“Газпром”, “Роснефть” - хойд тулд хайгуул хийнэ

Дэлхийн байгалийн хий олборлогч хамгийн том компани болох “Газпром” энэ оны сүүлээр Хойд мөсөн далай дахь Сибирийн тэнгисийн эргийн гүехэн хэсэгт байгалийн хийн хайгуул хийх болжээ. Энэ талаар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдэв. Тус компанийн зүгээс нийт 20 газарт хайгуул хийх хүсэлт гаргасны дагуу тус улсын Засгийн газар одоогоор Баренц болон Карскийн тэнгист 17 газарт хайгуул хийх лиценз олгоод байгаа аж.

“Газпром”-оос гадна “Роснефть” компани мөн хойд туйлд хайгуул хийх зөвшөөрөл авчээ. Олон компани өрсөлдсөний эцэст тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев уг хоёр компанийг сонгож, хойд туйлд өрөмдлөг хийх ажлыг хамтран гүйцэтгүүлэх нөхцлөөр зөвшөөрөл олгосон байна.

ОХУ-д байгаль орчинтой холбоотой стандарт, журам тун тааруу мөрдөгддөг тул дээрх хоёр компани хайгуулын ажлаараа барууны компаниудад найр тавин, боломжоор хангах нь ойлгомжтой болжээ. Тухайлбал, “Газпром” “Total” газрын тосны олон улсын компанитай, харин “Роснефть” Норвегийн “Statoil” болон “Shell” гэсэн газрын тосны компаниудтай тус тус хамтран ажиллахаар болжээ.

ОХУ-ын Засгийн газраас тус хоёр компанийг Сибирийн тэнгис дэх газрын зурагт багтаагүй усыг олж илрүүлэн, үр дүнтэй ажиллуулах зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг шаардсан байна. Тус улсын хувьд хамгийн томд тооцогдох “Лукойл” газрын тосны компани уг бүс нутагт хайгуул хийх боломж олдоогүй боловч Каспийн тэнгист аль хэдийнэ хайгуул хийгээд эхэлсэн аж.

Өнгөрсөн сард “Газпром” компани Баренцийн тэнгист хэрэгжүүлж буй төслөө зогсоожээ. Энэ нь шинэ, илүү сайн технологитой болох хүртэл уг төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэнтэй холбоотой бөгөөд үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхэд бэлэн бус байгаа гэж мэдэгдсэн байна. Тус компанийн бие төлөөлөгч Сергей Куприянов “Бид илүү үр дүнтэй, эсхүл бага зардалтай технологи гарч иртэл аль эсхүл зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл хүлээж байгаа” гэжээ.

Хойд туйлд хайгуул хийж эхэлснээр “Газпром” компани жилийн үйлдвэрлэлээ 2020 он гэхэд 100 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байгаа боловч энэ нь өсөн нэмэгдэж буй нийлүүлэлт гол хэрэгцээгээ хангаж чадах болов уу гэсэн эргэлзээг үүсгээд буй. Учир нь ОХУ-ын хамгийн гол зах зээл болох Европ байгалийн хийн хэрэгцээгээ илт бууруулах болсон юм.