Вэнь Зябао Хятадад бодлого хэрэгтэй байна гэв


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао Тяньжинд хийсэн айлчлалынхаа үеэр "Хятадын Засгийн газар дэлхийн эдийн засгийн эмх замбараагүй байдлаас улс орныхоо эдийн засгийг хамгаалахын сацуу инфляцыг хазаарлаж, түүнд тохирсон эдийн засгийн бодлого гаргах болно. Энэхүү бодлогын шийдвэрийг тохиромжтой цагт зөв гаргаж, мөнгөний нийлүүлэлтийг боломжийн хувиар өсгөх болно" хэмээн ярилаа. Мөн тэрбээр "Засгийн газрын хувьд инфляцыг хазаарлахад гол анхаарлаа хандуулсан хэвээр байх болно" гэж тэмдэглэв.

Тус улс 2011 онд тавьсан зорилтоосоо сар бүр даваад байсан үнийн өсөлтийг багасгахын тулд жил хүрэхгүйн хугацаанд таван удаа нэмээд байсан бодлогын хүүгийн хэмжээгээ долдугаар сараас хойш нэмэгдүүлээгүй байна.
Лондонд төвтэй “Капитал Экономикс” ХХК-ийн эдийн засагч Чинвэй Ванг өнгөрсөн жилд зээл олголтыг хязгаарлах зорилгоор Хятадын Ард түмний банкнаас гаргасан зээлийн хязгаарлалтын бодлогыг дурдан, Вэнь Зябаогын мэдэгдэл нь бидний бодож байсанчлан Хятадын Засгийн газар бодлогыг энэ оны сүүлчээр сулруулах гэж байгааг баталлаа хэмээн мэдэгдэв.


Мөн Вэнь Зябао "Дэлхийн эдийн засгийн хямралаас гарахын тулд Засгийн газарт эдийн засгийн өсөлтийн хурдасгагч хүч болсон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хангалтгүй байгаа"-г тэмдэглэжээ.

Өнгөрөгч долдугаар сард Хятадын инфляци сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн өндөрт буюу 6.5 хувьд хүрээд байсан бол есдүгээр сарын байдлаар ялимгүй буурч 6.1 хувь болсон байна.
Засгийн газраас үнийн хяналтыг бэхжүүлж, хоол хүнсний хангамжийн асуудлыг бататгах хэрэгтэй. Ард түмэнд зарцуулж байгаа хөрөнгө тэдний амьдрах нөхцөлийг сайжруулахад чиглэгдэж, зээлийн бодлогодоо Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн үйлдвэрлэлийг санхүүжилтээр дэмжихэд гар татахгүй байх хэрэгтэй” хэмээн Вень Зябао онцоллоо.