Вьетнамын цөмийн цахилгаан станцад ОХУ хүч хаяна

Зүүн өмнөд Азийн улсуудын хувьд анхныд тооцогдох цөмийн цахилгаан станц байгуулах ажилд ОХУ-аас Вьетнам улсад есөн тэрбум ам.долларын зээл олгохоор болсон байна. Энэ талаар Вьетнамын Засгийн газрын харьяа Вьетнам Электрисит цөмийн энергийн хөгжлийн хорооны дарга Пан Мин Туан өнөөдөр “Bloomberg”-д утсаар өгсөн мэдэгдэлдээ “Барилгын ажлыг эхэлсний дараа нийт авах зээлийн хэмжээ тодорхой болно. Материалын үнээс шалтгаалан нийт зээл 8-9 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэх байх” гэв. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 28 жил байхын мэдэгдэв.

Өнгөрсөн жил Вьетнам улс ирэх 20 жилийн хугацаанд нийт 16,000 МВт-ын хүчин чадал бүхий 13 цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан. Уг мэдэгдэл Москвад төвтэй “Росатом” корпораци болон Хятадын “Гуандон” цөмийн энергийн группын анхаарлыг яахын аргагүй татжээ. “Дээрх төлөвлөгөөний эхлэл болох 2,000 МВт-ын хүчин чадалтай “Нин-Туан-1” нэртэй цөмийн цахилгаан станцын барилгын ажил 2014 онд эхэлнэ” хэмээн Пан Мин Туан хэллээ.

Энэ долоо хоногийн эхээр Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон уулзалтын үеэр дээрх зээлийн гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Вьетнам Электрисит (EVN)-д Оросын зүгээс Е4 групп, Энергопрожект (Energoproject Kiev Co.)-с хоёр жилийн хугацаатай цөмийн цахилгаан станцын талаар техникийн сургалтыг явуулах юм байна. Тус гэрээ нь нэг талаас цөмийн цахилгаан станцыг барьж байгуулах тал дээр хийгдсэн ч нөгөө талаас хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэж байгааг Вьетнамын Засгийн газрын веб сайтад онцлоод, 2015 он гэхэд хоёр орны худалдааг таван тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байгааг мэдэгдлээ.

“Нин-Туан-1” цахилгаан станц нь Вьетнамын өмнөд хэсэгт баригдах бөгөөд хоёр реактортой байна хэмээн EVN мэдэгдэв. Харин Пан Мин Туаны хэлж байгаагаар дараагийн цахилгаан станцыг Япон улсын тусламжтай байгуулахаар төлөвлөж байна. Японы Цөмийн энергийн корпораци (Japan Atomic Power Co.)-иас өнгөрөгч есдүгээр сарын 28-нд “Нин-Туан-2” цахилгаан станцын техникийн сургалтыг 18 сарын хугацаанд зохион байгуулахаар хоёр тэрбум иен буюу 26 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ. “Дээрх хоёр цахилгаан станц нь тус улсын нийт цахилгааны 4.5 хувийг хангах болно” хэмээн Вьетнамын шинжлэх ухаан, технологийн яамны дэд сайд мэдэгджээ.

Вьетнам улсаас өнгөрөгч оны наймдугаар сард цөмийн цахилгаан станц байгуулахад гадаад орнуудын тусламжийг нээлттэй хүлээж авахаа мэдэгдсэн бөгөөд энэ сарын 7-нд Сөүл хотноо болсон уулзалтын үеэр Вьетнамын ерөнхийлөгч Труон Тан Сан цөмийн цахилгаан станцын тал дээр Өмнөд Солонгостой хамтарч ажиллах, тус улсын технологийг ашиглахаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мүн Бактай ярилцсан байна.