В.Путиныг 20 мянга гаруй иргэн эсэргүүцэж, 1000 гаруй нь саатуулагдлаа

В.Путиныг ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эсэргүүцсэн жагсаалын үеэр өчигдөр цагдаа нар 550 хүнийг баривчилсныг BBC мэдээлэв. Энэ үеэр сөрөг хүчний удирдагч Алексей Навальни ч мөн баривчлагдсан байна. Үүнээс гадна Санкт-Петрбург хотод 800 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа нар 300-аад хүнийг баривчилсан байна. В.Путины ялалтыг гадаадын улс орнууд хүлээн зөвшөөрч буй боловч ажиглагчид санал хураалтад түүний нөлөө их орсон гэж үзэж байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон В.Путинтай утсаар хоёр улсын хоорондох харилцаанд учирч буй саад бэрхшээлийг гэтэлгэж, улс төр, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаар хүлээж буйгаа мэдэгдсэн гэнэ.

Харин АНУ болон Европын холбоо Оросын Засгийн газраас сонгууль шударга болж өнгөрсөн эсэхийг мөрдөн шалгахыг уриалжээ. Учир нь Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальни ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Орос орныг хулгайч, луйварчин удирдах болж байна гэж мэдэгдсэн юм. Өчигдөр буюу даваа гаригт Москва хотын Пушкины талбайд болсон В.Путиныг эсэргүүцсэн жагсаалд 20,000 гаруй хүн оролцсон байна. Орост В.Путиныг эсэргүүцсэн жагсаалаас гадна түүнийг дэмжигчдийн хөдөлгөөн өрнөсөн аж. В.Путины албаны хүмүүс сонгууль булхайтай болсон гэх мэдэгдлийг эрс няцааж байна. В.Путин ирэх тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авч, 2018 он хүртэл энэ албыг хаших юм. ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу В.Путин улиран сонгогдож, дахин зургаан жил бүрэн эрх эдлэх эрхтэй. Гэхдээ шинэ ерөнхийлөгчийг сонгууль будлиантуулсан гэх 6000 гаруй гомдол Сонгуулийн хороонд ирээд байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр одоогийн байдлаар ОХУ-д 1000 гаруй иргэнийг жагсаал, цуглааны үеэр үймээн дэгдээсэн хэмээн саатуулаад байгаа аж.