Газар чөлөөлөх асуудал тулгамдаж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Нийт 50 гаруй барилгын компаниудаас шалгарсан 15 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын гүйцэтгэлийн талаар танилцууллаа.

Нийслэл есөн дүүрэг 152 хороотой. Үүнээс 14 хороо алслагдсан дүүрэгт байдаг бол 106 хорооны 180 гаруй мянган айл гэр хороололд амьдарч байна. Энэхүү төвлөрөл нь замын түгжрэл, агаарын бохирдол, тоосжилт, хөрс, усны бохирдлын эх үүсвэр болж байгаа учраас гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцжуулах хөтөлбөр хөрсөнд бууж ажил хэрэг болсоор багагүй хугацаа өнгөрлөө.
НЗД-ын 2013 оны А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч компаниудыг шалган, иргэдээс дэмжлэг авах ажлыг 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Нийт 32 төсөл хэрэгжүүлэгч компани шалгарснаас 16 хувийн хэвшлийн компани батламжаа гардан авчээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зургаан жилийн хугацаанд хийхээр төлөвлөөд байгаа. Мөн хэсэгчилсэн төлөвлөлт, дэд бүтцийн ажлыг энэ жилээс давхар эхлэх аж.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат “Аж ахуйн нэгжүүдийн өгч байгаа тоогоор 2014 онд нийт 5000 орчим орон сууцанд 15 орчим мянган иргэн орох боломж бий. Цаашид орон сууцжуулж барилгын ажил үргэлжлүүлэх нөхцөл бололцоо байгаа” гэлээ.
Иргэдийн оролцоотойгоор газар зохион байгуулалт, төлөвлөлтийг хэрэгжүүлж барилга байгууламж барихдаа тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс заавал санал авч байгаа. Мөн зарим барилгын компани газар чөлөөлүүлэхийн тулд түрээсийн байранд өөрсдийн хөрөнгөөр байлгах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тэгэхээр газар чөлөөлүүлэх нь тэдний тулгамдсан асуудал болоод буй аж.
Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг “Гэр хорооллыг орон сууцжуулах хувийн хэвшил, төр, иргэд гэсэн гурван талыг хамарсан хөтөлбөр учир амар ажил биш. Гэсэн ч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрмэлзлэл их учраас ажлын явц сайн байгаа” гэв.
Барилга барих, үргэлжлүүлэх, газрын эрх олгох, сунгах зэргийг багтаасан цогц журмыг энэ пүрэв гаригт НИТХ хэлэлцэн батлах аж. Ингэснээр бүтээн байгуулалтын ажлыг тодорхой хугацаагаар хурдасгах боломжтой гэсэн.