Б.Эрхэмзаяа: Инээдтэй ч юм шиг, гомдмоор ч юм шиг төсөвтэй ажиллаж байна
Монгол Улсын өргөн уудам газар нутгийг хэрсэн цахилгааны шугам сүлжээ олон жилийн насжилттай болсон. Солих шаардлагатай тоног төхөөрөмж маш их бий. Гэвч хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх маягтай олон жилийг ардаа орхисноос мөн цаг уурын хүчин зүйлээс шалтгаалж энэ жил цахилгаан дамжуулах шугамд хэд, хэдэн томоохон аваар гарсан билээ. Нөхцөл байдал ямар байгаа талаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяатай ярилцлаа.
–Олон жил иргэдэд цахилгаан эрчим хүч дамжуулсаар ирсэн компанийнхаа үйл ажиллагааны талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани Монгол Улсын нутаг дэвсгэрийн 66 хувь, хүн амын 72 хувийг хамарсан 5360 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг хариуцан ажилладаг. Тодруулбал, 220 кВ-ын 2024 км, 110 кВ-ын 3311,6 км, 35 кВ-ын 23,7 км цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдсон нийт 82 дэд станцын үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангаж ажиллаж байна. Нийт 1283 инженер, техникийн ажилтан Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн Өмнөд, Говийн гэсэн таван салбарын бүтцээр ажилладаг.
-Цахилгаан дамжуулах шугамуудын ашиглалтын хугацаа ямар байдалтай байгаа вэ. Засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна уу?
-35-220 кВ-ын хүчдэлийн түвшинд төмөр болон төмөр бетон тулгуурууд ашиглаж байна. Эдгээрээс төмөр тулгуур нь 50 жилээс дээш, төмөр бетон тулгуур нь 35 жилээс дээш ажиллах үйлдвэрийн заавартай. 110 кВ-ын агаарын шугамууд 1963 оноос ашиглалтад орсон.
Төвийн бүсийн салбарт харъяалагдах Шарын гол-Дарханы хаалттай хуваарилах байгууламж, мөн 220 кВ-ын агаарын шугамууд 1976 оноос ОХУ-ын системтэй зэрэгцээ ажилладаг 257, 258-р тооцож болно. Нийт цахилгаан дамжуулах сүлжээний 70 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн.
-Хуучирч, ашиглалтын хугацаа дууссан тоноглолуудыг хэрхэн ажиллуулж байна вэ?
-Ашиглалтын хугацаа нь дууссан тоноглолуудын ашиглалтыг цаашид хэрхэн авч явах талаар ямар нэгэн зааварчилгаа, дүрэм одоогоор байхгүй. Олон жилийн үечилсэн графикын дагуу үзлэгээр илэрсэн гэмтлийг устгах, хэсэгчлэн сольж шинэчлэх ажлыг л хийдэг. Үзлэгээр габарит барихгүй хазайсан, гаднын биет, тусгаарлагч элемент нэвт цохигдсон, утасны судал тасарсан, чичиргээ намдаагч гүйсэн, тулгуурын боолтон холбоос суларсан, төмөр бетон тулгуурт босоо, хөндлөн цууралт үүссэн зэрэг маш олон гэмтлийг илрүүлж яаралтай засварлан ажиллаж байна.
Манай компанийн түүхэнд гарч байгаагүй гэмтэл гарсан
-Энэ жил цахилгаан дамжуулах шугамын дагуу томоохон аваарууд гарлаа. Эдгээр аваар юунаас болж гарав, хэрхэн засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан бэ?
-Сүүлийн үед хамгийн их хүндрэл үүсгэж байгаа хүчин зүйл бол цаг уурын өөрчлөлт. Цаг агаараас болж энэ жил томоохон хэмжээний дөрвөн саатал, аваар гарсан. Өнгөрсөн нэгдүгээр сард 220 кВ-ын 203, 204 дүгээр агаарын шугамын тулгуур унасан бол гуравдугаар сард 215, 216 дугаар агаарын шугамын тулгуур, зургаадугаар сард 110 кВ-ын Хархорин А, Б (үндсэн болон нөөцийн хоёр хэлхээт) агаарын шугамын 24 ширхэг тулгуур Булган аймгийн Гурван булаг сумын нутагт унасан. Наймдугаар сард Хархорин А, Б агаарын шугамын таван ширхэг тулгуур Архангай аймгийн Хашаат сумын нутагт унасан.
Үүссэн нөхцөл байдлыг манай инженер, техникийн ажилтнуудын ур чадвараар богино хугацаанд зассан ч цаашид аваар давтагдахгүй байх талаас нь судалгаа хийж эхэлсэн. Булган-Өвөрхангай аймгийг холбодог 110 кВ-ын Хархорин А,Б агаарын шугам есөн аймгийн 70 гаруй сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Тус шугамд 24 ширхэг тулгуур унасан нь манай компанийн түүхэнд гарч байгаагүй гэмтэл юм.
Агаарын шугам утсаар хоорондоо холбоотой байдаг. Нэг тулгуур унавал нөгөөхөө татаж унагадаг аюултай. Төгсгөлийн эргэлтийн төмөр анкераас анкерын хооронд тулгуур унасан гэсэн үг. Унасан тулгууруудыг буцаагаад ашиглах ямар ч боломжгүй болсон. Бид нөөцөнд байсан бүх тоноглолоо ашиглаж засварласан. Цаашид бид алгаслалт, хөрсний гулсалт ихтэй газруудад шугамыг хүчитгэн анкер босгох болон төмөр бетоны гадуур нь бетон болон төмөр хийцээр бөгжлөх, өлгийдөн хүчитгэх ажлуудыг хийж байна. Үүний цаана хөрөнгө мөнгө яригдана. Дамжуулах компани улсаас батлагдсан төсөв, зардлаараа л ажилладаг. Гэнэтийн аваар гарсан тохиолдолд хөрөнгө мөнгө тулгамдсан асуудал болдог.
-Хуучирч гэмтсэн шугам болон бусад төхөөрөмжөө хэрхэн засварладаг вэ. Хөрөнгө мөнгөний асуудал тулгамддаг гэж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар хаана техникийн засвар хийх, шинэчлэх шаардлагатай байгаа вэ?
-Энэ жил Эрчим хүчний яамнаас трассын дагуу шалгалт үзлэг хийх үүрэг даалгавар өгсөн. Хугацаатай учир өөрсдийн хөрөнгөөр хийх боломжтойг нь хийж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид дээр дурдсан шиг олон жилийн графикт засвар үйлчилгээг хийхээс гадна ээлжит болон ээлжит бус үзлэгээр илэрсэн гэмтлийг устгах ажлуудыг хийдэг.
Чойр-Бор-Өндөрийн цахилгаан дамжуулах шугамын дамжуулагчийг лабораторид өгөхөд шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Үүнийг солихын тулд 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдана
Бидэнд тулгамдаж байгаа бас нэг асуудал бол дамжуулагч утасны хуучралт. Тус утас нь ган голтой хөнгөн цагаан утас байдаг. Хөнгөн цагааны гадна тал бохирдож, улмаар дотогш гол руугаа нэвчээд дунд нь бэхлэх гангуудыг зэв идэх, утсууд нь тасарч унах, унахдаа тулгууруудыг татаж унах гэмтэл гарч байсан. Чойр-Бор-Өндөрийн цахилгаан дамжуулах шугамын дамжуулагчийг лабораторид өгөхөд шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Үүнийг солихын тулд 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдана.
Монгол Улсыг хэрсэн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг бүгдийг нь нэг дор солъё гэвэл улс орны хөрөнгө мөнгөнд хэрхэн тусах билээ. 100 жилийн дотор босгосон том бүтээн байгуулалт шүү дээ. Улс орны өөрийнх нь онцлог байна. Манайх эрчим хүчийг дамжуулахын тулд үүсгэвэр болон хэрэглэгчийн хооронд урт шугамууд татсан. Маш алслагдмал байдаг. Улаанбаатар хотод үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч хаа байсан Баянхонгор, Завханд хүрч байна. Гэхдээ Завхан аймгийн зөвхөн ахуйн хэрэглээг л хангаж, томоохон хэмжээний үйлдвэр, уурхайн эрчим хүчийг хангаж чадахгүй.
Хэрвээ алслагдсан аймгийн том уурхай, үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж чаддаг бол цахилгаан эрчим хүч дамжуулсныхаа төлөө хөрөнгө оруулалт авдаг тогтолцоо байх хэрэгтэй л дээ. Ингэвэл эргүүлээд өртгөө нөхөөд явах боломжтой болно. Тиймээс эдийн засгийн үр өгөөж талаасаа сольж шинэчлэх л ёстой. Гэтэл эрчим хүчний салбар алдагдлаа нөхөж чадахгүй байгаа. Өр багасах биш үргэлж нэмэгдэж байна. Тиймээс техникийн шинэчлэлд оруулах хөрөнгө алга.
Монгол Улс эрчим хүчний сул системтэй
-Дэлхийд манайх шиг алслагдмал газар руу урт татсан агаарын шугамтай орон цөөхөн гэдэг. Хэрэв ямар нэгэн гэмтэл гарвал зардал ихтэй, хүрэх газар нь хол юм, тийм үү?
-Монгол Улс эрчим хүчний сул системтэй. Үүсгэврээс хэрэглэгчид очихдоо хоёр хэлхээгээр очно. Хэрэв энэ хоёр хэлхээ унавал аюултай. ОХУ, Монгол хоёр ижилхэн сул системтэй. Барууны орнууд газар нутаг багатай. Дээрээс нь хэрэглэгч, хүн ам нягтаршил ихтэй учраас хэрэглэгч, үүсгэвэр хоёрын хооронд 3-4 шугамаар зэрэгцээ ажиллагаанд холбочихдог. Нэг шугам нь гэмтэхэд нөгөө гурав нь аваад явчихдаг учраас их найдвартай байдаг. Манайх газар зүйн тархмал байдлаасаа шалтгаалж сул систем гэж нэрлэгддэг.
Эрчим хүчний салбар үүсгэврийн томоохон дутагдалтай. Сүүлийн 40 жилд томоохон үүсгэвэр баригдсангүй. 2024 онд ашиглалтад орох 150 мегаваттын Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцыг хүлээж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур ашиглалтад орчихвол 2023-2024 оны өвлийн их ачаалалд их нэмэр болох учиртай.
Хэрвээ бид үнэ тарифаа зөв зохицуулж, эрчим хүчний зөв зохистой хэрэглээг бий болгож чадвал тодорхой хэмжээнд тохируулах боломж байдаг. Өглөө, оройн оргил цагт ямар нэгэн байдлаар балансжуулах, томоохон хэрэглэгчдээ арай өөр цагт ажиллуулах, ажиллах цагийн горимыг нь өөрчлөх зохицуулалтыг хийж болно.
-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д улсаас жилд хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ? Төсөвлөсөн хөрөнгө нь үйл ажиллагааны зардалд хүрэлцдэг үү?
-Урсгал болон их засварын ажилд 10 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүсгэвэр нь хязгаартай учраас ирүүлж байгаа саналуудын 60-70 хувийг хасаж, дотор нь эрэмбэлж, хөрөнгө мөнгөндөө багтааж тухайн жилдээ батлагдсан ажлуудыг 100 хувь хийж өвлийг давдаг.
Монтёрууд маань бээлийгээрээ, хувцсаараа шугам арчих тохиолдол их гардаг
Манай инженер, техникийн ажилчдаас “110 кВ-ын цахилгааны шугамын урсгал засварт 200 төгрөг хуваарилсан байна” гэдэг гомдол санал ирдэг. Инээдтэй ч юм шиг, гомдмоор ч юм шиг байгаа биз. Тоосжилт ихтэй цахилгааны шугамыг арчих материал авах гэхээр 200 төгрөг нь хүрдэггүй. Хөөрхий монтёрууд маань бээлий, хувцсаараа арчдаг. Гэхдээ алхам алхмаар өөрчлөгдөж байгаа зүйл ч бий. Бид өөрсдийн нөөц бололцоогоор мэдээллийн хяналтын системтэй болж байгаа. Ингэснээр 12 станцыг алсаас хянах боломжтой болох юм.
Гадаадын донор орнууд болон дотоодын эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө сольж байна. 220 кВ-ын хүчдэлийн түвшингийн хэмжүүрийн трансформатор, таслуурууд солигдсон. Хуучны тосон таслуурыг хийн таслуураар солих ажил дуусаж байна. Мөн хүчний трансформаторуудыг сольж байгаа.
Хамгийн тулгамдсан асуудал нь цахилгаан дамжуулах агаарын шугамууд болоод байна. Эдгээр шугамыг бид алхам алхмаар шинэчлэх хэрэгтэй. Шинэчилж хараахан чадахгүй байгаа шугамуудын заримынх нь дамжуулах чадварыг өөрчилж, сүүлийн үеийн алдагдал багатай утсаар солих техникийн ажлууд хийгдэж байна. Ингэж бага багаар солих замаар өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг хангахаас өөр арга алга.
Тендерийн хуультай холбоотойгоор зарим ажил саатаж байна
-Өвлийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
-Өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай хангагдаад байна. Үлдсэн ажил хийгдэхгүй байгаа нь Тендерийн хуультай холбоотой. Жишээлбэл, Дархан, Улаанбаатарыг холбосон 208 дугаар агаарын шугамын элемент солих ажил хойшилсон. Бид тендер зарлаад компаниа сонгодог ч компаниуд нь хоорондоо үл ойлголцсоны улмаас Сангийн яаманд гомдол гаргадаг. Хуулийн дагуу гомдлыг нь шийдвэрлэх гэсээр байтал цаг хугацаа алдаж намар, өвөлтэй золгоод ажил урагшлахгүй байна. Цаашид Тендерийн хуулинд өөрчлөлт оруулж, улсын чанартай ажлууд болон эрчим хүчний үндсэн тоноглолуудыг (шугамын тоноглол, хүчний трансформатор, генератор гэх мэт) шууд үйлдвэрээс нь худалдаж авах, ашиглалтын байгууллагууд угсарч хийх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй санагддаг. Ийм зохион байгуулалтыг алхам алхмаар хийвэл эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлэх бололцоотой болно.
Хүчний трансформаторт чанар маш чухал атал Тендерийн хуулиар хамгийн хямд үнийн санал өгснийг нь бид авч байгаа. Ихэнхийг нь Хятадаас авдаг учир тоног төхөөрөмжийн стандарт нь өөр. Үнэ хямд учир овор хэмжээ авсаархан, гэмтлийн гүйдлийн даах хэмжээ бага байдаг нь манайд тохирдоггүй.
Манайх хуучны үеийн тоног төхөөрөмжтэй. Түүнийгээ бүрэн шинэчилж чадахгүй, хэсэгчлэн шинэчилдэг учраас тохирдоггүй. Багахангайд өнгөрсөн хавар трансформатор нь гэмтээд 2-3 хоног цахилгаангүй болсон
Манайх хуучны үеийн тоног төхөөрөмжтэй. Түүнийгээ бүрэн шинэчилж чадахгүй, хэсэгчлэн шинэчилдэг учраас тохирдоггүй. Багахангайд өнгөрсөн хавар трансформатор нь гэмтээд 2-3 хоног цахилгаангүй болсон. Бид хаа байсан Мандалговиос трансформатор авчирч цахилгаан залгаж байсан. Иргэдийн утас нь цэнэггүй болж, харилцаа холбоо тасарч, эмнэлэг нь хүртэл хэцүү байдалд орж байгаа юм. Хэрэв ийм явдал олон давтагдвал хүн амын нягтаршил ихтэй газруудад асуудал үүснэ.
-Энэ салбарт олон залуус ажилладаг. Цалин мөнгө тааруу учраас олноор ажлаасаа гарч байгаа гэсэн. Танайх ямар байдалтай байна вэ?
-Залуучууд олноороо ажлаасаа гарч байна. Сурсан мэдсэнээрээ ажиллах гэхээр цалин бага учраас ар гэр нь хэцүүдэх гээд байдаг. Салбарын цалингийн доод хэмжээ 880 мянган төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгалаа хасуулна. Ганц бие хүн хүртэл амьдрахад бэрх цалинтай. Инженер нь нэг сая гаруй төгрөгийн цалин авдаг. Ийм бага цалингаар их ажлыг өдөр шөнөгүй хийж байна шүү дээ.
Аваар гарлаа гэхэд унтах эрх бидэнд байхгүй. Бид хоорондоо “Хамгийн зоригтой эр бол халуун хөнжлөөсөө дуудагдах” гэж хошигнож ярьдаг. Аваар гарсан үед өөрийнхөө унаагаар ирнэ. Цаана нь хэрэглэгч байгаа учраас бидэнд унтах эрх байхгүй.
Улсын компанид ажиллаж, их зүйл сурсан ажилчдыг уул уурхай компаниуд мөнгөөр цохиод авчихдаг. Тэднийг бага ч гэсэн тогтоож аргамжих арга бол цалин шүү дээ. Сүүлийн хэдэн жилд манайх орон сууцны дэмжлэг ажилчдадаа үзүүлж чадаагүй. Хашаа байшингийн дэмжлэг гэж гурван сая төгрөг л өгдөг. Бололцоо нь тэр. Хүн байхгүй бол техник нь байгаад ч ажиллахгүй шүү дээ.
Эрчим хүчний салбар нь ахмад, дунд, залуу үеийн холбоостой. Ахмад үе маань дунд үеэ боловсруулах, туршлагаа өвлүүлж үлдэх харин дунд үе нь залуу үеэ хамгаалах, ажил мэргэжилдээ дуртай болгох, бахархах сэтгэлийг нь төрүүлэхийг хичээж ажилладаг.
Бид айл бүрийн цахилгааныг асааж өгдгөөрөө бахархаж, хийж байгаа ажлаа үнэнчээр хийж, алдаа дутагдал гаргахгүйн төлөө ажилладаг.