В.Путин шиг авлигатай тэмцэгч Ерөнхийлөгч хэрэгтэй байна


“Путин бол ажилсаг тахиа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэ­рэг эрхлэх газрын дарга асан Бородин.П.П хэлсэн юм. Тэр бас жинхэнэ удирдагч, ард түмнийхээ хайртай хүү нь хэмээн нэмж тодотгов. Харин Оросын ард иргэд энэ тодорхойлолттой санал нэгтэй байх юм. Манай Ерөнхийлөгч ухаантай, эх орон, ард түмнийхээ төлөө өдөр шөнөгүй, зогсолтгүй ажилладаг хүн. Бид харж байна, тиймээс түүнийг ард түмэн сонгодог, бас хайртай байдаг юм хэмээн тайлбарлах олон орос хүнтэй таарсан билээ.

Путин нэгдүгээрт, эх орноо нэгтгэн хүчирхэгжүүлэхийн төлөө, хоёрдугаарт, авлигын эсрэг, гуравдугаарт, эдийн засгийн хөгжлийн төлөө бодитой эерэг ажлууд хийж байна. Үр дүн нь нүдэнд ил байна хэмээн хойд хөршийн улс төр, бизнес, жирийн хүмүүс ярьж байна. Ард түмнээсээ ийм бодитой үнэлгээ авдаг улстөрч, удирдагч тун ховор шүү дээ.

П.Бородины хувьд Путинээр бахархдаг, учир нь түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллах эхний саналыг тавьсан гэдэг. Улмаар Путинийг Ерөнхийлөгчид зургаан сарын туршид бэлтгэсэн хүн нь гэж өөрийгөө үздэг. Улстөрчид бол эдийн засгийн, мөн харилцааны сайн менежер байх ёстой. Путин бол эдийн засгийн сайн менежер юм гэж тэрбээр ярив.

ОХУ-д томилолтоор ажиллах үед улстөрч П.Бородинтой уулзаж ярилцах завшаан ийн тохиосон юм. Бид түлхүү Ерөнхийлөгч, авлигын сэдвээр ярилцсан бөгөөд улс орныг авч явах, нүүр царай болох улсын тэргүүнийг маш нарийн шалгуур, шүүлтүүрээр шүүн, бас багагүй хугацаанд бэлтгэж байж гаргаж ирдэг гэдгийг онцолж байв. Жинхэнэ сайн Ерөнхийлөгч, улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг нэгд тавьж, авлигатай тууштай, зоригтой тэмцэж чаддаг гэдгийн тод жишээ бол В.Путин хэмээн тэрбээр бахархалтайгаар ярилаа.

Бородин Павел Павелович:
Зөвлөлт Оросын төрийн зүтгэлтэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дарга (1993- 2000).
Орос, Беларусийн Холбооны улсын Төрийн нарийн бичгийн дарга (2000-2011)-аар ажиллаж байсан.

2014 оноос хойш Евро-Азийн Ажил хэрэгч холбооны Удирдах газрын даргаар ажиллаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч авлигатай тэмцэх өөрийн аргатай. Шоронч Ерөнхийлөгч гэж бас хэлдэг гэнэ. Гэхдээ тэр бүгдийг шорон руу явуулдаггүй юм байна. Нийт хүмүүст сануулга өгөх үүднээс зарим нэг том авлигачийг хатуухан шийтгэж, шоронд хорьдог бол нөгөө хэсэгтэй илэн далангүй ярилцдаг аж. Тухайлбал, би таныг 10 сая рублийн авлига авсныг мэднэ, татвараас зугтсаныг мэднэ, талыг нь улсдаа тушаа, үлдсэнийг нь өөртөө үлдээ, аль аль талдаа ашигтай гэх ийм хувилбараар тэмцсэн нь ихээхэн үр дүнд хүрсэн байна.

Путин сайн багтай, тэр баг авлигачдын мэдээллийг маш нарийн цуглуулж, судалж, анализ хийж өгдөг гэнэ. Өнөөдөр оросууд Путины отогч нохдын хараанаас мултрах аргагүй гэж ярьцгаах болж. Энэ л үг түүнийг авлигатай хэрхэн тэмцэж буйг тодхон харуулна.