Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд юу тусгав?

Энэ сарын зургаанд Монголбанкнаас валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн хүрээнд төслийн одоогийн зохицуулалт, өөрчлөх үндэслэл, шинэчилсэн найруулгын төсөл, нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагаварын тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Валютын зохицуулалтын тухай хууль анх 1994 оны тавдугаар сарын 12нд батлагдсан ба нийт дөрвөн бүлэг, 12 зүйл, заалттай. Хууль зүйн яамнаас 2009 онд энэ хуульд шинжилгээ хийсний “Эдийн засаг, санхүүгийн орчин, цар хүрээ, үйл явц өөрчлөгдөн тэлсэн тул хуулийн зарим зүйл, заалт хэрэгжих боломжгүй болсон. Иймд хуулийг өөрчлөх шаардлагатай” гэж үзжээ. Мөн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ам.долларыг “шүтэх” хэрэгцээ, сэтгэл зүйг багасгах зорилгоор хуулийг өөрчлөх шаардлага байгаа гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд онцлов.
Хэлэлцүүлгийн дараах асуулт, хариултын үеэр тавигдсан ихэнх асуулт банк бус санхүүгийн байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, бэлэн валютын захыг илүү ил тод болгохтой холбоотой байлаа. Иймд уг хуулиар валютын дотоодын захын зохицуулалтыг илүү тодорхой болгох, захын дэд бүтцийг улам хөгжүүлж олон улсын стандартад хүргэх зорилттой байгаагаа Монголбанкны удирдлагууд хэлэв. Хуульд орж байгаа гол өөрчлөлт нь валютын арилжааг биржийн болон биржийн бус зарчмаар явуулах. Ингэхдээ биржийн зохицуулалтыг Монголбанкнаас олгох ба гол зорилт нь Монгол Улсын валютын захын тогтолцоог ил тод болгож, хөгжүүлж олон стандартад хүргэх зорилттой байгаа аж. Ингэснээр энэхүү хуулиар ханшын хэлбэлзэл буурна гэж үзэж байгаа юм.