Валют хомс байна

Өдөр ирэх тусам валютын ханш чангарч байна. УИХ-аас ханшийг бууруулах, эдийн засагт таатай орчин бүрдүүлэх хуулиуд баталж байгаа ч үр дүнгээ өгөхгүй байсаар. Монголбанкинд ам.доллар өнөөдрийн байдлаар 1744 төгрөг болоод байна. Энэ нь он гарснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус дэвсгэртийн ханш өнгөрсөн сарын сүүлээр 1700-1720 төгрөгт хэлбэлзэж байв.

Валют арилжааны “Найман шарга” захад ам.доллар худалдан авах ханш 1750-1752, худалдах нь 1754 төгрөг байна. Харин юань 288-290 төгрөг болж өсөөд байна. Тус захын ченж С.Цэлмэгийн хэлж буйгаар ханш өнгөрсөн оны энэ үед одоогийнхоос бага байсан аж. Түүнчлэн ченж нар “Валют хомс, арилжаа муу байна. Үнийн өсөлтийг зохицуулах хэрэгтэй байгаа” гэлээ.

Валютын ханш ийн хяналтгүй өсч байгаа нь ард иргэдийн амьдралд ачаа болж ирж буй. Үүнд төрөөс тодорхой арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.