иргэдээс хадгаламж авч зээл олгодог. Харин гадаадаас орж ирж буй бондын хувьд боломжийн нөхцөлтэй буюу гурван жилийн хугацаатай, жилийн 8.5 хувийн хүүтэй байгаа нь дотоодын хадгаламжийн хүүгээс нэлээд бага хүүтэй, хугацаа урттай байгаа юм. Хэдийгээр энэхүү бондын эх үүсвэр дээр банк үйл ажиллагааны зардлаа нэмж зээл олгож буй ч одоо манайд зах зээл байгаа зээлийн дундаж хүүгээс харьцангуй бага хүүтэй зээл олгох боломжийг бидэнд олгож байгаа юм. Тэгээд ч хугацааны хувьд авч үзвэл манай өнөөгийн дотоодын банкны зах зээлд гурван жилийн хугацаатай хадгаламж гэж бараг байхгүй. Тиймээс бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгох хөрөнгийг гадаадын зах зээлээс босгоход бондын гол онцлог ач холбогдол оршиж байгаа юм.

-Олон улсын зах зээл дээр бонд гаргахад тулгамддаг гол асуудал нь юу байна?

- Ерөнхийдөө хөгжиж буй орнуудын тэр тусмаа Монголын банкуудад тулгамдаж буй асуудал бол олон улсад танигдсан байдал, нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээ, эрсдэлийн түвшин юм. Гэхдээ манай банкны хувьд олон улсын зах зээлд нэлээд танигдсан, эрсдэлийн удирлагын бие даасан системийг анх банкны системд нэвтрүүлсэн, олон улсын аудитын байгууллага болон үнэлгээний байгууллагаар олон жилийн туршид санхүүгийн үзүүлэлтүүддээ аудит хийлгэн, тогвортой үнэлгээг авч ирсэн учраас хүндрэл бага. Бонд гаргахад манай дотоодын болон гадаадын зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдал их нөлөөтэй. Тухайлбал, хөгжиж буй орнуудаас гаргаж буй бондын хүү ямар байна, бондын зах зээлийн орчин нөхцөл хэр байгаа болон Монголын макро эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ч их чухал нөлөөтэй. Манайд улс төр, эдийн засгийн хувьд таатай орчин бүрдсэн байгаа учир хөрөнгө оруулагчдын сонирхол маш их байгаа. Хөрөнгө оруулагчдын гол болгоомжлол нь манай эдийн засаг түүхий эд дээр тулгуурласан байдаг учраас түүхий эдийн үнийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий болон энэ нь улмаар валютын ханшийн хэлбэлзэл, тогтворгүй байдал үүсгэдэгт байгаа юм. Миний хувьд олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хийх бизнес харилцаан дээр ажиллаж буй хүний хувьд, сүүлийн жилүүдэд манай Монгол орныг нэр хүндтэй хөрөнгө оруулагчид ихээр сонирхох болсныг анзаарч байгаа. Мөн сүүлийн үед төрөл бүрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт олноороо зохион байгуулагдаж байна. Тиймээс бид энэ таатай нөхцлийг зөв ашиглах ёстой.

-Олон улсын зах зээлд бондын зах зээлд ямар эрсдэл гардаг бол?

-Олон улсын бондын зах зээлд 2008, 2009 оны хямрал их нөлөөлж, бондын хэмжээ багасч, хүү нь нэмэгдсэн. Ер нь аливаа хямралын үед хөрөнгө оруулагчдын хөрвөх чадвар бага байдаг. Одоо ч Евро бүсийн хямрал нөлөөлж байгаа. Зарим нэгэн Европын орон Засгийн газрын бонд нь хугацаандаа төлөгдөөгүй саатсанаас Евро бүсийн хямрал үүдсэн гэж үздэг. Тиймээс Евро бүсэд хөрөнгө оруулагчид бондыг худалдаж авах сонирхол бага байгаа. Гэхдээ Азийн бондын зах зээл харьцангуй тогтвортой байгаа.

-Таны харж буйгаар бонд гаргахын тулд компаниуд юунд анхаарах ёстой вэ?

-Компаниуд бонд гаргахын тулд юуны түрүүнд олон улсын стандартад нийцсэн санхүү бүртгэлийн системтэй болох ёстой. Ингэхийн тулд санхүүгийн тайлангаа олон улсын аудитаар баталгаажуулах ёстой. Дараа нь тухайн компанийн бизнес төлөвлөгөө бодитой, санхүүгийн үзүүлэлт тодорхой, бизнесийн салбар нь хөгжиж яваа чухал эдийн засгийн салбар байх нь чухал. Мөн тухайн компанийн энэ бүх зүйл дээр үнэлгээ хийдэг олон улсын үнэлгээний байгууллагууд тухайлбал Moody’s, S&P, Fitch зэрэг байгууллагаар компанийхаа болон гаргах гэж буй бондынхоо үнэлгээг хийлгэсэн байх нь чухал. Тиймээс эдгээр зүйлсийг бонд гаргаж буй компаниуд анхаарах хэрэгтэй. Мөн бондын худалдааг зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулалтын банкаа оновчтой сонгох шаардлагатай юм. Манай боловсон хүчин, залуу үеийнхэн мэдлэг боловсролын хувьд дутагдах зүйл байхгүй болов уу. Харин компаниудын хувьд бага хүүтэй хөрөнгө татах боломж байдгийг ашиглаж, сэргэг санаачилагатай байх хэрэгтэй юм.

-Дэлхий банкнаас гаргасан судалгаагаар манайх зээлийн хүү өндөртэй орнуудаас зургадугаарт жагссан байсан. Хүү өндөр байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Манай банкны салбарт зээлийн хүү харьцангуй өндөр байгаа нь үнэн. Инфляци өндөр учраас хадгаламжийн хүү өндөр байгаа. Хадгаламжийн хүү өндөр байхаар зээлийн хүү дагаад өсөх нь тодорхой. Манайд импортоос хамааралтай инфляци өндөр, Засгийн газрын хэрэглээ өндөр, бэлэн мөнгө их тарааж байгаагаас үүдэж инфляци өндөр байгаа юм. Тэгэхээр инфляциа л хазаарлаж чадвал зээлийн хүү буурах үндэс бүрдэнэ.