Гадаадын элч төлөөлөгчид санаа зовж байна

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар Гадаад харилцааны сайдтай хүсэлт гарган уулзлаа. Тэд зорилгоо тайлбарлахдаа УИХ-ын сонгуулийн өмнө ба хойно гадаадын хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүссэнээс гадаад түншүүд болгоомжилсон, эргэлзсэн байдалтай байгаад гуравдахь хөрш гэгддэг түнш орнуудын хувьд санаа зовниж буйгаа онцложээ. Эл байдал удаан үргэлжилбэл гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурах тул мэдээлэл солилцож, шинэ Засгийн газрын үйл ажиллагааг хөрөнгө оруулагчдад зөвөөр ойлгуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
ГХЯ-ны сайд Л.Болд
Канад Улсын Элчин сайд Г.Гоулдхок
АНУ-ын Элчин сайд П.Кэмпбелл
Япон Улсын Элчин сайд Т.Шимизү
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ж.Пиерсон
Австрали Улсын Ерөнхий Консул Д.Лоусонг ГХЯ-нд хүлээн авч уулзжээ.
Түүнчлэн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчин тэр дундаа Оюутолгой төслийн гэрээг гадаадын хөрөнгө оруулагчтай сайтар хэлэлцсэний үндсэн дээр үзэглэсэн, оролцогч талууд харилцан ашигтайгаар байгуулсан үлгэрлэхүйц гэрээ хэмээн онцлосон байна. УИХ-аар хэлэлцэн батлах гэж буй Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд Оюу толгойн гэрээний заалтад тус ордын орлогыг нэмэгдүүлэхээр тусгаж буй нь уг гэрээг хөндөх нь, улмаар гадаадын хөрөнгө оруулалтын хууль зүйн тогтвортой байдалд эргэлзээ төрүүлэх үр дагавартайг уламжлан, анхааралдаа авахыг хүссэн байна. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад багагүй уршиг учруулахаас гадна эдийн засгийн огцом өсөлт сааруулж, ардчиллын зарчмуудыг дээдэлсээр ирсэн Монголын олон улс дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтайг мөн сэрэмжлүүлж байлаа.
Үүний хариуд сайд Л.Болд гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжил, өсөлтөд урьдын адил чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлоод ДТГ-ын Тэргүүн нарын байр суурь, дэвшүүлж буй саналыг Засгийн газарт уламжлахаа мэдэгдсэн юм.
ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс