Виржинийн арлууд - татвараас зайлсхийх боломжгүй

Их Британийн харьяа Виржинийн арлууд нь гаднын компаниуд хамгийн ихээр төвлөрсөн орнуудын нэг бөгөөд энд 500 мянга орчим компани албан ёсоор бүртгэлтэй байдаг аж. Харин хүн ам нь ердөө л гучхан мянга.

АНУ-д татвараас зайлсхийхийг хориглох тухай хууль ирэх оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх нь. Тиймээс уг хуулийг дагаж мөрдөх талаар Виржинийн арлууд болон АНУ-ын холбогдох албаны хүмүүс уулзалт хийж байна. Энэ нь АНУ-ын зарим татвар төлөгчдийг хилийн чанадад тэр дундаа Виржинийн арлуудад эзэмшдэг хөрөнгийнхөө талаар мэдүүлэхээс өөр аргагүй байдалд оруулах аж.

Виржинийн арлуудын Ерөнхий сайд Орландо Смит дээрх асуудлаар АНУ-тай харилцан тохиролцох нь хамгийн үр дүнтэй арга гэж үзэж буй. Тэрбээр АНУ-ын Гадаад дансанд татвар ногдуулах тухай хууль (US Foreign Account Tax Compliance Law)-ийн талаар Вашингтонтой Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж байгаа талаар мэдэгджээ. Тус арлын хувьд гаднын компаниудыг бүртгэж, харьяалалдаа оруулсаар ирсэн нь гаднын бизнесмен, чинээлэг хөрөнгө оруулагчид өөрсдийн компанийн харьяаллаа уг арал руу шилжүүлж, улмаар үйл ажиллагаагаа явуулдаг улсдаа татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн Кайманийн арлуудын удирдлага өнгөрсөн долоо хоногт АНУ-тай харилцан тохиролцжээ. Үүнд АНУ-ын иргэд, оршин суугчдын тус аралд байршуулсан дансны мэдээллийг ил болгохоор шийдвэрлэсэн байна. Карибийн тэнгисийн харьяа Бахама, Бермуда арлуудын удирдлагууд мөн АНУ-ын холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлжээ.