Гадаадад гайхагдсан монгол чадвар

Дэлхийн өндөр хөгжилтэй зарим оронд Монголын авъяаслаг залуус хөгжлийнх нь түлхүүрийг атгалцаж явна гэж хэлж болно. Энэ удаа манай сэтгүүл эдгээр залуусын төлөөлөл болох БНСУ-аас эх орондоо ирээд удаагүй байгаа нэгэн залуугийн тухай өгүүлье. Б. Хашбаатар БНСУ-ын “Хуа шин жон милл” компанид 3D программ дээр ажиллаж захиалагч компаниудын тавьсан шаардлагын дагуу бүтээгдэхүүний анхны загварыг хийдэг байжээ. 3D гэдэг нь одоо манайхны хэрэглэж байгаа AutoCAD гэдэг барилга, зам, гүүр гэх зүйлсийн загвар гаргадаг программын хамгийн сүүлийн үеийн нийлэг хувилбар юм. Одоогийн байдлаар энэ программыг дэлхийн хөгжингүй орнууд болох Америк, Герман, Швецарь, Япон, БНСУ зэрэг орон хэрэглэдэг ажээ. 3D технологиор үзэг, ундааны сав, гар утасны эх бие, таны хэрэглэж байгаа комьпютер, унаж яваа машины загвар гээд ер нь төмөр, хуванцар, хайлшаар хийж болох бүх л зүйлсийн эх хувилбарыг хамгийн алдаа багатайгаар программчлаад тухайн бүтээгдэхүүний анхны загварыг гаргах хүртэлх бүхий л ажиллагааг хийдэг юм байна. Харин дараа нь захиалагч гаргасан загварыг аль нэг үйлдвэрт аваачин олшруулаад л болоо. БНСУ-д одоогоор 3D программыг ашигладаг хоёр томоохон үйлдвэр байдаг бөгөөд бидний хэзээний танил болсон “Sony”, “Samsung”, “Toyota”, “Apple”- гээд олон компаниуд захиалга өгдөг ажээ. Харин уг үйлдвэрт тухайн программ дээр ажилладаг үндсэн хоёр ажилтан байдаг нь хоёулаа монгол хүн гэвэл итгэх үү? Тэдний нэг нь Б.Хашбаатар юм. Үүнийг сонсоод бахархах сэтгэл төрснөө нуух юун. Түүний хэлснээр гадаадад яг энэ программ дээр ажилладаг дөрвөн монгол хүн байдаг гэнэ. Нэг нь түүнтэй хамт БНСУ-д, нөгөө хоёр нь Америкт ажилладаг юм байна.

2008 оны олимпын үеэр БНХАУ 3D программ дээр ажиллах хүчийг бэлтгэх зорилгоор Б.Хашбаатарын Солонгос дахь гарын шавь нараас нь урилгаар аваачиж хичээл заалгажээ. БНСУ-ын томоохон техникийн дээд сургуулиудыг төгссөн оюутнууд дээрх программ дээр ажиллахын тулд 1-2 жил тухайн компани, үйлдвэрт дадлага хийсний дараа тодорхой чадвартай болдог бөгөөд тэдний цөөнгүй оюутан манай хоёр залуугийн шавь болж ажиллах ур чадвар эзэмших нь бий.

Гаднын орнууд зах зээлийн томоохон өрсөлдөөний талбарт хүч үзэж байгаа болохоор маш бага зүйлийг өрсөлдөгч талдаа зааж өгдөг. Тухайлбал БНХАУ-д энэ программын талаарх ойлголтыг солонгосчууд өгөхдөө хэдхэн дадлагын оюутнууд явуулах жишээтэй. Манай урд хөрш 3D программыг анхлан суралцагч болоод ч тэрүү зарим бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангадаггүй байна. Хамгийн энгийн жишээ гэхэд зарим ундааны савны ёроолд гар урах нь холгүй зүйл тэмтрэгдэх нь бий. Аль эсвэл хуванцар эдлэлийн гадна тал бохир байх тохиолдол байдаг даа. Энэ нь 3D программыг дутуу эзэмшсэний гай ажээ. Өндөр зэрэглэлийн захиалагч компаниуд энэ төрлийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин манайд энэ программ бүрэн хэмжээнд орж ирээгүй учраас монголчууд, Хятадад өгсөн үнэ хямд, чанар муу захиалгаа хэл үггүй хүлээж авахаас аргагүй. Хэрвээ чанартай бүтээгдэхүүн хийлгэх юм бол энэ нь харьцангуй өндөр үнэтэй гарна. Энэ төрлийн жижиг, дунд үйлдвэр байгуулчихвал манайд ихээхэн ач тустай. Хамгийн наад зах нь хогны савнаас эхлээд, үзэг бал, ундааны сав, гээд бүх л зүйлийг урд хөршөөсөө захиалан авах хэрэггүй болно гэсэн үг. Дээрээс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй. УИХ-ын гишүүд маань сонгуулийн үеэр Хятад эсвэл хаа байсан Солонгосыг зорьж өөрсдийнхөө нэртэй үзэг, цаг зэргийг хийлгэдэг. Хэрвээ эх орондоо ийм үйлдвэртэй болчихвол амар юм сан. Ер нь дэлхийн хөгжингүй орнууд энэ төрлийн салбараа ихээхэн анхаарч эдийн засгаа хүчтэй дэмжиж байна. Байгалийн баялаг гэхээсээ илүү дэлхий нийт оюуны баялгаа дэмжээд түүгээрээ ашиг олоод хөгжөөд байгааг анзаарч хардаг л байлтай.

Б.Хашбаатарыг “Хуа шин жон милл” компанид яаж орсон тухай нь сонирхоход тэрбээр анх Монголоос “Олон улсын зуслангуудын холбоо”-ноос зохиосон залуучуудын чуулга уулзалтад оролцох гэж БНСУ-ыг зорьсон гэнэ. Тухайн үед тэндээ хууль бусаар үлдсэн гэдгээ нуусангүй. Эхний нэг жил пицца зөөхөөс эхлээд аяга таваг угаах хүртэл олон ажил хийж байгаад энэ ажлаа олжээ. Уг компанид анх туслах ажилтнаар орсон байна. Тэрбээр яван явсаар одоогийн түвшинд хүртлээ өсөн дэвжжээ. Хүн л болсон хойно алдаа мадаггүй ажиллана гэдэг хэцүү. Б.Хашбаатар нэг удаа нэлээд томоохон захиалга дээр ажиллаж байгаад алдаа гаргаж үйлдвэрийнхээ гол тоног төхөөрөмжийг эвдчихэж. Тэрбээр их өрөнд орохоо мэдээд зугтах талаар бодоод амжжээ. Гэтэл байдал эергээр эргэж үйлдвэрийн захиргаа нь сануулга өгөөд “Сайн ажилтан учраас харж үзье, дахин ийм алдаа битгий гаргаарай” хэмээн уучилсан байна. Тэр өдрөөс хойш Б.Хашбаатар бүтэн долоон жил нэг ч алдаа гаргалгүй ажиллажээ. Эндээс харахад, түүний хэр сайн ажилтан болох нь тодорхой байна. Тэрбээр Солонгост ажиллаж байхдаа сард хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг бөгөөд байгууллагаас нь хоол, унаа, байрны мөнгийг нь гаргаж өгдөг байж. Хэдийгээр Солонгост хангамж сайн байдаг ч гэсэн сурсан мэдсэнээ эх орондоо зориулах хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн Монголдоо ирсэн нь энэ. Гэтэл гаднынханд үнэ цэнэтэй монгол хүүгээ эх орон нь тоохгүй байгаа нь харамсалтай. Тэрбээр “Миний сурч мэдсэн дэлхий нийтийн жишигт нийцсэн мэргэжил эх оронд минь үнэгүйдэж байна ш дээ. Буцаад Солонгост очиж л ажилладаг байх даа” хэмээн гунигтайгаар өгүүлнэ. Энэ мэт чадварлаг боловсон хүчнээ Монгол Улс гаднынханд алдсаар байх гэж үү?

Б.Хашбаатар эх орондоо томоохон зорилго өвөртлөн иржээ. Сурсан мэргэжлээрээ цаг алдалгүй эх орондоо ажиллах төлөвлөгөөтэй байж. Гэтэл манайд энэ программын сүүдэр нь ч алга байгаа нь түүнийг ихээхэн бухимдуулжээ. Харин манайх дэлхий нийтийн хэрэглээнээс хэдийнэ “шахагдаад” байгаа AutoCAD программын хуучин хувилбарыг нь хэрэглэж байна. Б.Хашбаатар сурсан мэдсэнээ эх орондоо ажил хэрэг болгочих санаатай цөөнгүй байгууллагад хандсан хэдий ч энэ программын талаарх мэдлэг туйлын дутмаг байгаа нь ажиглагджээ. Том дарга нар нь ч сайн мэдэхгүй байна гэсэн юм. Мөн энэ төрлийн жижиг, дунд үйлдвэр байгуулах тал дээр санаа дэвшүүлсэн боловч ойшоох хүн олдоогүй гэнэ. Бас “Хэнд ямар арга замаар хандах ёстой гэдгээ сайн мэдэхгүй болохоор хэцүү байна л даа” хэмээн учирласан юм. Сүүлийн үед манайхан дээр доргүй инновацын талаар ярих болсон. Шинэ бизнес санаа, мэдлэг чадвартай боловсон хүчин, эрэлт хэрэгцээ хаана байна гэж хайдаг, шаарддаг болжээ. Тэгвэл таны хайж байгаа тэр бүх шаардлага чинь нэг дор байна.

Эх орон, ижий, аав, эхнэр, хүүхдийнхээ дэргэд элэг бүтэн ажиллаж, амьдрах хүсэлтэй залуус олон байгаа. Сайд, дарга нар хэлэхдээ эх орноо гэсэн хүн алга байна буцаад ир гэдэг. Эх орноо гэсэн монгол хүн олон байна. Харин иргэдээ харж үзэх эх орон, төр алга байгаа нь харагдаж байх шиг. Гаднын орнууд боловсон хүчнээ бэлтгээд, ажлын байрыг нь би болгож өгөөд, хангалттай хэмжээний цалин хөлсөөр нь хангадаг. Харин манайд эсрэгээрээ байх юм. Монголын залуус оюуны болоод бие махбодийн хөдөлмөрөө гаднынханд ашиглуулж байгаа нь хэтэрхий харамсалтай санагдана. Ёстой нөгөө “Бурхан төрсөн газраа үнэгүй” гэдэг шиг монгол хүн Монголдоо үнэлэгдэхгүй байна. Энэ байдлаараа байх аваас Монгол Улс гэрлийн хурдаар хөгжиж буй гаднын орнуудын хойноос яст мэлхийн хурдаар мөлхсөөр л . . .

Хэрвээ томоохон байгууллага, аж ахуйн нэгж 3D программын талаар сонирохвол ашигтай санагдана. Тэр тусмаа төрөөс бодлогоор дэмжих л зүйл байлтай. Ажлын байр бий болгоно гээд л байдаг хэрхэн бий болгох нь одоо ч тодорхой бус байна. Эх орны минь хөгжил доогуур байна гэж дээгүүр суудалтай томчууд үргэлж ярьдаг. Бид хөгжлийн шинэ гарц оллоо гэдэг. Гэтэл тодорхой үр дүн харагдахгүй л байна. Харин зөв боловсон хүчнээ, зөв салбараа, зөв арга замаар дэмжээд өгвөл Монгол Улс үйлдвэрлэгч орон болоход ойрхон байна.