Гадаад худалдааны алдагдал 7.4 дахин нэмэгдлээ

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны зургадугаар сарын 15-ны байдлаар 4.1 тэрбум ам.доллараас давсан нь өмнөх оны мөн үеэс 82.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ хугацаанд гадаад худалдааны алдагдал жилийн өмнөхөөсөө 7.4 дахин өсөж, 566.6 сая ам.долларт хүрчээ. Эрдэс баялгийн салбар хөгжиж буйтай холбоотойгоор хүнд машин механизм, тоног төхөөрөмж, түлш, шатахууны импортын хэмжээ огцом нэмэгдсэн нь худалдааны алдагдал өсөхөд голчлон нөлөөлж буй. “Бид алдагдал гэхээсээ илүү үүний үр дүнд үйлдвэрлэл хэр их эрчимжиж байгааг харах ёстой. Учир нь, тоног төхөөрөмж оруулж ирснээр үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгож, эдийн засагт эергээр нөлөөлдөг юм” хэмээн Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатар “Mongolian Economy” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тайлбарласан билээ.

Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өндөр байгаагийн зэрэгцээ Монголд ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдэж байгаа боловч сүүлийн үед гадаад валютын ханш өсөх хандлагатай болоод байна. Өнгөрсөн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 15-ны хооронд Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2.9 хувиар, юанийнх 3.2 хувиар чангарсан байгааг хүснэгтээс харна уу. Гадаад худалдааны алдагдал нэмэгдэж байгаа нь ханшийн хэлбэлзэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байх талтайг зарим мэргэжилтэн тайлбарлаж байгаа юм.

UBIBOR 0.71 хувиар өсөв

UBIBOR тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд 0.71 хувиар өссөн нь арилжааны банкуудын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө буурсантай холбоотой. Энэ хугацаанд арилжааны банкууд 300 гаруй тэрбум төгрөгийн зээл нэмж гаргасан бөгөөд ингэхийн тулд Төвбанкны үнэт цаасанд байршуулсан хөрөнгөө 200 тэрбумаар багасгасан байна. Түүнээс гадна тавдугаар сард гаргасан Засгийн газрын 72 тэрбумын бондноос зарим банк худалдан авсан нь системийн хувьд төгрөгийн үлдэгдлийг нь бууруулжээ. Дээр дурдсан шалтгаануудын улмаас арилжааны банкууд банк хоорондын захаас зээл авах хүүгээ нэмэгдүүлсэн байна.

Топ 20 индекс 5.3 хувиар буурчээ

2010 онд 138 хувиар өсөж, рекорд тогтоож байсан Топ 20 индекс хаврын эхэн сараас унаж эхэлсэн билээ. Өнгөрсөн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 15-ны хооронд уг индекс 5.3 хувиар доошилж, 19430.3 нэгж болоход “Тавантолгой”-н хувьцааны ханш 11.4, “Шарын гол”-ынх 17.6 хувиар хямдарсан нь голчлон нөлөөлжээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын хөрөнгийн биржид 335 компани бүртгэлтэй байдаг боловч 30 томоохон компанийн үнэлгээ тус биржийн нийт зах зээлийн үнэлгээний 94.1 хувийг бий болгодог аж.

MMC Баруун наран уурхайд ажиллана

Хонконгийн хөрөнгийн биржээс өнгөрсөн аравдугаар сард 750 сая ам.доллар босгосон “Mongolian mining corp” (MMC буюу бидний мэдэхээр “Энержи ресурс”) Баруун наран нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулах гэж байна. Уг ордыг өөрийн болгохын тулд MMC нь 464.5 сая ам.доллараар “Kerry Holdings”-ийн салбар компани болох QGX-тай гэрээ хийжээ. Ингэхдээ 379.5 сая ам.долларыг бэлнээр, 85 сая ам.долларыг хувьцаанд хөрвөх эрх бүхий бондоор худалдан авах тухай “Bloomberg” мэдээлэв. “Kerry Holdings” нь QGX-ийн 90 хувийг эзэмшдэг бол үлдсэн 10 хувь ба хяналтын багц нь MMC-ийн мэдэлд байдаг аж.
“Ихээхэн хэмжээний коксжих нүүрсний нөөцтэй Баруун наран уурхайг эзэмшсэнээр тус групп бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн орлогын үүсвэрээ нэмэгдүүлнэ” хэмээн MMC-ийн удирдлага мэдэгдсэн байна. Түүнчлэн олборлолт болон тээвэрлэлтийн дэд бүтцээ хамтран ашиглах давуу талтай тухай тайлан дээрээ дурджээ.
Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг MMC-ийн үнэт цаасны ханш өнгөрсөн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 15-ны хооронд 0.4 хувиар өсөж, 1.21 ам.доллараар үнэлэгдэж буй. Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ эдүгээ 4.6 тэрбум ам.долларт хүрээд байгаа билээ.

Зэсийн үнэ өндөр хэвээр

Лондоны металлын бирж дэх тонн зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 15-ны хооронд таван хувиар өсөж, 9147 ам.долларт хүрсэн байна. “Нөхцөл байдал ийм хүнд байхад металлын ханш өндөр хэвээр байгаа нь гайхалтай” хэмээн “Olympus Futures” компанийн ахлах шинжээч Чарльз Недосс онцолсныг http://www.metaltorg.ru цахим хуудсанд мэдээлжээ.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай урд хөршийн зэсийн импорт жилийн өмнөхөөсөө 21 хувиар, тавдугаар сард бүр 36 хувиар огцом буурсан. Дэлхийн зах зээл дэх үнэ хэт өндөр байгаагаас хятадууд металл худалдан авахаасаа илүү хуримтлуулсан нөөцөөсөө ашиглаж эхэлснийг мэргэжилтнүүд тайлбарласан байна. Үүний хажуугаар Хятадын Төвбанк инфляцитай тэмцэх зорилгоор мөнгөний бодлогоо үе шаттайгаар чангаруулж байгаа нь зэсийн үнэд сөргөөр нөлөөлнө хэмээн шинжээчид таамаглаж байв. Дэлхийн нийт зэсийн хэрэглээ 18 орчим сая тонн байдгийн 30 хувийг хятадууд дангаараа хэрэглэдэг учраас урд хөрш яах аргагүй зах зээлд нөлөөлөхүйц тоглогч юм. Түүнчлэн Европын өрийн хямрал, Грекийн санхүүгийн асуудал хүнд байгаа нь металлын зах зээлд муу үр дагавартайг зарим мэргэжилтэн сануулж буй. Гэвч энэ бүхнийг үл харгалзан Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ өндөр хэвээр байгаа нь нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой байж мэдэх аж.
Чилийн зэсийн уурхайнуудын хүдрийн чанар муудаж, үйлдвэрлэлийн хэмжээ багасаж байгаа бөгөөд “Рио Тинто”-гийн энэ жил гаргах зэсийн хэмжээ өнгөрсөн оныхоос доогуур байх тухай мэдээлэл цацагдсан билээ. Уурхайчид хурдан хугацаанд хангалттай үйлдвэрлэл явуулж чадахгүй байгаагаас дэлхий нийтэд зэсийн хомсдол үүснэ гэж өнгөрсөн зургадугаар сарын эхээр “Goldman Sachs Group” мэдэгдсэн аж. Тэгвэл “Barclays Capital”-ын шинжээчид “улаан металл”-ын хомсдол энэ онд жилийн өмнөхөөсөө хоёр дахин өсөж, 822 мянган тоннд хүрэхийг анхааруулсан удаатай. Зэсийн хомсдол нүүрлэх аюул байгаа учраас үнэ өндөр хэвээр байна хэмээн зарим шинжээч дүгнэж буй.
Дэлхийн зах зээл дэх зэсийн ханш өндөр байгаа учир уурхайчид, үйлдвэрлэгчид нэлээд шамдуу ажиллаж байгаа юм. Чилийн “Коделко” ирэх таван жилд шинэ уурхайнууд ашиглалтад оруулахын тулд 15 тэрбум ам.доллар зарцуулна хэмээн мэдэгдсэн бол монголчууд 2012 он гэхэд Оюутолгойн уурхайгаа ажиллуулчих гээд үзэж байх жишээтэй. Харин Хятадын цэвэр зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн тавдугаар сард 10 хувиар нэмэгдэж, 439 мянган тоннд хүрчээ. “Түүхий эд хангалттай, бүтээгдэхүүний үнэ өндөр байна, тэгэхээр зэс хайлуулах үйлдвэрүүд бүх хүчээ дайчлах нь лавтай шүү дээ” хэмээн Хятадын трейдер ярьсныг http://www.metaltorg.ru цахим хуудсанд онцолсон байна. Үүний хажуугаар энэ оны хоёрдугаар хагаст хятадууд жилдээ нэг сая тонн цэвэр зэс гаргах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулах төлөвтэй буй аж. “Ойрын саруудад Хятадын зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа” хэмээн “Bohai Futures” компанийн шинжээч Ю Хай Жиан ярьсныг “Bloomberg” дамжуулсан юм.